Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистан дахь АНУ-ын армийн генерал буудуулж шархджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Афганистаны Кандагар мужийн захирагчийн байранд зэвсэгт халдлага гарч, АНУ-ын армийн генерал шархдсаныг Пентагон өчигдөр баталжээ.

Буудуулж шархдсан бригадын генерал Жэфри Смайли эмнэлэгт эмчлүүлж, бие нь сайжирч байгааг мэдээлсэн байна.

Афганистан дахь АНУ-ын армийн генералууд халдлагад өртөх явдал маш ховорт тооцогддог. Халдлагын үеэр Смайлитай хамт Афган дахь АНУ-ын цэргийн топ командлагч, армийн генерал Остин Миллер байжээ. Тиймээс уг халдлага Америкчуудын хувьд гэнэтийн цочир явдал байв.

Эх сурвалжийн мэдээлснээр генералуудыг Кандагарын захирагчийн байранд ирэх үед гал нээсэн байна.

Халдлагыг Талибанчууд үйлдсэнээ сүүлд зарлаж, генерал Миллерийг гол байгаа болгож байсныг мэдээлжээ.

Шархдсан генерал Смайли нь АНУ-ын армид 30 орчим жил алба хааж байгаа, 2017 оны тавдугаар сард бригадын генерал цол хүртсэн юм байна.

Тэрээр энэ зун Афганистанд томилогдож, Кандагарт төвтэй цэргийн тойргийг командалж байгаа ажээ.

Бямба гарагийн халдлагын үеэр Кандагарын цагдаагийн генерал Абдул Разик алагдсан байна. Тэр хэд хэдэн удаагийн аллагаас амьд гарсан, нэр нөлөө бүхий нэгэн байв.

Разик нь Кандагарт хүч нөлөөгөө нэмэгдүүлэхийн хажуугаар шүүхээс гадуур аллага үйлддэг, эрүүдэн шүүдэг зэрэг хүний эрх зөрчсөн үйлдлүүдээрээ шүүмжлүүлдэг байжээ. Гэвч тэр эдгээр үйлдлүүдийг эрс үгүйсгэдэг байв.

Мөн энэ халдлагад Кандагарын тагнуулын дарга Абдул Момин алагдсан байна. Мужийн захирагч Залмай Весса буудуулсан ч амьд үлджээ.

Уг халдлагын улмаас Афганистаны засгийн газар Кандагар дахь парламентын сонгуулийн санал хураах ажиллагааг долоо хоногоор хойшлуулахад хүрсэн юм.

 

Эх сурвалж: AFP