Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Якуза нар болон тэдний компаниудыг АНУ хар жагсаалтад орууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын сангийн яам Японы хамгийн том гэмт хэргийн бүлэгт чиглэсэн эдийн засгийн хориг арга хэмжээг зарлажээ.

Уг хоригийн дагуу Ямагучи-гуми якузагийн бүлгийн дөрвөн толгойлогч, тэдэнтэй холбоотой хоёр компанийг хар жагсаалтад оруулсан байна.

“Бэлгийн мөлжлөг, зэвсгийн наймаа, сүрдүүлэг зэрэг хууль бус үйл ажиллагаанаас ашиг олдог Японы гэмт хэргийн бүлэглэл, тэдний тэргүүнүүдэд үзүүлэх дарамт шахалтаа бид үүгээр нэмэгдүүлж байна” гэж Терроризм, Хууль бус Санхүүгийн үйл ажиллагаатай тэмцэх албаны төлөөлөгч Сигал Манделкер мэдэгджээ.

Хоёр  компанийн нэг нь Ямагучи-гуми бүлгийн Кобэ дахь төв байрны газрыг эзэмшдэг Ямаки KK бол нөгөөх нь мөн бусад үл хөдлөх хөрөнгийг нь эзэмшдэг Тоёо Шинё Жицугё КК компани юм байна.

Хар жагсаалтад орсон хувь хүмүүс нь тус бүлгийн төв байрны менежэр Утао Морио, Ямаки КК компанийн гүйцэтгэх захирал Чикара Цуда, Тоёо Шинё Жицугё компанийн гүйцэтгэх захирал Ясуо Танаки, тус компанийн захирал асан Кацуаки Мицуяасу нар ажээ.

Ингэснээр эдгээр хувь хүмүүс, байгууллагын АНУ дахь бүх хөрөнгийг битүүмжилж, АНУ-ын иргэд, байгууллагуудыг тэдэнтэй ямар нэг гэрээ хэлэлцээр хийхийг хориглож байна.

 

Эх сурвалж: AFP