Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

М.Булбул: Бид зөвхөн бэлтгэлдээ анхаарвал өндөр төвшинд хүрэх итгэл төрсөн

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 9 сарын 14
Үндэсний шуудан
Зураг зураг

Сагсан бөмбөгийн спорт манай улсад хөгжөөд хагас зуун жил болж байгаа. Тэгвэл энэ төрлөөр эмэгтэйчүүд Азийн хоёр наадамд дараалан шөвгийн наймд шалгарлаа. Дөрвөн жилийн өмнө Инчёнд Б.Ганзул багийн шилдэг нь байж чадсан.

Харин Жакартад спортын мастер М.Булбул яалт ч үгүй онооны лидер байлаа. Тэр Азийн наадмын хүрээнд хийсэн бүхий л тоглолтод багаа оноогоор тэргүүлсэн. Тиймээс түүнийг сагсан бөмбөг сонирхогчид андахгүй мэддэг болсон юм. Ялангуяа хамгийн эхний тоглолтод Хонконгийг хожиход онцгой үүрэг гүйцэтгэсэн М.Булбултай ярилцлаа.

-Монголын эмэгтэйчүүд дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Анх удаа Азийн наадамд, цаашлаад хилийн дээс алхаж том тэмцээнд оролцсондоо маш их баяртай байна. Бидний хувьд монголчуудынхаа итгэлийг алдалгүй бүх чадлаараа тоглосон.

-Аливаа тэмцээнд оролцоход хамгийн эхний тоглолтод багууд ач холбогдол өгдөг. Та бүхний хувьд ч адилхан байх. Түүний хүчинд тун чухал ялалт байгуулсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлэх үү?

-Анхны том тэмцээн байсан учраас маш их сандарсан, айсан, бас догдолсон. Тэр утгаараа биеэ барьсан байдалтай талбайд гарч байлаа. Гэхдээ энэ бүхнийг даван туулж өөрөөс шалтгаалах бүх зүйлээ гаргасан. Үр дүнд нь бидэнд эрч хүч, урам зориг өгсөн ялалтыг байгуулсан байгаа. Ер нь анхнаасаа л сэтгэл догдлуулсан үе эхэлсэн. Байнгын өндөр бэлтгэлтэй багуудтай Монгол Улсаа төлөөлж тоглосондоо баяртай байна.

-Хэдийгээр сандралтай, айдастай байсан ч та бүх тоглолтын турш багийнхаа онооны лидер нь байсаар ирсэн. Ялангуяа эхний тоглолтоос чухал хожил авахад та онцгой үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Өөртөө хэр итгэлтэй байв?

-Баярлалаа. Хэдийгээр сандралтай ч, олон улсын том тэмцээнд анх удаа оролцож байгаа ч Монголд болсон тэмцээн уралдаанд чадлаараа оролцож, бас уйгагүй бэлтгэл хийсний хүчинд хожил авсан. Сандарсан ч гэлээ одоо л бүхнээ гаргаж, өдий болтол сагсан бөмбөгөөр хичээллэсний үр дүнгээ үзэх ёстой шүү гэж өөрийгөө зоригжуулж талбайд гарсан. Өөртөө тодорхой зорилго, зорилт тавьсан учраас бүхий л нөөц бололцоогоо гаргаж тоглолоо.

Мөн дасгалжуулагчийнхаа итгэлийг алдахгүйн тулд эхний өрсөлдөгчөө заавал хожих ёстой гэсэн хатуу шаардлага өөрсдөдөө тавиад талбайд гарсан, манай охид. Эхнийх гэлтгүй бүх тоглолтоос маш их туршлага хуримтлуулсан. Бидэнд дутагдалтай зүйл их байгааг олж мэдсэн. Түүнчлэн олон тал дээр бид хүчтэй өрсөлдөгч байх ёстой юм байна гэдэг итгэлийг олж авлаа. Энд нэг зүйлийг зориуд хэлье. Манай багт өмнөх наадамд оролцсон хэд хэдэн эгч байсан. Тоглолтоос тоглолтод тэднээсээ ихийг сурч мэдэж авсан учраас энэ дашрамд баярлалаа гэж хэлмээр байна.

