Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Автозамын түгжрэл буюу Амьдралын түгжээ

ikon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намрын шаргал наран ээсэн сайхан өдрүүд ирж буй хэдий ч нийслэлчүүдийн бухимдал дээд цэгтээ хүрдэг өдрүүд эхэлж байна. IX сард хүүхэд багачуудын хичээл сургууль эхэлж, оюутан залуус эрдэм номын мөр хөөн нийслэлдээ хүрэлцэн ирнэ. Нийслэлчүүд өглөө бүр түгжрэлтэй замд хичээл сургууль, ажлаасаа хоцорч, орой бүр гэртээ харих гэж “гацна”.

Хүн амын өсөлт, нягтаршлыг дагаад суурин газрын автозам дээр түгжрэл үүсдэг нь бичигдээгүй хууль. Сүүлийн 20 гаруй жилд манай улсын хүн амын өсөлт дунджаар 1.3 хувь байсан бол Улаанбаатар хотын хүн ам 3.3 –иар өссөн нь жилд дунджаар 340 мянган хүнээр нэмэгддэг гэсэн үг юм. Тиймээс түм түжигнэж, бум бужигнасан их хотод минь хүн амын өсөлтийг даган зайлшгүй шийдвэрлэх хоёр асуудал бий. Нэг нь замын түгжрэл, нөгөөх нь агаарын бохирдол.

Улаанбаатар хотын 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл 850 гаруй км хатуу хучилттай замаар явж байгаа бол 200 мянга гаруй машинтай хотод 4500-5000 км хатуу хучилттай зам байна гэсэн стандарт мөрдөгддөг. Автозамын нэвтрүүлэх чадвараас хэд дахин давсан автомашин зорчиж байгаа нь түгжрэл үүсэх хамгийн эхний нөхцөл шалтгаан. Автозамыг өргөтгөх, уртасгах зэрэг шаардлагатай ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд санхүү төсөв мөнгөний хүрээнд шат дараатай хийж хэрэгжүүлж байгаатай маргахгүй. Жил ирэх бүрийд нийслэл хотын автозам тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа нь ч үнэн.

Мөн үүнтэй зэрэгцэн ачаа тээврийн том машинууд хотын баруун, зүүн захаас орж ирэн хотын дундуур явсаар Нарантуул, Хархорин захуудад ачаагаа буулгах бөгөөд тэндээсээ буцаад хот дотор болон төв, баруун аймгууд руу дахин тээвэрлэлт хийж байна. Энэхүү тээвэрлэлтийн процесс нь сунаж тогтсон бүтэцтэй манай хотын замын түгжрэлийг нэмэгдүүлж, мөн автозамын эвдрэл, гэмтэл үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймдээ ч хаврын улиралд том оврын ачаа тээврийн автомашиныг хотын хөдөлгөөнд оролцуулахыг түр хориглосон журмыг гаргасан байдаг.

Иймд нийслэл хотын иргэдийн цаг завыг “хумсалсан” түгжрэлийг асуудлыг шийдвэрлэхийн тулд тээвэр ложистикийн үйлчилгээг хөгжүүлж, хотын баруун, зүүн захуудад ачаа тээврийн нэгдсэн терминал байгуулах, хөгжүүлэх шаардлагатай байна. Тээврийн системийн хувьд ачаа буулгах, эсвэл зорчигчдод үйлчлэх, ачих зориулалт бүхий тусгайлсан талбай, барилга байгууламж, техник хэрэгслийн цогцолборыг тээврийн терминал гэнэ. Тодруулбал, төмөр замын хувьд ачиж буулгах механикжсан анги, далайн тээврийн хувьд боомт, агаарын тээврийн хувьд нисэх онгоцны буудал, автозамын тээврийн хувьд автовокзал, логистик төв, ачаа ачих, буулгах, сэлгэх зориулалттай төвлөрсөн агуулах бүхий газруудыг терминал хэмээн нэрлэдэг ажээ.

П.Нарандэлгэр