2019/11/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,708.32₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-17°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-25°
13:00
S30
-13°
14:00
S30
-13°
15:00
S30
-15°
16:00
S32
-16°
17:00
S32
-18°
18:00
S31
-19°
19:00
S31
-21°
20:00
S31
-22°
21:00
S29
-22°
22:00
S29
-22°
23:00
S26
-22°
00:00
S26
-22°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Одгэрэл: Вирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд антибиотик эмчилгээ үр дүнгүй

У.Гэрэл, Үндэсний шуудан
2018 оны 11 сарын 14
Үндэсний шуудан
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн арваннэгдүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” долоо хоногийг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл Монгол Улс энэ сарын 12-18-нд дэлхийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоногийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав" “Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг бүгдийг нь эрсдэлд оруулж байна” сэдвийн дор зохион байгуулж байна. Манай улсын иргэд антибиотикийг хэтрүүлэн хэрэглэдэг төдийгүй нянгийн тэсвэржилт үүсэх үйл явцыг улам хурдасгаж, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгааг эмч нар санууллаа. Антибиотикийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Нян судлалын лабораторийн тасгийн эрхлэгч, их эмч Т.Одгэрэлээс тодруулав. 

-Хүйтний улиралд ханиад томуу ихэсдэг. Энэ үед антибиотикийн хэрэглээ замбараагаа алддаг. Ер нь антибиотикийг ямар тохиолдолд хэрэглэх ёстой талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Антибиотик бол нянгийн эсрэг үйлчилгээтэй биологийн гаралтай нэгдэл. Гэтэл томуугийн вирусээр үүсгэгддэг халдвараар өвчилсөн тохиолдолд антибиотик эмчилгээ ач холбогдолгүй. Ханиалгах, нус гоожих, амьсгаадах болон халуурах шинж тэмдэг илэрсэн бол дураараа антибиотик уух биш заавал эмчид хандах шаардлагатай. Эмч таныг нян судлалын шинжилгээ хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ. Эмчлэгч эмч ямар антибиотик хэрэглэхийг нян судлалын шинжилгээний хариуг үндэслэн шийдвэрлэнэ. Антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээг хийхдээ  хамгийн түрүүнд тухайн нянг өсгөвөрлөх шинжилгээг хийдэг.

“Ингэснээр ямар антибитотикт тэсвэртэй, ямар антибиотикт мэдрэг байна вэ гэдгийг тогтоогоод үүн дээр үндэслэн эмчилгээний” тактик боловсруулдаг. Манайд энэ шинжилгээг 72 цагийн хугацаанд хийдэг байсан бол одоогоор шинэ технологийн тусламжтай 36-40 цагийн хооронд хийдэг болоод байгаа. Хугацаа их шаардаж байгаагаас хүмүүс шинжилгээнд хойрго ханддаг. Гэтэл нянгаар үүсгэгдсэн өвчний үед шинжилгээ хийлгэж, тохирсон эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал байдаг.

Нянгийн халдварын үүсгэгчийн эсрэг антибиотик эмчилгээг тухайн халдварын үед л хийнэ. Шинжилгээнд гарсан мэдрэг антибиотик дараагийн халдварт мэдрэг байна гэсэн үг биш. Иймд ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол дахин эмчид үзүүлж, шинжилгээ өгөх шаардлагатай.

-Антибиотикт тэсвэртэй нян жилээс жилд нэмэгдэж, дэлхийн нийтийн санааг зовоож байгаа гэх мэдээлэл байна. Ямар учраас нянгийн тэсвэржилт үүсдэг юм бэ. Хэрхэн сэргийлэх вэ?

-Амьдарч байгаа улс орон, нас хүйс, хэнийг ч харгалзахгүй антибиотикт тэсвэржилт үүссэн нян дамжин халдварладаг. Нянгийн тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг хүртэл эмчлэхэд хэцүү болгож байгаа. Түүнчлэн өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултай. Халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх үр дүнтэй нянгийн эсрэг эм байхгүй бол эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын үеийн хими эмчилгээ, чихрийн шижин болон мэс заслын үед ч өвчтөн өндөр эрсдэлтэй учрах юм.

