Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ил-20 онгоцны осолд Израйлийн тал 100 хувь буруутай гэж ОХУ-ын мэргэжилтнүүд мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Израйлийн F-16 сөнөөгч онгоц

Долоо хоногийн өмнө ОХУ-ын цэргийн Ил-20 нисэх онгоц Сирийн эргийн орчимд пуужинд оногдож сүйрснээр зорчиж явсан 15 цэргийн алба хаагч алагдсан билээ.

Тухайн үед Израйлийн агаарын довтолгоог эсэргүүцэж байсан Сирийн засгийн газрын зэвсэгт хүчин онгоцыг буудсан нь сүүлд тодорхой болсон. 

Тэгвэл өчигдөр буюу Ням гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам ослын шалтгааныг мөрдөн шалгасан ажлын үр дүнг танилцуулжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенковын тайлбарласнаар уг осолд Израйлийн тал 100 хувь буруутайг тогтоосон байна.

Тэрээр Израйлийн байлдааны нисэх онгоцны нисгэгчдийн гаргасан үйлдлийг “мэргэжлийн ур чадвар дутсан, эсвэл гэмт хэргийн шинжтэй” гэж тодорхойлжээ.

Конашенков Израйлийн талын үйлдлийг “Орос-Израйлийн харилцааг хүндэтгээгүй, иргэншсэн улс орнуудын харилцаанд байж боломгүй хэрэг” гэж шүүмжилсэн байна.

Тухайн өдөр Израйлийн байлдааны дөрвөн F-16 нисэх онгоц Сирид цохилт өгөөд дараа нь ухарч, эргээс баруун зүгт 70 км зайнд шилжиж, хоёр дахь ээлжийн довтолгоонд бэлдэж эхэлжээ.

Дараа нь тэд дахин Сирийн эрэг рүү буцахдаа Оросын Ил-20 нисэх онгоцны байгаа байрлалд ойртон очсон байна. Өөрөөр хэлбэл Израйлийн нисгэгчид санаатайгаар Ил-20 онгоцыг халхавч болгосон гэнэ. Энэ  үед Сирийн тал газар-агаар ангиллын пуужинг Израйлийн нисэх онгоцнууд руу харвасан нь автоматаар Оросын нисэх онгоцыг байгаа болгожээ.

Агаараас хамгаалах пуужингийн систем илүү том байг түрүүлж ононо гэдгийг мэдэж байсан Израйлчууд Ил-20 онгоцыг халхавч болгосон гэж ОХУ-ын батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС