Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Таны магтаал тэдэнд хор болж байна

ikon.mn
2018 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Харин ч сайшаан магтаж байхад юу нь буруу гэж? Би лав ажлаа сайн хийсэн тохиолдолд магтуулах дуртай. Судалгаагаар хүртэл сайшаалын дуу холдох тусам ажилтнууд үнэлэгдэхгүй байгаа мэт санагдаж, үр бүтээмж нь буурдаг болохыг харуулсаар ирсэн. Энэ мэт давуу талаас болж менежерүүд багийн гишүүдээ “Чиний тайлан хамгийн шилдэг нь байлаа” эсвэл “Чиний ачаар энэ төсөл амжилттай боллоо” гэх мэтээр урам өгөх аж. 

Харин аз жаргал судлалын эксперт Шаун Эчорын бичсэн номонд тэмдэглэснээр сайн санаж хэлсэн энэхүү магтаал нь сайнаас илүү саар нөлөөтэй юм. Яагаад тэр билээ? 

Давуу зэргийн асуудал

Эчорын хувьд магтаалыг зөв гэж үздэг. Удирдагчид талархсан сэтгэлээ байнга илэрхийлэх хэрэгтэй хэмээн зөвлөдөг нэгэн. “Зөвөөр илэрхийлж чадсан тохиолдолд тархины үр бүтээмж нэмэгдэнэ. Тэгэхээр сайшаах тусам амжилт гаргаад л байх нь. Амжилт ихсэх тусам сайшаал ч олширно.” хэмээн бичжээ. 
Гэхдээ сайшаалыг зөв илэрхийлж чадсан эсэхээс л дээрх үр дүн хамаарахыг анхаарна уу. Хэрэв та хамгийн шилдэг, хамгийн ухаантай гэх мэт давуу зэрэгтэй үгс сонгох аваас зөв илэрхийлж чадахгүй байна гэсэн үг. Яагаад гэж үү? Энэ бол магтаалын үг гэхээс илүү харьцуулж буйн шинж. Ингээд хамт олны дунд нууц өрсөлдөөн өрнөж үр дүнд дарамтад орсон, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурсан ажилтан олширно. 

Миний хувьд ч гэсэн энэ төрлийн магтаалыг олонтаа сонссон. Илтгэл тавьсны дараагаар “Чинийх өнөөдрийн шилдэг нь байлаа” гэнэ. Сонсоход сайхан ч зарим тохиолдолд намайг байнга хамгийн шилдэг нь байж чадахгүйг сануулж удалгүй зориг мохож, өөрийгөө үнэлэх үнэлэмж маань доошилдог. 

 Хамт олон, өрсөлдөгч нарын дунд өрнөх эрүүл өрсөлдөөн заримдаа түлхэц болж тэднийг хөгжүүлдэг ч заримдаа бол үгүй. Тухайлбал би хажуу ширээний охиноос илүү болов уу гэх бодол толгойд орох мөчид ажилдаа бүтээлчээр төвлөрч чадахгүй, үйлчлүүлэгч нараа бүрэн анхаарахгүй эсвэл ажлаа сэтгэл тэнэгэр хийж чадахгүйд хүрдэг.
Нөгөө талаар нэгийг гаргуунд гаргаж нөгөөг магтах нь нэгэн цул болж хамтрах тэмүүлэл, багийн идэвхийг бууруулдаг. 

Нэмж хэлэхэд шилдэг гэх үнэлэмжийг бууруулах аюултай. Хамгийн шилдэг нь болохын тулд хажуу ширээний нөхрөөс багахан тод өнгөөр л гэрэлтэхэд хангалттай гэх сэдэл төрнө. Гэвч гэрэлтэй харагдаагүй тэр нөхрийн чадамж шилдэг гэдгээс хамаагүй шилдэг ч байж болно. 

“Чи хамаагүй сайн, шилдэг нь гэж дугаарласнаар хүмүүсийн хүрэх өндөрлөгт хязгаар тавьдаг. Хэрэв хэн нэгнээс л сайн байснаар шилдэг нь болдог юм бол бидний үнэлэмж үнэхээр доогуур байгаагийн илэрхийлэл биш гэж үү? Хэрэв энэ залуугийн л дээр гарвал бид амарч болно гэх санааг даамжруулдаг. Ингээд л бидний потенциал хязгаарлагдана.” хэмээн Эчор цохон тэмдэглэжээ.
Ийнхүү өрсөлдөөн үүсгэж, давуу зэргээр хүмүүсийг эмзэг болгохын оронд хүмүүсийн сайн хийдэг ажлыг ажиглаад тодорхой, шударга магтаал хэлэх хэрэгтэй. “Чиний тайлан сайн болжээ” эсвэл “Илтгэл дээр татсан ишлэл чинь сэтгэл хөдөлгөлөө” гэсэн магтаалыг жинхэнэ сайшаал гэж болно. Хураангуйлбал ‘хамгийн’ гэх давуу зэргээс татгалз.

Гэр, сургуульд  ч ялгаагүй

Энэ асуудал гэр ба сургуулийн орчинд мөн ялгаагүй. Таны хувьд сайн санааны үүднээс хэлж байгаа ч “Миний хүү хамгийн мундаг нь байсан” гэх өгүүлбэрээр ‘ангийн хүүхдүүдээс л сайн байвал болох юм байна’ гэсэн хичээл болдог. Иймд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нар ч гэсэн хүүхдэд хамгийн ухаантай, хамгийн хөөрхөн гэж хэлэхдээ болгоомжтой хандана уу. Хүүхдийг магтах өөр олон арга бий.

 

Эх сурвалж: Biznetwork.mn