-Та нар тоглолт эхлэх өдөртэй нэлээн тулж очсон. Замдаа ч ядарсан байх. Сэргэж амжсан байсан уу?

-Азийн наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт хийгдсэнээс хойш гурван cap орчим хугацаанд Монголдоо бэлтгэл хийж байгаад шууд явсан. Гэхдээ бид Монголоос Бээжин хүртэл автобусаар явж, тэндээсээ Малайз, Малайзаас Индонези руу онгоцоор ниссэн. Цаг агаарын хувьд ч халуун байсан тул сэргэхэд нэлээн хүндрэлтэй байсан. Гэвч бид “Зорьсон зорилгоо биелүүлж, сайн тоглоно шүү” гэж хэн хэнийгээ зоригжуулж байсан.

-Аль улсын багтай тоглоход хамгийн хүнд байсан бэ?

-БНХАУ, Японы баг. Хэрвээ бид зөвхөн бэлтгэлдээ анхаараад бүхий л цаг хугацаагаа энэ дуртай спортдоо хандуулбал тэдэн шиг мэргэжлийн өндөр төвшний тамирчин болж чадах юм байна гэдгийг ойлгосон. Тоглохоосоо өмнө бид нар “Ийм өндөр зэрэглэлээр бэлтгэгдсэн тамирчдын эсрэг яаж тоглоно доо” гэж бага зэрэг эмээж байсан ч “Адилхан гартай, хөлтэй юм чинь өрсөлдөөд л үзнэ” гэж бодоод зориг орсон.

-Гурван сарын хугацаанд бэлтгэл хийжээ, та бүхэн. Өдөрт хэчнээн цагийн бэлтгэл хийв. Та нарын хийсэн бэлтгэл тэмцээнд оролцоход хангалттай байж чадсан уу?

-Манай багийнхан бүгдээрээ л ажил хийдэг. Тиймээс ажлынхаа завсар зайгаар орой бэлтгэл хийнэ. Яг хоёр сарын хугацаанд ажлаасаа чөлөөний хуудас авч тогтмол бэлтгэлд гарсан. Үүнээс нэг сард нь байрлаж бэлтгэл хийсэн байгаа. Өдөрт 2-3 удаагийн бэлтгэл хийнэ. Нэг удаа хамгийн багадаа нэг цаг, түүнээс дээш цагийн хугацаагаар бэлтгэл хийж байлаа.

-Сагсан бөмбөгийн тамирчид бэлтгэл дээрээ голчлон юу хийдэг вэ. Бөхчүүд бол мэх давтаж, хүчний бэлтгэл голдуу хийнэ. Харин та нар?

-Багийн спорт гэдэг утгаараа багаар ажиллах чадварт илүү сайн суралцах ёстой. Өглөө нь ур чадвар, өдөр, орой нь багаар хэрхэн ажиллах тухай системтэй бэлтгэл хийдэг. Нэг ёсондоо өглөө нь хувь тоглогчийн ур чадвар дээр голчлон анхаардаг.

-О.Баярцогт дасгалжуулагч Инчёны Азийн наадмын дараагаас эмэгтэйчүүдтэй ажиллаад эхэлсэн. Эрэгтэйчүүдтэй ажиллаж байгаад та нарыг дасгалжуулахаар харилцааны өөрчлөлт мэдрэгдэж байна уу. Ер нь хэр хатуу ширүүн дасгалжуулагч вэ?

