Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Захирлууд нь ажлаасаа гарч, Илон Маск олны өмнө марихуан татсанаар Теслагийн хувьцааны ханш уналаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны ханш өчигдөр 7 хувиар унасан нь тус компанитай холбоотой таагүй мэдээллүүдээс үүдэлтэй байв.

Теслагийн санхүү хариуцсан захирал Дэйв Мортон өнгөрсөн Мягмар гарагт өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан тухай мэдээлэл өчигдөр албаны бичиг баримтаас ил болсон юм.

Тэр энэ компанид ажиллаж эхлээд ердөө нэг сар болж байжээ. Мортон өндөр ачаалалтай ажил, хэт их хяналт шалгалт түүний гарах шалтгаан болсныг тайландаа бичсэн байв. Гэхдээ тэр компанийн удирдлагуудтай санал зөрөлдөх асуудал байгаагүйг баталжээ.

Мөн тус компанийн хүний нөөцийн захирал Гэби Толедано ажилдаа эргэж ирэхгүй болж байгааг өчигдөр Блүүмбэрг мэдээлсэн юм. Тэр наймдугаар сараас эхлэн ажлаасаа завсарлага аваад байв.

Өнгөрсөн Пүрэв гарагт Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск “Joe Rogan Experience” подкаст ярилцлагад оролцохдоо марихуан татаж, виски ууж байгааг өчигдөр тарсан видео бичлэг харуулжээ.

Тэрээр хоёр цаг, хагас үргэлжилсэн ярилцлагынхаа үеэр компанийн үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл болох зүйлс ярьсан нь олны анхаарлыг татсан байна. Марихуаны хэрэглээг Калифорни муж улс хуулиар зөвшөөрсөн байдаг.

Энэ бүх сөрөг мэдээллийн дараа өчигдөр Тесла компанийн зах зээлийн үнэлгээнээс $3 тэрбум орчим хасагджээ.

Баасан гарагийн арилжаа хаагдах үед Тесла компанийн нэгж хувьцааны үнэ $263 орчимд хэлбэлзэж байв.

Илон Маск өнгөрсөн сард Тесла компанийг хувьчлах төлөвлөгөөг твиттер хуудсандаа зарлаж байсан ч сүүлд биелэх боломжгүй гэдэг нь батлагдсан. Масс зах зээлд зориулсан  автомашины үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө гүйцэхгүй байгаагаас Маск үйлдвэр дотроо хонож, эрүүл мэнд нь муудаж байгаа тухай мэдээлэл саяхан тарж байв.

Ийнхүү Тесла компани, түүний цуутай үүсгэн байгуулагчийг тойрсон дуулиан үргэлжилсээр байна.

Эх сурвалж: Reuters