Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эдийн засгийн хоригт орсон Иранд CU сүлжээний дэлгүүрүүд хаагдахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

“CU” брэндийн дор сүлжээ дэлгүүрийн бизнес эзэмшдэг Өмнөд Солонгосын BGF Retail компани АНУ-ын эдийн засгийн хоригийн улмаас Иран дахь дэлгүүрүүдээ хааж байгааг өчигдөр зарлажээ.

Тус компани жилийн өмнө Иранд анхны салбар дэлгүүрээ Entekhab Investment Development Group компанитай франчайзинг гэрээ байгуулан нээж байв.

Энэ нь BGF Retail төдийгүй Өмнөд Солонгосын ийм төрлийн бизнес эрхлэгчдийн хувьд гадаад зах зээлд гарсан анхны тохиолдол байжээ.

Тэгвэл Иран дахь франчайз салбарууд нь хоригийн улмаас эхний жилийнхээ лицензийн төлбөрийг төлж чадахгүй болсон байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Иранд CU брэндийн есөн салбар дэлгүүр нээгдээд байжээ.

Цаашдаа 2020 он хүртэл Ойрх Дорнодын хамгийн их хүн амтай энэ улсад 1,000 дэлгүүр нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байв.

Ираны салбаруудын эхний жилийн рояалти төлбөр болох 3 сая еврог авч чадалгүй, данснаасаа хасаж байгааг BGF Retail мэдэгдэлдээ дурджээ.

Тус компани энэ оны гуравдугаар улиралд 1.5 их наяд воны ($1.3 тэрбум) орлого олж, 65.5 тэрбум воны ашигтай ажилласан байна.

BGF Retail одоо Монголын зах зээлд илүү төвлөрч ажиллана гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

CU брэндийн анхны дэлгүүр энэ оны наймдугаар сард Монголын Central Express компанитай байгуулсан франчайзингийн гэрээний хүрээнд нээгдсэн юм. Одоогоор Монголын зах зээлд нийт 10 дэлгүүр нээгдээд байгаа ба ирэх таван жилийн хугацаанд 200 хүргэх төлөвлөгөөтэй байна.

 

Эх сурвалж: Korea Times