Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Амиа алдагсдын тоо 42 хүрч, ерөнхий сайд Шинзо Абэ гамшгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр буюу Ням гарагт газар хөдлөлтийн гамшигт өртсөн Хоккайдо аралд хүрч, нөхцөл байдалтай танилцжээ.

Өчигдрийн байдлаар хөрсний нурангинд дарагдаж, амиа алдсан иргэдийн тоо 42 хүрээд байв. Арлын төв болох Саппоро хотын эвдэрч нурсан байгууламжуудыг үзсэн Абэ дараа нь гамшгийн гол цэг болсон Ацума тосгонд хүрсэн байна.

Уг тосгоны оршин суугчдын байшин барилгууд зэргэлдээх уулнаас нурсан хөрсөнд дарагдсан юм. Нөхцөл байдалтай танилцсан Шинзо Абэ Токиод эргэж ирснийхээ дараа тус улсын гамшгийн сангаас 540 сая иений ($4.9 сая) хөрөнгийг сэргээн босголтод зориулж гаргахаар шийдсэнээ мэдээлжээ.

Мөн энэ үеэр амиа алдагсдын тоо 42 хүрч, нэг хүн одоо болтол сураггүй байгааг хэлсэн байна.

Газар хөдлөлтийн үеэр Хоккайдо арлын 3 сая өрх гэрэл цахилгаангүй болсныг сүүлийн байдлаар бараг 100 хувь сэргээж чаджээ. Гэхдээ цахилгаан хангамж тогтворгүй байгаа тул хэрэглээгээ хязгаарлахыг иргэд, байгууллагуудад сануулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Японы баруун эргийг сүүлийн 25 жил тохиолдоогүй хүчтэй хар салхи нэрвэж, 11 хүн амиа алдсан. Энэхүү гамшгийн дараахан Хоккайдод газар хөдөлж, дахин олон хүний амь үрэгдээд байна.

Өнгөрсөн зун Японд хэт халалт, үер, хар салхи, газар хөдлөлт зэрэг олон байгалийн гамшиг дараалан тохиосон юм.

 

Эх сурвалж: AFP