Дэлхийн бусад улс ч мөн аавуудаа хүндэтгэх үндэсний өдрийг тэмдэглэдэг. Тухайлбал, германчууд Христийн тэнгэрт хальсан өдөр, Австраличууд есдүгээр сарын эхний ням гараг, Италичууд гуравдугаар сарын 19-нд аавын өдрийг тэмдэглэдэг бол Англи, Франц, Бельги улс тавдугаар сарын 19-нд аав нартаа хүндэтгэл үзүүлдэг байна. Монгол 2003 онд энэ өдрийг тэмдэглэдэг 18 дахь улс болжээ.
Энэхүү тэмдэглэлт өдөр нь аавууд, хүүхдүүдийн хамгийн ойр дотно байх боломжийг олгодгоос гадна үргэлж эмэгтэйчүүдийн “ард” хоцордог эрчүүдэд тулгамдсан асуудлуудыг авч үздэг байна.
Монгол Улсын хувьд эрэгтэйчүүдийн тулгамдаж буй асуудал цөөнгүй. Зарим статистик үзүүлэлтээс дурдвал:
Тэр дундаа Монголд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү өндөр байгаа нь жендерийн тэгш бус байдал эрчүүдэд илүү хамаатай болохыг нотолж байна хэмээн ярьж, бичдэг. Тэгвэл үүний гол шалтгаан нь юу болохыг Үндэсний статистикийн хороо судалжээ.
Дэлхий дахинаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү дунджаар 4 жил байдаг бол Монголд 9 жил байгаа нь асар их зөрүү
ҮСХ-ны судалгаанд дурдсанаар буурай хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ тэр бүр хүртэж чаддаггүй учраас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү бага байдаг хэдий ч хөгжил нь ахихын хэрээр дундаж наслалтын зөрүү нэмэгдэх хандлагатай байдаг гэжээ. Үүнд үндэслэн сүүлийн хэдэн арван жилд Монголын хөгжил эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг нэмэгдэхэд хүргэсэн хэмээн үзсэн байна.
Дэлхий дахинаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү дунджаар 4 жил байдаг бол Монголд 9 жил байгаа нь асар их зөрүү. Ийм зөрүү ихэвчлэн өмнө социалист байсан орнуудад ажиглагддаг аж. Манай улсад дундаж наслалтын зөрүү ийм өндөр байгаа нь эрчүүдийн хорт зуршилтай холбоотой ажээ.
Хүснэгт 1. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт хамгийн их зөрүүтэй орнууд (жилээр) 2010-2017 он
Эрчүүдийн муу зуршлын талаарх тоо мэдээллүүдээс хүргэе. Монгол Улс дахь өвчлөлт, нас баралтын тоон мэдээг харахад бүх насны бүлэгт эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин илүү өндөр байна. Энэ нь биологийн хүчин зүйлээс гадна орчны болон зан үйлийн хүчин зүйлс нөлөөлж байгаа хэмээн ҮСХ үзжээ. Тухайлбал, эрүүл бус сонголтууд болох тамхи, согтууруулах ундааны хэрэглээ Монгол Улс дахь нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод буй зүрхний шигдээс, ус харвалт зэрэг зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл болж байна. Тийм ч учраас эрчүүд эмэгтэйчүүдээс хамаагүй залуудаа нас барж байна.
Урьд өмнө социалист байсан орнуудын нэгэн адил Монголд ч согтууруулах ундааны хэрэглээ өндөр байгаа нь ялангуяа эрчүүдийн дунд ноцтой асуудал хэвээр. Монгол эрэгтэйчүүдийн 39.7 хувь нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг бол энэ үзэгдэл эмэгтэйчүүдийн дунд 15.1 хувь буюу 2.5 дахин бага байна. Түүнчлэн 2016 оны байдлаар өвчлөлийн бус нас баралтын шалтгааны
Хүснэгт 2. Нас барсан хүний тоо, хүйсээр, шалтгаанаар, 2002-2016 он
Энэ тоонууд эрчүүд эрүүл бус амьдралын хэв маягтай байгааг илтгэж байна. Тиймээс архи, тамхины хэрэглээнээс үүдэлтэй нас баралт, зам тээврийн осол, мөн амиа егүүтгэх явдлаас урьдчилан сэргийлэх боломжтой юм. Эрэгтэйчүүдийн дунд эдгээр муу зуршлаас урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахыг эрмэлздэг болох хэрэгтэй байна. Тухайлбал, 2016 онд эрүүл мэндийн байгууллагад хандан үзүүлсэн давтамж дунджаар эрчүүдийн хувьд 5 удаа байжээ. Харин жирэмсний хяналтын үзлэгийг оруулахгүйгээр тооцоход эмэгтэйчүүд 6 удаа эрүүл мэндийн байгууллагад ханддаг байна.
Иймд эрчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд тэднийг бие махбод, сэтгэл зүйн хувьд эрүүл мэнддээ анхаардаг болгож, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх шаардлагатайг судалгааны дээрх дүнгүүд хэлж өгчээ.
Үндэсний статистикийн хорооны “Монгол эрчүүдийн муу зуршлын хор хөнөөл” хэмээх уг тайланд дурдсан бас нэг чухал мессеж нь “Хөвгүүд, эрчүүд өөрсдийгөө илэрхийлэх сэтгэл хөдлөл, зан үйлийг хязгаарласан, эр хүний үүрэг ролийн талаарх уламжлалт тогтсон ойлголт нь нэг талаараа “эрчүүдийн муу зуршил”-тай салшгүй холбоотой бөгөөд энэ нь Монголын нийгмийн бүтэцтэй нягт уялдаатай. Эрчүүдийн муу зуршил нь төрөлхөөс заяасан зүйл биш, харин нийгмээс үүдэн бий болсон хандлага, зан үйл” гэсэн дүгнэлт. Өөрөөр хэлбэл, монголчуудын амнаас гардаг:
гэх зэргээр ханддаг нь хөвгүүд, эрчүүд сэтгэлийн хөдөлгөөнөө нуух үндэс болдог байна. Энэ бүхэн нийгэмд “Хатуу чанга харагдах нь хүч чадалтай эр хүнийг илтгэсэн шинж бөгөөд булчин шөрмөстэй байх нь хүчтэйн шинж, харин сэтгэлийн хөдөлгөөнтэй байх нь сул доройн шинж” гэсэн уламжлалт үзлийг бий болгосоор иржээ. Үүний уршгаар сул дорой харагдахаас айх явдал нь эрчүүдийг эмнэлэгт хандаж үйлчлүүлэх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй байх, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө бүхий өндөр эрсдэлтэй зан үйлээс зайлсхийхэд сөргөөр нөлөөлдөг байх нь. Мэдээж сэтгэлийн дарамт учруулна. Тогтсон энэхүү уламжлалт үзлийг дагахгүй бол нийгэмд тэднийг эр хүн хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байх хандлага Монголд түгээмэл байдгийг судалгаанд дурджээ.
Хүснэгт 3. Амиа хорлон нас барсан хүний тоо, хүйсээр, 2002-2016 он
Энэ мэтчилэн хүйсээр ялгаварласан ойлголтууд нийгмийн хөгжилд тус болдоггүй аж. Тиймээс бидний анхаарах ёстой зүйл бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгд энэ хандлагаа өөрчлөх. Эрчүүдийн муу зуршлыг өөрчилж, эрчүүдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр, аянуудаар дамжуулан тэднийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрэлхийлдэг хандлагатай болгох нь нийгэм дэх тогтсон ойлголтыг өөрчлөх нэг эерэг алхам хэмээн ҮСХ үзсэн байна.
Эдгээр үйл ажиллагаа нь ялангуяа монгол эрчүүдийг эрүүл саруул, урт удаан наслахад чухал ач холбогдолтой, эрүүл мэнд, сайн сайхан амьдралын талаарх зөв хандлагыг төлөвшүүлэх алхмыг эхлүүлнэ хэмээн үзэж байна. Хамтдаа өөрчилж, эрчүүдийнхээ насыг уртасгая. Амьдралын түшиг тулгуур аавуудынхаа баярыг утга учиртай тэмдэглэхийн тулд тэдний өмнө тулгамддаг асуудлуудалд шийдэл олох нь зөв биз ээ.
Бүх аавууддаа Аав нарын баярын мэнд хүргэе!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!