ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлдвэрлэлийн ослын эрсдэл

ikon.mn
2018 оны 8 сарын 10
iKon.MN

Дэлхий нийтэд өдөрт дунджаар 16,000 орчим хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдаж байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд үйлдвэрлэл, бүтээн байгуулалт ихээр хийгдэж байгаа учраас үйлдвэрлэлийн ослын тохиолдол их байдаг. Манай улсын хувьд ч уул уурхай, барилга, хөнгөн үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед үйлдвэрлэлийн осол, ажлын байрны эрүүл ахуйн асуудлаас үүдсэн мэргэжлээс шалтгаалсан өвчин мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа алдагдсанаас гардаг золгүй тохиолдол гарсаар  байна.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ӨРТСӨН 10 ХҮН ТУТАМЫН НЭГ НЬ НАС БАРДАГ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага үйлдвэрлэлийн ослын эрсдэлээс үүдэлтэй нас баралтыг дэлхийн 172 улсад судалж, 100,000 хүнд ногдох нас баралтын түвшингээр нь эрэмбэлсэн бөгөөд манай улс эрсдэлтэй ангилалд багтжээ. Тэгвэл дотоодын мэргэжлийн байгууллагуудаас тооцоолон гаргасан үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индекстэй танилцъя.

 

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

Үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индекс нь өнгөрсөн жилийнхээс 1.7 нэгжээр буурч 3.3 болжээ. Үүнд ослын тохиолдлын тоо 13.3%-аар, гэмтсэн хүний тоо 15.4%-аар, нас барсан хүний тоо 35.4%-аар тус тус буурсан нь нөлөөлжээ.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
НИЙТ ОСОЛД ӨРТСӨН ХҮМҮҮСИЙН 36% НЬ 25-34 НАСНЫ ЗАЛУУЧУУД БАЙНА
Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН 42% НЬ УНАХ, БҮДРЭХ, ХАЛЬТРАХ  ШАЛТГААНЫ УЛМААС ГАРСАН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
 

Аливаа эрсдэлийг бууруулах хамгийн оновчтой арга нь урьдчилан сэргийлэх явдал байдаг. Үйлвдэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд бүх талын оролцоо чухал юм. Ажил олгогч аж ахуй нэгжүүд ажлын байрны аюулгүй орчинг бүрдүүлэх, мөн эрсдэлтэй ажлын байран дахь ажилчдыг аюулгүй тоног төхөөрөмж хувцас хэрэглэлээр хангах үүрэгтэй. Мөн ажилтан албан хаагчид ч гэсэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг цаг ямагт дагаж мөрдөх хэрэгтэй. 

Өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэлийн ослын эрсдэл харьцангуй бага байдаг хэдий ч үргэлж тийм байсангүй. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах олон жилийн тасралтгүй оролдлогоор өнөөдрийн үр дүнд хүрчээ.

Жишээлбэл: Европын холбооны 15 улс болон Норвеги, Исланд улсын хөдөлмөрийн хяналтын алба хамтран 2003 онд барилгын талбайн хяналтын ажлыг Европ даяар явуулсан. Энэ ажлын хүрээнд 16200 гаруй барилгын талбайд шалгалт хийсэн нь анх удаа ийм том хэмжээний шалгалт байлаа. Харамсалтай нь шалгалтын үр дүнд нөхцөл байдал төсөөлснөөс харьцангуй муу байсан нь илэрсэн. 1,510 барилгын ажил онц аюултай нөхцөл байдалд байсны улмаас зогсож, нийтдээ 12000 гаруй зөрчил илэрсэн. Үүний дараа барилгын салбарын  хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажил 2003-2004 оны хооронд явагдсан. Голлох эрсдэл болоод байсан ажилчдыг өндрөөс унах ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулж ажилласан. Үүний үр дүнд барилгын талбайд өндрөөс унах ослын тохиолдол уг ажлыг хэрэгжүүлсэн орнуудад 10-30 хувиар буурчээ.

 

Мөн Испанид орон нутгийн захиргааны байгууллагаас компаниудад шалгалт хийснээр компаниудын ердөө 3% нь нийт ослын 40%-г гаргаж байгааг илрүүлсэн. Эдгээр өндөр эрсдэлтэй компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах тал дээр анхаарал хандуулан ажилласнаар үйлдвэрлэлийн осол гэмтлийг 25%-р бууруулж чадсан.

Манай улсын хувьд засгийн газраас удаа дараагийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсаар ирсэн бөгөөд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний дөрөв дэх хөтөлбөр” 2012 оноос 2016 оны хооронд хэрэгжсэн байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон, хэрэгжилтийг сайжруулж эрсдэлгүй, аюулгүй, эрүүл ажлын байрны орчинг бүрдүүлэх, ажиллагчдад аюулгүй ажиллах зан үйл, соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын үндэсний тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхийг хангуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулах байжээ. Тус хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 10,000 хүнд үйлдвэрлэлийн ослын 3.9 тохиолдол оногдож байсан бол 2016 онд 2.9 болж нэг нэгжээр буурсан байна. Үйлдвэрлэлийн эрсдэлийн индекс тооцоололд ч тус хугацаанд индекс 6.7-оос 3.3 болж буурсан нь харагдаж байна.

Дээрх судалгааны дүн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, ажлын байран дахь хими, физикийн болон бусад хүчин зүйлсийн зүгээс хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, урьдчилан сэргийлэх удирдлага, хяналт, мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх шаардлага байгааг харуулж байна. Үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Хэрэв танд энэхүү эрсдэлийг бууруулах талаар шинэ санал, санаачилга байвал info@mandal.mn цахим хаягаар холбогдоорой. Мандал Даатгал компанийн “Эрсдэлийн удирдлагын клуб”-ын хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байна.

 

Эх сурвалж: Мандал даатгал ХХК

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг