Гаагийн олон улсын шүүх Боливийн хүсэлтийг няцааж, Чилийн талд шийдвэр гаргалаа
19 дүгээр зуунаас эхлэлтэй Чили, Боливи улсуудын газар нутгийн маргаанд цэг тавих шийдвэрийг өчигдөр Гааг дахь олон улсын шүүх гаргалаа.
Боливи улс 1879-1883 онд болсон дайны үр дүнд Номхон далайн эргийн газараа Чилид алдсан тул газар нутгийн маргааныг шийдэх хэлэлцээрийг хоёр улс эхлүүлэх ёстой гэсэн хүсэлтийг 2013 онд шүүхэд гаргасан юм.
Тэгвэл олон улсын шүүх Бүгд Найрамдах Чили Улс далайд хүрэх газар нутаг гаргаж өгөх асуудлаар Боливийн засгийн газартай хэлэлцээр хийх хуулиар хүлээсэн үүрэггүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн шийдвэрийг танилцуулах хуралд Боливийн ерөнхийлөгч Эво Моралес өөрийн биеэр оролцсон байна. Шүүхийн гадна үндэсний хувцастай хэсэг Боливи хүмүүс мөн цуглаад байжээ.
Гааг дахь олон улсын шүүх Дэлхийн Хоёрдугаар дайны дараа байгуулагдсан ба НҮБ-ын гишүүн орнуудын маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Гэхдээ энэхүү шүүх гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх эрх мэдэлгүй юм.
Боливи улс хамгийн сүүлд 1978 онд далайд гарах гарцтай болох хэлэлцээрийг эхлүүлэх гэж оролдсоны дараа Чили, Боливи улсууд дипломат харилцаагаа тасалсан байдаг.
19 дүгээр зуунд болсон дайнд нэг талд Перу, Боливи улсууд, нөгөө талд Чили улс Номхон далайн эрэг, Андын нуруу, Атакамагийн цөлд байлдаж байжээ. Улмаар 1904 онд талууд энхийн гэрээ байгуулж, хилийн шугамаа одоогийнхоор тогтоосон байна.
Сүүлд маргаантай газар нутагт байгалийн баялаг илэрсний дараа Боливийн эрх баригчид Чилийн компаниудаас татвар авахыг оролдсоноор маргаан эхэлсэн юм.
Чилийн хойд хэсгийн 400 км урттай эргийн газар нутгаа эргүүлж авбал Өмнөд Америкийн хамгийн ядуу орны хөгжилд том түлхэц болно гэж Боливичууд үздэг. Гэвч Чилийн засгийн газар тусгаар тогтносон улсын газар нутгийн харьяаллын асуудлаар хэлэлцээр хийх боломжгүй хэмээн үзэж, Боливийн хүсэлтийг хүлээж авалгүй өнөөдрийг хүрсэн юм.
Харин Чили улс өөрийнх нь газар нутгаар ямар нэг хязгаарлалтгүй транзит тээвэр хийж, өөрийн Номхон далайн боомтуудад хүрэх боломж гаргаж өгснөө хангалттай гэж үзэж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

