Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Southgobi Resources” компани дефолт зарлажээ

Үндэсний шуудан сонин
2018 оны 11 сарын 22
Үндэсний шуудан
Зураг зураг

“Southgobi Resources” компани БНХАУ-ын “China Investment Corporation’’-д энэ сарын 19-нд багтаан төлөх ёстой байсан 41.8 сая ам.долларын төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй учраас дефолт зарлажээ. Үүнд 33.8 сая ам.долларын бэлэн мөнгөний хүүний төлбөр болон холбогдох бусад зардал байгаагаас гадна найман сая ам.долларын дүйцүүлсэн хувьцааны төлбөр багтаж байгаа.

“Southgobi Resources” болон “China Investment Соrр” компаниуд төлбөрийн эргэн төлөх төлөвлөгөөн дээр тохиролцоонд хүрээгүй байгаа талаар “juniormining-network.com” мэдээлжээ. “Southgobi Resources" компани БНХАУ-ын “China Investment Corporation’’-ийн хооронд байгуулсан гэрээнд зааснаар заасан хугацаанд төлөх ёстой өрөө барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцлахаар тусгасан байна.

Уг үйл явдалтай холбогдуулан “Southgobi Resources” компанийн хувьцаа хурдацтайгаар буурч байгаа аж. Тус компани өнгөрсөн онд мөн “CIC”-д төлөх ёстой өрөө хугацаандаа төлөөгүй улмаас өрийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар “CIC” компанитай тохиролцоонд хүрэхээр хичээж буй талаар мэдээлэл гарч байсан. Хонг Kонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources’’-ийн охин компани болох “Southgobi Sands” компани нь Өмнөговь аймаг дахь Овоот толгойн ордод үйл ажиллагаа явуулдаг юм. Түүнчлэн металлургийн болон дулааны нүүрсний ордуудын ашиглалтын хэд хэдэн лицензийг эзэмшдэг. Компанийн хувьд III улиралд 700 мянган тонн нүүрс борлуулж, 24.5 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Тайлант хугацаанд нийт 700 мянган тонн нүүрс борлуулсан нь жилийн өмнөхтэй 100 мянган тонноор бага боловч нэг тонн нүүрсний дундаж ханш нь 35 хувиар өсөж, 35.8 ам.доллар болсон нь өнгөрсөн жилтэй харьцуулахад харьцангуй өндөр ашиг олоход нөлөөлжээ. Улмаар өнгөрсөн оны мөн үед 4.7 сая ам.долларын алдагдал хүлээж байсан бол энэ III улиралд компани үйл ажиллагаанаасаа 1.7 сая ам.долларын ашиг олсон байна.

Гэхдээ тус компанийн өнгөрсөн оны борлуулалтын орлого жилийн дүнгээр бараг хоёр дахин өсөж, 121 сая ам.долларт хүрсэн. “Southgobi Resources” компани SSCC стандартын өндөр чанартай, коксжих нүүрс үйлдвэрлэж, ашгаа нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд нүүрс угаах үйлдвэр амжилттай барьсан байна. III улиралд Овоот толгойн уурхай дэх угаах үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусаж, аравдугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн юм.

Түүнчлэн тус компани угаасан нүүрсээ борлуулж эхлээд байгаа. 2019 онд энэ үйлдвэрт 1.8 сая тонн нүүрс угааж боловсруулахаар төлөвлөж байгаа аж. Үүнээс гадна шүүхийн маргаан гараад байна. Тодруулбал, есдүгээр сард “Southgobi Resources’’-ийн охин компани болох “Inner Mongolia Southgobi Energy” компанийн эсрэг ӨМӨЗО-ы Эзнээ хошууны Ардын шүүхэд зарга үүсгэсэн. БНХАУ-ын “Jiayunguan Xiyuan Trading” компани нүүрсний борлуулалттай холбоотой 19.4 сая юанийн төлбөр нэхэмжилжээ. Энэ шүүх хурлын товыг хойшлуулаад байгаа юм.

Энэ оны гуравдугаар сарын 28-ны байдлаар “Southgobi Resources” компани 7.1 сая ам.долларын бэлэн мөнгө эзэмшиж байгаа ажээ. Торонтогийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш он гарснаас хойш 10.8 хувиар унаад байна.

Зураг