-Дасгалжуулагчийн чадварын хувьд бол үнэхээр Монголдоо номер нэг шүү дээ. Хатуу зарчим баримталдаг. Өмнө нь эрчүүдтэй ажилладаг байсан болохоор тэр байх. Гэхдээ түүний хатуу ширүүн зан бидэнд маш их хэрэг болдог. Дасгалжуулагчийг хатуу байх тусам манай тамирчид өөрийгөө хянаж, цэгнэж чаддаг. Энэ бол давуу тал юм. О.Баярцогт багш биднийг нэг баг шиг болгохыг, ганцхан зорилготой байхыг үргэлж зөвлөдөг. Баг гэдэг бол нэг цөм.

Тэр утгаараа тэднийг нэгдмэл санаа бодолтой болгохын тулд хатуу байх нь зөв гэж би боддог. Би багшаараа үргэлж бахархдаг. Манай дасгалжуулагч наанаа биднийг загнаж зандарч, хатуу ширүүн харьцдаг ч цаанаа үргэлж хайрлаж хамгаалж, урам зориг өгдөг. Үүнийг түүнтэй ойр байдаг хүмүүс л мэдрэх байх. Түүнээс биш гаднаас хараад ууртай, ширүүн, догшин гэж дүгнэж болохгүй.

-Тоглолтын үеэр дасгалжуулагчаас зэмлэл хүртээд талбайд гарахад айх, биеэ барих тохиолдол гардаг уу?

-Өмнө нь том тэмцээнд оролцож үзээгүй учраас айж, бэргэх, биеэ барих тохиолдол гарч л байсан. Гэхдээ тэр бүхнээ даван туулсан шүү.

-Эхний тоглолтдоо хожсон. Гэтэл хоёр, гурав дахь тоглолтод олон онооны зөрүүтэй хожигдсон. Өрсөлдөгч нь Япон, Хятад байлаа. Тэдний талаар юу хэлэх вэ?

-Би дээр хэлсэн. Эхний тоглолтод хожсон учраас маш том урам авсан. Тэр эрчээрээ Япон, Хятадтай тоглохыг зорьсон. Гэхдээ бүх талаараа биднээс давуу баг бол давуу л байдаг юм билээ. Хэдий тийм ч эцсийн мөч хүртэл чадлаараа л тоглосон. Япон, Хятадын шигшээ баг жилийн турш зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулдаг. Харин бид ажлаа хийнэ, завсраар нь бэлтгэл хийнэ. Бас гэр бүл, үр хүүхэдтэй нь тэдэндээ анхаарал хандуулна. Энэ мэтчилэн санаа зовох асуудал их. Хэрвээ тийм зүйл байдаггүй байсан бол манайхан илүү өндөр амжилт үзүүлэх боломж байгаа юм байна гэдгийг мэдэрсэн шүү. Япон, Хятад, Солонгос гэх мэт орны сагсан бөмбөгийн багийн хангамж бол улсаасаа шүү дээ.

Тэдэнд санаа зовох зүйл алга. Зөвхөн бэлтгэлээ сайн хийх ёстой. Энэ бол тэдний үүрэг. Бэлтгэлээ сайн хийж, тэмцээнд амжилт гаргасныхаа төлөө тэд улсаас цалингаа авч байна, хангамжаа эдэлж байна. Сагсан бөмбөгийн хөгжлийн хувьд иймэрхүү зөрүү их байгаа л даа. Наад зах нь жилд доод тал нь 3-4 тэмцээнд оролцож байна.

Гэтэл бид дөрвөн жилд нэг удаа л хилийн дээс алхаж тэмцээнд оролцдог. Бас нэг баг болоод хоёр, гурван жил хамт бэлтгэл хийх нөхцөл бололцоо алга. Нэгэнтэйгээ ойлголцож, нэг баг болохын тулд хэдхэн сарын хугацаа хангалтгүй. Хамгийн багадаа л нэг, хоёр жил хамт бэлтгэл хийвэл Азийн дээд төвшний багуудтай ижил зиндааны тоглолт үзүүлэх боломж, нөөц манай багт байгаа юм байна гэдгийг мэдэрсэн.

