Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн томоохон байгууллагуудын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх болсон тод жишээ

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS/Charles Platiau

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн томоохон байгууллага болох Олон Улсын Валютын Сан ахлах эдийн засагчдын эгнээндээ Гита Гопинат хэмээх эмэгтэй эдийн засагчийг томилоод байна.

Тэрбээр ОУВС-ийн судалгааны хэлтсийн анхны эмэгтэй ахлах эдийн засагч болж буйгаараа олны анхаарлыг татаад байна.

Гита энэ оны сүүлээр одоогийн алба хашиж буй ахлах Маврис Обстфэлдийн хугацаа дуусгавар болсны дараагаар ажилдаа орохоор болжээ.

Энэхүү үйл явдал нь Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага гэх мэт дэлхийн томоохон байгууллагуудын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг сонгох болсны нэг тод илрэл юм.

Гита макро эдийн засаг, олон улсын худалдааны салбарт илүү төвлөрөн судалгааны ажил гүйцэтгэж иржээ. Нарийвчилбал, валютын ханш, худалдаа, хөрөнгийн урсгал, зээл, өр төлбөр зэрэгт өндөр мэргэшсэн нэгэн юм. 

Түүний энэхүү туршлага нь ОУВС-ийн гишүүн болсон дэлхийн 189 орны дийлэнхэд нь тулгараад буй худалдааны зөрчил, хөрөнгийн зах зээл, валютын нөөц, өр зээл гэх мэт асуудалд шийдэл олоход томоохон туслалцаа үзүүлж магадгүйг зарим эх сурвалж тэмдэглээд байна.

Эдийн засагч Гита өмнө нь олон улсын эдийн засагт тулгамдаад буй асуудлаар өөрийн байр сууриа олон улсад хүчтэй илэрхийлж, санал бодлоо хүргүүлж байсан удаатай.

Тодруулбал, Дэлхийн эдийн засгийн форумын нийтлэлчдийн буланд 2014 онд гаргаж байсан нэгэн нийтлэлдээ ОУВС-г дэлхийн худалдаа, эдийн засгийн зөрчлийг намжаах ямар нэгэн арга хэмжээ авахыг уриалж, яаруулаад байсан юм. 

Тэрбээр “Олон улсын Валютын сан дэлхий дахинд дэгдээд буй худалдааны хямрал, зөрчлийг муудаж, улам сүйрэл болохыг харж хүлээхийн оронд цаашдын зүг, чигийг улсуудад зааж, чиглүүлж өгөх хэрэгтэй байна” гэж байжээ.

Түүний энэхүү томилгоонд олон улсын томоохон эдийн засагч нар ч мөн сайшаалтай хандаж байна:

Олон улсын санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Allianz” байгууллагын ахлах эдийн засагч Мохамед А.Эл-Брайн Блүмберг телевизэд өгч байсан нэгэн ярилцлагадаа “Гита Гопинатын судалгаа, түүний ур чадварууд нь уламжлалт болсон улс орнуудын дангаарших сэтгэлгээг сориход хүргэж, улс орнуудын хамтын сэтгэлгээг хөгжүүлж, урагшлуулах эерэг үр дүнг авчрах магадлалтай” гэж байжээ.

Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард ч мөн “Тэр бол дэлхийн гайхалтай мэдлэгтэй, бусдыг манлайлж, удирдах чадвартай мөн олон улсын тавцанд хуримтлуулсан өргөн туршлагатай эдийн засагч нарын нэг юм. Энэ бүх чадварууд нь манай судалгааны хэлтсийг удирдаж, цаашид авч явахад ихээр тохирч байгаа юм" гэж онцолжээ.

Гитаг 1991 онд Энэтхэг улсын Дэлигийн Их сургуульд бакалаврын зэргээ хамгаалж байх үед улсад нь санхүүгийн их хямрал гарч байжээ. Тэр их хямралын үе болон улс орных нь эдийн засгийн байдал Гитаг эдийн засагт улам сонирхолтой болгож, олон улсын санхүүгийн зах зээлийг цаашид судлах томоохон хөшүүрэг болж байсан талаар дурдаж байсан юм.

Гита Дели болон Вашингтоны Их сургуульд эдийн засгийн мастерийн зэрэг, Принстоны Их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалсан. Одоогоор Харвардын Их сургуулийн олон улсын харилцаа, эдийн засгийн тэнхимийн профессор, Энэтхэгийн Керала мужийн дэд сайдын эдийн засгийн зөвлөх, АНУ-ын Эдийн засгийн судалгааны үндэсний хүрээлэнгийн олон улсын санхүү, макро эдийн засгийн хөтөлбөрийн захирал, Бостоны Холбооны нөөцийн банкны зочин профессор болон Нью Йорк хотын Холбооны нөөцийн банкны эдийн засгийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: Weforum.org