Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Канад, Мексиктэй худалдааны гэрээгээ шинэчилсний дараа Дональд Трамп Энэтхэг, Бразил улсуудыг шүүмжилж эхлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Дональд Трамп өөрийн хоёр хөрш Канад, Мексик улсуудтай байгуулсан NAFTA (Умард Америкийн Чөлөөт Худалдааны Гэрээ) гэрээг шинэчлэн байгуулах тохиролцоонд хүрсэн билээ.

Тэгвэл тэр маргааш нь буюу Даваа гарагт Энэтхэг, Бразил улсуудын худалдааны тактикыг шүүмжилж эхэлжээ.

Канад, Мексиктэй худалдааны гэрээгээ шинэчилж чадсан баяраа Цагаан ордонд тэмдэглэх үеэр тэр Энэтхэг, Бразил улсуудыг АНУ-тай хамгийн шударга бус эдийн засгийн харилцаатай улсуудын нэг гэж мэдэгдсэн байна.

“Энэтхэг улс манай бараа бүтээгдэхүүнээс маш их татвар авдаг. Жишээ нь манай Харли Дэвидсон мотоциклоос тэд асар өндөр татвар авдаг” гэж хэлсэн Трамп уг асуудлыг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой ярилцаж эхлээд байгааг мэдэгдсэн байна.

Энэтхэг улс сүүлийн үед “ Make in India” хөтөлбөр хэрэгжүүлж, импортын татвараа нэмэгдүүлээд байгаа. Дараа нь Трамп Америк тивийн хоёр дахь том эдийн засагтай Бразил руу шүүмжлэлээ чиглүүлжээ.

Тэрээр “Бас нэг ийм улс нь Бразил. Тэд манайхаас авдаг бараа бүтээгдэхүүнд хүссэнээрээ татвар оноодог. Наймаа хийхэд хамгийн хэцүү орон аль вэ гэж дурын компаниас асуувал тэд Бразилийг хамгийн түрүүнд нэрлэх байх” гэж ярьсан байна.

Трампын мэдэгдлийн дараа Бразилын гадаад худалдааны сайд Абран Нето тайлбар хийж, АНУ-ыг Бразилтай ашигтай худалдаа хийж байгааг баталжээ.

Түүний хэлснээр Бразилтай хийдэг худалдаанд АНУ сүүлийн 10 жилийн хугацаанд бараа бүтээгдэхүүнээс $90 тэрбумын, үйлчилгээнээс $250 тэрбумын ашиг олсон гэнэ.

Нето бас АНУ бол Хятадын дараа Бразилын хоёр дахь том худалдааны түнш бөгөөд хамтын ажиллагаа нь улам хөгжиж байгааг онцолжээ.

“America First” гэсэн уриатай Дональд Трамп гадаад худалдааны алдагдлаа бууруулах зорилт тавьж, Хятад, Европын Холбоо, Япон зэрэг улсуудтай хийсэн гэрээгээ эргэн харж, заримтай нь худалдааны дайн эхлүүлээд байгаа.

Одоо түүний засаг захиргаа Хятадын засгийн газартай хэлэлцээр хийж байгаа бөгөөд Бээжинг буулгаж авахын тулд $250 тэрбумын бараанд нь импортын татвар оноож эхлээд байна.

 

Эх сурвалж: Reuters