-Азийн наадмын турш та бүхэн юун дээр их алдав. Бас давуу чанар, боломж хэр их байсан бэ?

-Бид хүчтэй, дайчин байх ёстой юм билээ. Бусад баг хүчтэйгээс гадна тоглолтын хугацаа дуустал тэмцэж чадаж байна. Манай багийн сул тал нь намхан, дээр хэлсэнчлэн хэдхэн сар хамт байсан учраас ойлголцохгүй тохиолдол гарч байсан. Toп төвшний багуудын системээр бид бэлтгэл хийвэл манай охидод маш их давуу тал байна гэж хувьдаа дүгнэсэн. Нуруулаг хүмүүсийн эсрэг хэрхэн тоглох тактикаа боловсруулах, ижил зиндааныхаа багуудаас яаж илүү гарах вэ гэдгээ л сайтар төлөвлөх ёстой юм байна гэж дүгнэлээ. Багийн системээ сайжруулах бид хол явахаар санагдсан.

-Энэ жилийн Азийн наадамд үзэгчдэд маш их боломж олголоо. Сагсан бөмбөг дээр л гэхэд эрэгтэй, эмэгтэй багийнхаа тоглолтыг алгасалгүй үзсэн. Ийм боломжийг МҮОНТВ бидэнд өгсөн. Үзэгчийн хувьд дэлгэцээр та бүхний тоглолтыг харахад будагтай талбайд өрсөлдөх чадвар дутмаг байгаа юм шиг санагдсан. Бас үеийн төгсгөлд их алдаа гаргасан. Та надтай санал нийлэх үү?

-Тийм тал байгаа. Манай багийнхныг бусад багийн тоглогчтой харьцуулахад харьцангуй намхан гэж ярьж байхыг сонссон. Тэр утгаараа өөрсдийн сул талаа харуулахгүйн тулд ихэвчлэн алсын зайнаас довтолж тоглох тактик баримталсан болов уу. Нуруулаг тоглогчдын өмнөөс довтлоод хаалтад ороод байхыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ Азийн наадамд гаргасан алдаануудаа дараа дараачийн тэмцээнд засаад явбал амжилт гаргах боломжтой шүү.

-Хэзээнээс сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ. Чухам яагаад энэ спортыг сонгов. Өөр спорт сонгох хувилбар байгаагүй юу?

-Наймдугаар ангидаа хөнгөн атлетикаар хичээллэж байгаад аравдугаар ангиасаа сагсан бөмбөг тоглодог болсон. Анх энэ спортоор хичээллэнэ гэж огт бодоогүй. Эгч маань сагс тоглодог юм л даа. Маш гоё тоглодог тийм эмэгтэй. Тэгээд эгчийнхээ бэлтгэлд байнга цуг очно. Ингэж явсаар нэг мэдэхэд дуртай болсон. Эгчдээ сагсан бөмбөгөөр хичээллэх сонирхолтой байгаагаа хэлэхэд Налайх дүүргийн дасгалжуулагч, спортын мастер Ж.Түмэнжаргал багшид шавь оруулж өгсөн.

Энэ багшийнхаа шавь нь болж, өдий зэрэгтэй яваадаа баяртай байдаг. Харин 2013 оноос хойш өдийг хүртэл О.Баярцогт дасгалжуулагчийнхаа удирдлага дор хичээллэж байна. Надад үргэлж итгэж, бүхий л чадвараа сургадаг багшдаа баярлалаа. Ер нь сагсан бөмбөгөөр хичээллэхэд хойшид хэрэгтэй байж магадгүй гэж бодоод энэ спортыг сонгосон.

-Тэгвэл одоо хэрэг нь гарч байна уу?

-Гаралгүй яах вэ. Би одоо Нийслэлийн татварын газар ажилладаг. Манай байгууллага л гэхэд намайг маш сайн дэмждэг. Хамт олон минь үргэлж урам өгч, бүхий л талын туслалцаа үзүүлнэ. Өнөөдрийг хүртэл манай удирдлагууд, хамт олон минь намайг урмын үгээр тэтгэдэг учраас бүгдэд нь баярласнаа хэлье.

