Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Эм Си Эс групп Өмнөд Солонгосоос “зөвхөн интернэт” банкны технологийг импортлохоор болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын анхны “зөвхөн интернэт” банк болох K-Bank нь KT групптэй хамтран өөрийн технологийг Монголын зах зээлд нэвтрүүлэхээр болсныг тус компани өчигдөр буюу Ням гарагт мэдээлжээ.

KT (Korea Telecom) групп нь K-Bank-ийн 18.01 хувийг эзэмшдэг хамгийн том хувь эзэмшигч нь юм.

Эдгээр компаниуд Монголын зах зээлд интернэт банкны технологи, үйлчилгээгээ Эм Си Эс групптэй хамтран нэвтрүүлэх гэрээг байгуулсан байна.

Таван жилийн хугацаатай хамтын ажиллагааны гэрээ нь 5.5 тэрбум воны ($4.92 сая) дүнтэй бөгөөд үүний 2.3 тэрбум вон нь зөвлөх үйлчилгээний хөлс байх гэнэ.

Ингэснээр Эм Си Эс групп нь Монголын зах зээлд анх удаа бодит салбаргүй, зөвхөн интернэт орчинд үйлчилгээгээ хүргэдэг банкыг нээхээр болж байна. Уг үйлчилгээний нэрийг одоохондоо “M Bank” гэж нэрлээд байгаа ажээ.

KT групп нь тус банкыг өөрийн зээлийн онооны системтэй (CSS-Credit Scoring System) болоход нь голчлон дэмжлэг үзүүлэх гэнэ.

K-Bank-ийн гүйцэтгэх захирал Шим Сён Хүн “Бид гадаад зах зээлд бизнесээ хүргэх анхны алхмаа хийх болсондоо баяртай байна” гэсэн бол KT группын гадаад бизнесийн газрын захирал Юн Кюн Лим “K-Bank-ийн гол хувь эзэмшигчийн хувьд KT групп нь өөрийн CSS-ийг хөгжүүлж, өнгөрсөн хугацаанд ихээхэн туршлага хуримтлуулсан. Тиймээс финтек салбарт хуримтлуулсан туршлага, дэвшилтэт технологио гадаад зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид бас Эм Си Эс Групптэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Korea Times