Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Удахгүй Солонгосын визний журамтай холбоотой албан ёсны мэдэгдэл хийнэ”

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 9 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

БНСУ-ын ЭСЯ-ны Консул Кил Ганмугаас тус улсын визтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. БНСУ-ын ЭСЯ Солонгосын визний талаарх мэдээллийг монгол иргэд хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй нарийн мэдээлэл өгөхөө тэрбээр дурдлаа. 

-Өнөөдрийн байдлаар БНСУ-д хэчнээн монгол иргэн ажиллаж амьдарч байна вэ?

-Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл буюу 2018 оны долдугаар сарын статистикаар нийт 46,000 хүн Солонгост оршин сууж байгаа бол 18 орчим мянга нь хууль бусаар байна гэсэн тоо байна. 

-Танай ЭСЯ визний журмыг хөнгөвчлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авч байгаа юу? 

-Манай хоёр орон 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш байнгын идэвхтэй хамтран ажиллаж, Солонгосын визний журмыг хөнгөвчилж, визний материалыг багасгах талаар олон арга хэмжээ авсаар ирсэн. Сүүлийн үед хамгийн эрчимтэй яригдаж байгаа асуудал бол ямар нөхцөлтэй байвал Монгол Улсын иргэд байнгын буюу олон удаагийн визийг авах боломжтой болох вэ гэдэг дээр манай ЭСЯ нарийн судалгаа хийгээд явж байна. 

-Виз мэдүүлэхтэй холбоотой иргэдээс янз янзын гомдол гардаг. Тухайлбал, визний цагийг хүмүүс урьдчилж аваад худалддаг асуудал их яригддаг.

-Ийм асуудал гардаг байсан. Одоо бол бүрэн цэгцэрсэн байгаа. 

-Бас нэг асуудал. Виз мэдүүлдэг гүйцэтгэгч компаниудын хариуцлагагүй байдлаас болоод эмчилгээний чиглэлээр БНСУ-ыг зорчих гэж байсан иргэд хохирох тохиолдол гардаг. Энэ компаниудтай хэр уялдаатай ажилладаг вэ?

-Эмчилгээний аяллын визний хувьд солонгос ч бай, монгол ч бай хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал гэдэг үүднээсээ манай ЭСЯ маш нарийн бөгөөд шуурхай шалгадаг. Солонгосын талд мэдүүлээд хоёр хоногийн дотор визний хариу гардаг. Хэрэв үүнээс удвал иргэд Солонгос талдаа кодтой визээ мэдэгдэх боломжтой. Хэрэв тийшээ мэдүүлэх боломжгүй гэвэл Монгол ба Солонгосын ЭСЯ-нд хандаж болно. Эмчилгээний аяллын визний гаралт 95 хувьтай буюу маш өндөр байгаа

Хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээний дагуу шалтгаан, онош тодорхой байвал санхүүгийн чадавхаас бүрэн чөлөөлөх зэргээр олон давуу тал олгосон байгаа. Харин санаа зовоож буй нэг асуудал бол эмчилгээний визийг буруугаар ашиглах тохиолдол маш их байдаг. Энэ төрлийн визийг хуурамчаар мэдүүлэх оролдлого маш их байдаг бөгөөд тэр хүмүүс үнэн зөв мэдүүлж байгаа бусдадаа хохирол учруулдаг. Тиймээс манай ЭСЯ сүүлийн үед бичиг баримтын хуурамч байдал, материалыг буруу бүрдүүлэлттэй холбоотой нэлээн нарийн шалгаж, хатуу арга хэмжээ авч байгаа. Цаашид эмчилгээний аяллыг бид дэмжинэ. 

-БНСУ аялал жулчлалын байгууллагаа Улаанбаатар хотод нээж, Солонгос руу зорчих жуулчны урсгалыг бодлогоор дэмжиж байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл Монголын аялал жуулчлалын компаниуд групп жуулчдын виз мэдүүлэхээр танай консулын зүгээс хүн нэг бүрийг визээ мэдүүлэхийг шаардаж байна гэсэн гомдол гарч байсан. Энэ талаар тайлбар хэлэхгүй юу?

-Маш оновчтой, цаг үеэ олсон асуулт тавилаа. Одоогоор Монгол Улсын хувьд групп визний ангилал огт байхгүй. Тийм учраас Монгол, Солонгосын хооронд хүмүүс дан дангаараа, өрийнхөө визийг мэдүүлж, тэр болгоныг нэг бүрчлэн шалгах шаардлагатай байгаа. Виз мэдүүлэгчийн тоо асар өндөр байгаа. Тийм учраас дээрх хүндрэл гарч, хүмүүс маш ихээр цаг хугацаа алдаж, втз оройтож гарснаас аялж чадахгүй хүрэх зэрэг асуудал гарч байна. 
Цаашдаа бид энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Өнөөдөр тулгараад байгаа эдгээр асуудлыг бид маш сайн мэдэж байгаа. Гэвч үүнийг манай ЭСЯ дангаараа шийдэх боломжгүй. БНСУ-ын Засгийн газар энэ асуудлыг хариуцаж шийддэг. Тэр гол байгууллагуудтайгаа бид хэлэлцэж байгаа. Тэгэхээр групп виз байх боломжтой,  эсэхийг нарийвчлан судлаад ирэх жил гэхэд хэрэгжүүлэх талаас нь түлхүү анхаарч байна. Ирэх оны эх гэхэд эцсийн шийдвэрийг гаргана. 

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа зүйл байгаа юу?

-БНСУ-ын Засгийн газар болон ЭСЯ-ны зүгээс Монголын ард иргэдэд зөв мэдээллийн дагуу виз мэдүүлэх боломжийг бид маш нарийн төлөвлөгөөтэй гаргахаар сайтар бэлдээд ажиллаж байна. Эхний ээлжинд визний талаарх мэдээллийг монгол иргэд хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Удахгүй Солонгосын визний журамтай холбоотой албан ёсны мэдэгдэл хийнэ