Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Авиан зөв дуудлагыг хөгжүүлэх цуврал” хэвлэгдэн гарлаа

МОНСУДАР
2018 оны 9 сарын 26
Монсудар

Зурагт ном үзэнгээ хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлээрэй!

Хүүхдийн хөгжлийн хамгийн чухал тулгуур нь хэл яриа бөгөөд хүүхэд хамгийн түрүүнд авиа дуудаж сурснаар хэл яриа нь зүгшрэн төлөвшдөг гэж мэргэжилтнүүд үздэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хэл ярианы хөгжилд анхаарч энэ талын мэргэжилтнүүдэд хандах болсон ч аливаа ном товхимол, заавар зөвлөгөө дутмаг байдгаас төдийлөн хангалттай мэдээлэл авч чаддаггүй байна.

Тэгвэл “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакцаас “Авиан зөв дуудлагыг хөгжүүлэх цуврал”-ыг эрхлэн гаргажээ. Сургуулийн өмнөх насныханд зориулсан, “Хамт тоглоё”, “Юуны чимээ вэ?”, “Идэцгээе”, “Муур, туулай хоёрын нэг өдөр”, “Гол дагаад явцгаая” гэсэн 5 ном бүхий уг цувралд бага насны хүүхдийн онцлогт тохирсон сонирхолтой зураг, дүрслэл, өгүүлэмжүүд бүхий, авиа дуурайсан үгсийн дуудлага, үгсийг зөв дуудаж сурахад зориулсан зурагт дасгалуудыг багтаажээ. 
Эцэг, эхчүүд хүүхдэдээ ном уншиж өгөнгөө авиа дуудлагыг нь засахад онцгой ач холбогдолтой тус цувралын зохиогч, сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахаши манай оронд ажиллаж амьдрах хугацаандаа тусгай боловсрол шаардлагатай олон хүүхдэд тусалж багшилсаар иржээ. 

Зарим хүүхэд 5 нас хүрсэн ч хэл яриа нь тод биш, авиаг буруу дуудах, сольж дуудах зэргээр хэл яриа нь сайн хөгжөөгүй байдаг. Харин эцэг эхчүүд буруу дуудлага нь аяндаа өөрөө засарна гэж ташаа ойлгосноор хүүхдэд буруу хэвшил тогтож үлдэх нь бий. Мөн томчууд дөнгөж хэлд орж буй хүүхэдтэйгээ харилцахдаа хэлээ хазаж эрхлүүлэх, авиа болон үгсийг буруу дуудахад нь өхөөрдөх, шоолох зэрэг буруу хандлага гаргадгаас хүүхэд ярих хүсэлгүй, өөртөө итгэлгүй, бусадтай харилцах сонирхолгүй болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулдаг. 

Хэл ярианы хөгжил нь зүй тогтлын хувьд тодорхой үе шатыг дамждаг бөгөөд хамгийн түрүүнд авиа дуудаж сурснаар хүүхдийн хэл яриа зүгширч эхэлдэг. Үүнд зориулсан тусгай дасгалуудыг хүүхдэдээ зааж өгөн, хийлгэх хэрэгтэй ч бага насны хүүхдийн онцлогоос хамааран уйдаахгүй байх нь чухал ажээ. Хүүхэд аливаа авиаг тодорхой насанд дуудаж сурдаг бөгөөд 1-2 настайд А, О, Э, П, Б, М авиа, 2-3 настайд И, Ы, У, Т, Д, Н, Г, К, Х, В авиа, 3-5 настайд С, З, Ц, Ш, Ж, Ч авиа, 5-6 настайд Р, Л авиаг ээлж дараалан сурдаг байна. Хэрэв хүүхэд 5-6 настайдаа энэ бүх авиаг зөв дуудаж чадахгүй байвал авиа дуудах бэрхшээл, дутмагшил байгааг илэрхийлэх бөгөөд энэ үед мэргэжлийн хэл засалчийн тусламж хэрэгтэй болно. 

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Авиан зөв дуудлагыг хөгжүүлэх цуврал” нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хэл ярианы хөгжилтэй холбоотой бэрхшээлийг хялбар аргаар, цаг алдалгүй шийдэх боломжийг олгох юм. 

Авиан зөв дуудлагыг хөгжүүлэх цуврал: 

Хамт тоглоё

 

Хэрээ, шар шувуу, тоншуул, болжмор, ямаа, гахай, зөгий,  нохой зэрэг хүүхдийн хамгийн сайн мэдэх амьтдын гаргадаг дуу авиаг гурван янзаар бичсэн хайчилбар зургуудтай энэхүү сонирхолтой номд гарч буй авиа дуурайсан үгс нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх анхны дасгал болох юм. Тиймээс зарим авиа дуурайсан үгс нийтэд хэлж дадсанаас арай өөрөөр бичигдсэн бөгөөд хуудас бүрийн доод хэсэгт бичсэн хувилбаруудаас та хүүхдийнхээ түвшин, онцлогт тохируулан хэлүүлж, хамтдаа давтаарай. 

Юуны чимээ вэ?

 

 “Байз, байз! Энэ юуны чимээ вэ? 

 Хүү-хүү-хүү! 
 Уруулаа хагас цорвойлгоод үлээцгээе. 
 Салхи салхилж байна шүү дээ.
 Хүү-хүү-хүү! гэх мэтээр сонирхолтой, хөгжилтэй зургууд үзэнгээ янз бүрийн авиа дуудаж дасгал хийгээрэй. Энэхүү дасгалууд авиаг буруу дуудах бэрхшээл, хүндрэлийг засахад тусална.

Идэцгээе

 

Зургуудыг нь гараар урж хийсэн ном уншиж байсан уу?

Идэцгээе
Алим идэцгээе  
Алим жижигхэн болохоор амаа жаахан л ангайя.
Одоо зайрмаг идэцгээе.
Зайрмаг долоож байгаа юм шиг хэлээ хөдөлгөе.

Энэ номд олон төрлийн амттан идэх сонирхолтой дасгалууд бий. Зургууд нь хүүхдийн сонирхлыг татаж, тоглонгоо авиан зөв дуудлагад суралцахад тусална. 

Муур туулай хоёрын нэг өдөр

 

Гурваас дээш насны хүүхдэд зориулсан сайн найзуудын нэг өдрийн адал явдлыг өгүүлэх энэхүү зурагт ном нь хөгжилтэй зургууд болон үр өгөөжтэй дасгалуудтай. Энэ номд муур, туулай, хашаа, мөөг, сармагчин, могой зэрэг олон үгс багтсан бөгөөд үг тус бүрдээ дасгалтай.

Гол дагаад явцгаая

 

Энэ номыг уншсанаар олон адал явдалтай таарах болно. Гурваас дээш насны хүүхдэд зориулсан энэхүү зурагт ном нь сонирхолтой зураг болон дасгалуудтай. Мэлхий, загас, усны үхэр, аварга загас зэрэг үг бүр нь дасгалтай.