Аравдугаар сарын 10-наас эхлэн дөрөв хоногийн хугацаанд Өмнөд Солонгосын Жэжү аралд 15 орны тэнгисийн флотууд оролцсон олон улсын арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
Уг арга хэмжээнд АНУ, Хятад, Япон зэрэг орны тэнгисийн хөлгүүд оролцох юм. Гэтэл Японы Өөрийгөө Хамгаалах Тэнгисийн Хүчний таних тэмдэг болсон “Мандах Нар” бүхий туг далбаа асуудал үүсгэсэн байна.
Уг далбааг Дэлхийн Хоёрдугаар дайны үед Японы милитаристууд билэгдлээ болгон Азийн орнуудыг эзлэн түрэмгийлж байсан түүхтэй. Тэр тусмаа энэ далбааны дор колоничлогдож, толгой бөхийж явсан Солонгосчуудын хувьд эмгэнэлт түүхийг нь сануулдаг.
Тиймээс Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам Японы талыг кёкужицуки гэгддэг энэхүү далбааны оронд улсынхаа далбааг хөлөг дээрээ мандуулахыг хүссэн байна.
Яамны мэдэгдэлд “манай улсын ард иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлэн Мандах нартай далбааг хэрэглэхгүй байх”-ыг хүссэн юм.
Гэвч Японы батлан хамгаалах яам хөрш орныхоо хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Японы тэнгисийн флот 1889 онд байлдааны хөлгүүдээ иргэний зориулалтын хөлгүүдээс ялгахын тулд “Мандах нар” бүхий далбааг ашиглаж эхэлсэн юм. Сүүлд дайны дараа буюу Холбоотнуудыг Японоос явсны дараа 1952 оноос эхлэн дахин ашиглажээ.
Гэвч дэлхийн хоёрдугаар дайны үед энэ далбаа нь Японы милитаризмын билэгдэл болж, Азийн орнуудад танил болсон юм. Талуудын маргаан үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын 10-наас өмнө тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!