Нянгийн тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх хугацаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл мэндийн салбарын зардал ихээр өснө. Тиймээс дэлхийн ихэнх оронд антибиотик эмийг эмчийн хяналтан дор туйлын болгоомжтой хэрэглэдэг. Энэ нь нянд тэсвэртэй, хоруу чанар өндөр нян үүсэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой. Манай орны хувьд антибиотикийн хэрэглээний дундаж 33.1 хувь байгаа нь харьцангуй өндөр, импортолж байгаа эмийн дунд антибиотикийн эзлэх.хувь дэлхийн дунджаас 14.7 хувиар дээгүүр байна. Манай оронд антибиотикийн хэрэглээ хяналтаас гарч, антибиотикт дасах үзэгдэл газар авч байгааг судалгааны дүн харуулж байна.

-Антибиотикт дасах үзэгдэл газар авч байна гэж хэллээ. Ямар учраас антибиотикт дасал болчихдог юм бэ?

-Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог. Тиймээс эмчийн зааврын дагуу нян судлалын шинжилгээ хийлгээрэй гэдгийг иргэдэд анхааруулаад байгаа юм.

-Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс болж ямар, ямар сөрөг үр дагавар гардаг вэ?

-Өвчин үүсгэгчийн эсрэг тохирсон антибиотик хэрэглээгүйгээс эмчилгээ үр дүнгүй болдог. Түүнчлэн эмчилгээний зардал нэмэгдэх, антибиотикийн гаж нөлөө ихсэх, хэвийн бичил биетнийг устгах, дархлаа сулрах, мөөгөнцөртөх зэрэг сөрөг үр дагавар гарна. Мөн антибиотикийг зохистой хэрэглээгүйгээс (үүсгэгчид тохироогүй антибиотик, заасан тунгаас бага хэмжээ, тодорхой цаг, заасан хугацаанд уугаагүй ) нянгийн тэсвэржилт үүсэх аюултай байдаг. Бүр нас барах ч аюултай.

Тиймээс антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох эмийг зөв сонгоход эмчид туслахын тулд "антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай.

-Иргэдэд хандаж антибиотикийн зохистой хэрэглээний талаар юу гэж зөвлөх вэ?

-Хэрэв өвдсөн бол заавал эмчид хандаарай. Эмчийн зааврын дагуу нян судлалын шинжилгээ хийлгэж, эмчийн заавраар антибиотик уух ба шаардлагатай тохиолдолд тариа хэлбэрээр хэрэглээрэй. Антибиотик хэрэглэхээс өмнө антибиотикийн сорил тавиулах хэрэгтэй. Хэрэв антибиотик хэрэглэсний дараа арьс загатнах, улайх, амьсгал бачуурах зэрэг гаж нөлөө илэрсэн бол антибиотик эмчилгээг даруй зогсоож, дахин хэрэглэж болохгүй.

Хэрэглэснээс хойш 2-3 хоногийн дараа ямар нэг сайжрал илрэхгүй бол дахин эмчид үзүүлээрэй. Зарим антибиотик ургийн гажиг үүсгэх, сонсгол, харааны мэдрэлд муугаар нөлөөлөх, элэг, бөөрийг хордуулах хортой нөлөөтэй тул заавал эмчийн заавраар антибиотик хэрэглээрэй. Антибиотик эмчилгээ хийлгэсний дараа дахин заавал нян судлалын шинжилгээ өгөх шаардлагатай. Томуу, томуу төст ханиад зэрэг вирусийн гаралтай халдварыг антибиотик эмчлэхгүй гэдгийг,анхааруулмаар байна.

Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй. Тухайлбал, тетрациклин, левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг.

x