Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нобелийн шагналыг тасалдуулсан Франц эр хүчингийн хэргээр шийтгүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн утга зохиолын салбарын Нобелийн шагналтныг тодруулдаг Шведийн Академийн гишүүний нөхөр Жан Клод Арно гэгчид Стокгольм хотын шүүх өчигдөр хүчингийн хэргээр хоёр жил шоронд хорих ял оноожээ. Шведийн хуулиар хүчингийн хэрэгт дээд тал нь зургаа жилийн ял оноодог бол Арнод хамгийн бага хугацаатай ял оноосон байна.

Түүнтэй холбоотой дуулианы улмаас энэ жилийн утга зохиолын Нобелийн шагналтныг зарлах ажиллагааг дараа жилийн арга хэмжээтэй хамтатгахаар болж хойшлуулсан юм.

Одоо 72 настай гэрэл зурагчин Арно нь Шведийн соёл урлагийн ертөнцөд олон арван жил ажилласан нэр хүндтэй нэгэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийтдээ 18 эмэгтэй Арног хүчин, бэлгийн дарамтын хэрэгт буруутгасан тухай мэдээлэл Шведийн хэвлэлд нийтлэгдэж байв.

Тэдгээрээс найман эмэгтэй албан ёсоор шүүхэд гомдол гаргасан ч 20 гаруй жилийн турш үйлдэгдсэн хэргүүдийг нотлох баримт хангалтгүй шалтгаанаар шүүхээс буцаагдаж байжээ.

Харин харьцангуй сүүлд үйлдэгдсэн буюу 2011 онд нэгэн эмэгтэйг хоёр удаа хүчиндсэн хэрэг нь батлагдаж, ийнхүү ял сонссон байна.

Арногийн дуулианыг хэрхэн зохицуулах талаар Шведийн Академийн 18 гишүүний дунд хагарал гарч, эцэстээ долоон гишүүн нь Академиас гарсны дотор Арногийн гэргий, яруу найрагч, жүжгийн зохиолч Катарина Фростенсон багтаж байжээ.

Улмаар өнгөрсөн тавдугаар сард тус академи дуулианд холбогдон нэр хүнд нь унаж, олон нийтийн итгэлийг алдсан тул энэ жилийн Нобелийн шагналтныг зарлахгүй байх шийдвэр гаргасан юм. 2019 оны утга зохиолын Нобелийн шагналтныг тодруулахдаа 2018 оны эзнийг хамт зарлана.

Тус академийг 1786 онд Шведийн хаан Густав III байгуулж байсан бөгөөд одоог хүртэл эзэн хааны ивээл дор ажилладаг ажээ.

Үүнээс гадна Академийн хөрөнгөөр хувийн урлаг соёлын клубыг Стокгольмд ажиллуулж байсан, Нобелийн шагналтны нэрийг зарлахаас өмнө нийт долоон өрсөлдөгчийн нэрсийг задруулж байсан зэрэг хэрэг нь Академийн дотоод шалгалтаар илэрснийг Шведийн хэвлэл мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian