Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Төвдөд уулын голын ус хаагдсанаас 6,000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хөрсний нуралтын улмаас Төвдийн томоохон голын урсгал хаагдаж, усны түвшин огцом нэмэгдсэн тул 6,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлснээ Хятадын онцгой байдлын алба өчигдөр мэдээлжээ.

Лхагва гарагийн өглөө хадан хясаа нурж Ярлун Цанпо голын урсгалыг хааснаас их хэмжээний ус хуримтлагдан нуур үүссэн байна. Энэ гол нь Энэтхэгийн Брахмапутра мөрний гол цутгал болдог юм.

Энэ үзэгдлээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол бүртэгдээгүй байна. Хятадын тал голын урсгал хаагдсан талаар Энэтхэгийн албаныханд мэдээлжээ.

Боогдож, хуримтлагдсан усны түвшин 40 метрийн өндөртэй байгааг онцгой байдлынхан мэдээлсэн байна. Төвдийн өндөрлөг нь Азийн олон гол мөрний усны эх үүсвэр болдог. Цаг уурын дулаарлын улмаас Хималайн уулсын мөс хайлж, эдгээр гол мөрнүүдийн ус цаашдаа татрах аюул нүүрлээд байгаа юм.

Өнгөрсөн онд хойд Энэтхэгийн нутагт 3 сая орчим хүнтэй бус нутгийг хамарсан үер буухад Хятадын талыг усны түвшний талаар мэдээллээ хуваалцаагүй хэмээн буруутгаж байжээ.

Хоёр улс 2006 онд гол мөрний усны түвшний мэдээлэл солилцох гэрээ байгуулж, 2013, 2015 онуудад шинэчилж байв. Өнгөрсөн оны үерийн үеэр мэдээлэл солилцоогүй нь Доклам дахь Хятад-Энэтхэгийн хилийн маргаантай холбоотой гэсэн таамаг яригдаж байжээ.

Дараа нь Ши Жиньпин, Нарендра Моди нар Ухань хотод уулзахдаа жил бүрийн тавдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд буюу үерийн улиралд Хятад улс гидрологийн мэдээллээ Энэтхэгтэй хуваалцаж байх тохиролцоо хийсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press