-Таны дараагийн зорилго юу вэ?

-Бэлтгэлээ сайн хийж байгаад Азийн аваргад оролцмоор байна. Цаашлаад олон улсын чанартай том тэмцээнүүдэд өрсөлдөх хүсэлтэй. Өмнөө тавьсан зорилго бий. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд үргэлж хичээх болно.

-Манай улсад багийн спортоор хичээллэж байгаа хүмүүс олон улсын тэмцээн уралдаанд оролцох нь харьцангуй бага. Сүүлийн үед хөлбөмбөг л арай дээрдэж байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг бол?

-Тийм ш үү. Дотооддоо л тоглохоос цаашгүй. Олон улсын тэмцээнд гэхэд хоёр, эсвэл дөрвөн жилд нэг л удаа гадагшаа явж байна. Энэ байдлыг өөрчлөгдөөсэй гэж хүсдэг. Хэрвээ өөрчлөгдвөл манай багт боломж их бий. Манайхан чадвартай, авьяастай, бас их нөөцтэй. Дээрээс нь олон улсад болж байгаа, болох гэж байгаа тэмцээн уралдааны мэдээлэл маш хомс. Өөрсдөө ч сүүлдээ хаана, ямар тэмцээн болж байгааг эрэлхийлэхээ больсон. Бас нэг зүйл хэлмээр байна.

Дөрвөн жилд нэг удаа Азийн наадамд оролцлоо. Гэтэл тэр наадамд зориулж дор хаяж нэг жилийн өмнө бэлтгэлд гармаар байдаг. Даанч тэр нөхцөл нь алга. Тус тусын ажлаа хийж, бэлтгэлдээ анхаарч явсаар сүүлийн хоёр, гурван cap л нэгдэж бэлтгэл хийж байна. Энэ системийг өөрчлөх хэрэгтэй. Өөрчилбөл, бид ЗхЗ-ынхан шиг амжилт үзүүлэх боломжтой. Нэг үеэ бодвол одоо ЗхЗ-ын баг маань эх орныхоо нэрийг олон улсад мандуулж явна.

Би тэдний тоглолтыг үзэхээр, өөрийн эрхгүй баярладаг, бахархдаг. Багийн спорт бол бусад төрлөөс эрс ялгаатай. Нэг багт байгаа 5-10 хүн нэгдмэл болох ёстой. Ингэхийн тулд дор хаяж 1-2 жил хамтдаа бэлтгэл хийдэг баймаар байна. Тэгж чадвал биднээс арай өөр төвшний тоглолт, амжилт харж болно.

-Олон улсад болох тэмцээн уралдааны хуваарь хайдаггүй хэрэг үү?

-Тийм. Холбоо ч тэр, тамирчид өөрсдөө ч, дасгалжуулагч ч энэ тал дээр нэг их анхаарал хандуулдаггүй. Хэрвээ тэмцээн уралдаанд оролцоод яваад байвал бидний чадвар улам л ахина, илүү туршлага сууна. Би гэлтгүй манай багийнхан ч ийм бодолтой явдаг.

-Сагсчдыг хүмүүс өндөр нуруутай мэт төсөөлдөг. Гэхдээ та тийм ч өндөр биш хэр нь тоглолтуудын тань бичлэгийг үзэхэд ур чадвараараа чадамгай харагдсан...

-Баярлалаа. Өндөр болох гэж их хичээсэн ч даан ч болохгүй юм. Ер нь олон хүн “Сагс тоглодог байж намхан юм аа” гэдэг. Би ч бүр дасчихсан.

-Гэхдээ их дайчин харагдсан. Бараг хором ч зогсохгүй, үргэлж хөдөлгөөнтэй. Энэ нь таны төрөлхийн чанар уу?

