Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурлын үеэр тайван жагсаал хийнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Одоогоос жил гаруйн өмнө “Очир” төвд 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан. Гэвч хэрэг өнөөг хүртэл эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн шатнаас хэд хэдэн удаа буцсан юм. Энэ сарын 7-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 21-ний өдөр товлосон билээ. 

Тэгвэл уг шүүх хурлын үеэр тайван жагсаал хийх болсон талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Хүчирхийллийн золиос болж, амь насаа алдсан 13 настай охины хэрэг гараад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч шийдэгдээгүй байгаа тул хэргийг үнэн зөв шийдэгдэх хүртэл анхаарлаа хандуулж ажиллана. Мөн Шүүх засаглалыг хэрэгжүүлэгч Монгол Улсын шат шатны шүүхүүдэд “Очир” төвд 13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдэд хуулийн хүрээнд оноовол зохих хамгийн хүнд шийтгэлийг оноохыг шаардаж байна” гэв. Мөн тус холбооноос шүүх хурлын ажиглагчаар оролцох хүсэлтээ өгчээ. 

Түүнчлэн Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шүүх хурал болох өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний 10:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын гадаа тайван жагсаал хийх юм. 

охиныг минь архичин байсан, биеэ үнэлэгч байсан мэтээр олон нийтийн сүлжээгээр ярих боллоо
 
Гэрэл зургийг mpa.mn

Хохирогч охины эмээ С.Оюунцэцэг “Охины минь амь насаа алдсан хэрэг шалгагдаж эхлээд жил гурван сар болж байна. Урьдчилсан үзлэг дутуу хийгддэг, шүүх эмнэлгийн акт буруу зөрүү гарч байгаагаас цаг хугацаа их алдаж байна гэж үзэж байна. Утсаар ч сүрдүүлэг, заналхийлэл их ирж байна. Мөн  саяхан болсон хэлэлцүүлгээр хэргийг хүний амь хөнөөсөн гэдгээр зүйлчилсэн. Үүний дараагаар охиныг минь архичин байсан, биеэ үнэлэгч байсан мэтээр олон нийтийн сүлжээгээр ярих боллоо.

Бид хэрэгтний өмгөөлөгч, ар гэрийнхэнд үнэхээр гомдолтой байна. Өмгөөлөгч нь биднийг хүн гэж үзэлгүй, маш муухайгаар харьцаж байна. Тиймээс бид өмгөөлөгчийнх нь ёс зүйгүй асуудлыг зохих байгууллагад хандаж, арга хэмжээ авахуулна” хэмээв.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос нийгэмд гарч буй хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг арилгахын тулд “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” аянг өрнүүлж байгаа. Уг аянаараа дамжуулан шат дараалсан үйл ажиллагааг урт хугацаанд зохион байгуулах юм байна.

 
Гэрэл зургийг mpa.mn