Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Хятадын тэнгист АНУ, Хятадын байлдааны хөлгүүд мөргөлдөх шахжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Хятадын тэнгисийн усанд Хятадын байлдааны хөлөг АНУ-ын хөлөг рүү хэт ойртож шахсны улмаас мөргөлдөх эрсдэл үүссэн тул чиглэлээ өөрчлөхөөс аргагүй болсныг Америкийн зэвсэгт хүчний төлөөлөгч мэдээлжээ.

Мөн Хятадын талын энэ үйлдлийг “аюултай, мэргэжлийн бус” алхам гэж шүүмжилсэн байна.

Өнгөрсөн Ням гарагт АНУ-ын USS Decatur пуужин харвагч хөлөг Спратли арлуудын ойролцоо цэргийнхний нэрлэдгээр “freedom of navigation operation” гэх ажиллагааг гүйцэтгэн аялж байжээ. 

Уг бүлэг арлуудыг Хятадын тал өөрийн газар нутаг гэж үздэг бол Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам улсууд мөн өөрийн харьяа нутаг гэж маргалддаг.

АНУ-ын хөлөг усан бүсэд орж ирсний дараа Ням гарагийн өглөө Хятадын арми анхааруулга өгүүлэхээр өөрийн Луян байлдааны хөлгийг илгээжээ.

Улмаар Хятадын хөлөг АНУ-ын хөлгийг шахах хэд хэдэн аюултай жолоодлого гүйцэтгэж, өөрийн харьяаны уснаас гарч явахыг шаардсан байна. Мөргөлдөхөөс болгоомжилсон USS Decatur хөлөг буцахаас өөр аргагүй болсныг Пентагоны төлөөлөгч Даваа гарагт мэдээлжээ.

Өнөөдөр Хятадын батлан хамгаалах яам мэдэгдэл гаргаж, тусгаар тогтносон улсын усан хилд нэвтэрч, өдөөн хатгасанд Америкийн талыг буруутгасан юм.

Мөн тус улсын гадаад хэргийн яам АНУ-д дахин ийм өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулжээ.

Вашингтон-Бээжингийн харилцаа Дональд Трампыг ерөнхийлөгч болсны дараа 2017 оноос эхлэн эрчимтэй муудаж байгаа. Талуудын хооронд худалдааны дайн ид өрнөж байгаа бол Трампын засаг захиргаа саяхан Тайваньд $1.3 тэрбумын зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргаж, Бээжинг хилэгнүүлээд байна.

Хоёр гүрний батлан хамгаалах салбарынхан энэ сарын сүүлээр Бээжин хотноо хэлэлцээр хийх гэж байгааг Даваа гарагт Пентагон мэдээлсэн бол дараа нь Хятадын тал уг уулзалтыг цуцалж байгаагаа зарласан юм.

 

Эх сурвалж: AFP