-Би дайчин, хариуцлагатай байхыг хичээдэг. Дасгалжуулагчийн өгч байгаа минут бүхэн надад үнэ цэнэтэй, хариуцлагатай. Тэр боломжийг алдахгүйн тулд би тэр цаг болгон бүх юм аа гаргадаг. Энэ маань таны хэлдгээр миний төрөлхийн чанар. Би бэлтгэлээ хийж байхдаа хүртэл дайчин байх ёстой гэж боддог. Тэгвэл тэмцээнд ялалт байгуулна. Хэн их хөлс дуслуулна тэр хүнийг бурхан шагнана гэж боддог.

-Та тоглохоо болиод ирэхээр юу хийнэ гэж төлөвлөдөг вэ. Сайн шавь бэлдэх үү, эсвэл хувийн амьдралдаа анхаарал хандуулаад мэргэжлээрээ ажиллах бодолтой юу?

-Эмэгтэй хүн хэцүү л дээ. Айлын эзэгтэй болно, хүүхэд төрүүлнэ. Үүнээс болоод спортоо тодорхой хугацаагаар завсарлана. Хэрвээ энэ асуудлаа зохицуулж чадвал олон жил тоглох боломжтой. Сая л гэхэд Солонгосын багт 35 настай эмэгтэй сагс тоглоод явж л байна. Тиймээс өөрөө л асуудлаа зохицуулах хэрэгтэй. Цаашид үндсэн мэргэжлээрээ ажилласан ч хүүхдүүдтэй ажиллах юмсан гэх мөрөөдөл тээдэг болсон. Заавал мэргэжлийн дасгалжуулагч болох албагүй.

Гагцхүү өөрийнхөө сурч мэдсэн зүйлээ хүүхдүүдэд зааж зөвлөмөөр байна. Ийм секц, дугуйлан нээхийг хүсэж, зорьдог. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд ажлаа ч сайн хийнэ, бэлтгэлээ ч хийнэ. Илүү олон зүйл сураад, сурсан зүйлээ бяцхан багачуудад заамаар байна. Надаас сурсан эрдмээрээ багачууд олон улсад амжилт гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөддөг, бас зорьдог.

-Жакарта хот танд ямар дурсамж үлдээв?

-Хүмүүс нь маш эелдэг юм билээ. Дээрээс нь үзэгчид биднийг маш их дэмжсэн. Монголын хөгжөөн дэмжигч цөөхөн ч гэлээ Индонезийн хөгжөөн дэмжигчид болон шигшээ багийнхан бидэнд маш их урам өгсөн. Түүнд нь их баярлаж байлаа. Газар орны хувьд гэвэл тухтай танилцаж амжаагүй. Нэг өнжөөд л тоглолтод оролцож байсан болохоор хотхоноос гараагүй, хоттой танилцаж амжилгүй л эх орондоо ирсэн. Ямар ч байсан цаг агаарын хувьд бүгчим, халуун юм билээ. Тэр эхэндээ хэцүү санагдсан.

-Таны хувьд Азийн наадамд оролцсоноороо зөвхөн казах ард түмний гэлтгүй монголчуудын хайртай эмэгтэй боллоо. Тиймээс сүүлийн хормыг танд үлдээе?

-Маш их баярлалаа. Намайг болон манай багийнхныг дэмжиж байгаа бүх хүнд талархал илэрхийлье. Төрүүлж өсгөсөн аав, ээждээ баярлалаа, хайртай шүү. Хэрвээ та хоёр намайг төрүүлж өсгөөгүй бол би өдийд хэн байх билээ. Бас надад боломж олгож, намайг урьсан “Үндэсний шуудан” сониныхоо хамт олонд баярлалаа гэж хэлье. Энэ бол багийн спортыг, намайг дэмжиж байгаа нэг хэлбэр гэж бодож байна. Цаашид та бүхнийхээ итгэлийг алдахгүйн тулд илүү сайн хичээх болно.

Зураг