Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн төслийн хамтын ажиллагааг эхлүүллээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орос, Монгол, Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол өнөөдөр Шангри-Ла зочид буудлын Парис танхимд боллоо. Энэ үеэр уг төслийн хөрөнгө оруулагч "Эв соёл хүн төрөлхтний хамтын цогц газрын тос, хий" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Вангө, гүйцэтгэгчээр ажиллах БНХАУ-ын Төмөр замын 25-р товчоо группийн ТУЗ-ийн дарга Жан Зяньгуо нар “Монгол-Орос-Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн төслийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулан, гарын үсэг зурлаа. 

Тус төслийн хамтын ажиллагааны гэрээ нь Монгол-Орос-Хятад гурван улсын байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын төсөл албан ёсоор эхэлж буйг илэрхийлж байгаа бөгөөд Монгол-Орос-Хятад гурван улсын Төрийн тэргүүнүүд 2018 оны зургаадугаар сард БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан “Шанхайн хамтын ажиллагааны” дээд чуулган дээр  Монгол-Хятад-Орос гурван улсын байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын төслийн талаар санал нэгдсэн ажлыг шат ахиулан хэрэгжүүлж, гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ба “Бүс ба зам” санаачилгад чухал түлхэц үзүүлэх юм.

Өнгөрсөн зургаадугаар сарын 9-10-нд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага(ШХАБ)-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдааны үеэр болсон гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү хийн хоолойн төслийн талаар хэлэлцсэн билээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна” хэмээн хүсэлтээ илэрхийлсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Энэхүү төсөл нь Монгол Улсад эхэлж хэрэгжих ба төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, татвар, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчны нөхцөлийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ ОХУ-ын эдийн засаг, БНХАУ-ын байгаль орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Төслийн гүйцэтгэгчээр ажиллах БНХАУ-ын Төмөр замын барилгын 25 дугаар товчоо групп нь БНХАУ-ын бүтээн байгуулалтын салбарын томоохон групп бөгөөд олон улсын зах зээлд бүтээн байгуулалтын баялаг туршлагатай, шинэ дэвшилтэт менежментээр төсөл хэрэгжүүлэх бүрэн хүчин чадалтай компани ажээ. Тус групп нь “Итгэлтэй,  шинийг нэврүүлдэг, урт удаан хугацааны баталгаатай бүтээн байгуулалтын бүтээгдэхүүнийг өндөр ёс суртахуунтай хослуулах” үзлээр гэрээний үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж, Монгол-Орос-Хятад гурван улсын байгалийн хийн хоолойг аюулгүй, чанарын өндөр түвшинд барьж байгуулан олон улсын зах зээлд шинэ жишиг бүтээн байгуулалтыг цогцлооно гэдгээ илэрхийлсэн.