Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Үерийн улмаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг бүрэн зогсоожээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 31
iKon.MN
 

Өмнөговь аймгийн Ханбогд суманд өчигдөр шөнө болон үүрээр орсон борооны улмаас Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замын 83, 86, 90, 101 км-ийн замууд дээр үерийн ус орж, замын зорчих хэсэгт гулгаа үүсэн үзэгдэх орчин хангалтгүй байгаа тул гэрлээ асааж, хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төв анхааруулав. 

Нөхцөл байдал ямар байгаа талаар бид “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирал Ц.Болдоос тодруулахад “Өчигдөр 10:00 цагаас эхлэн бороо орж, үер буугаад байна. Ханбогд суманд дөрвөн ч удаа үер бууж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам эвдрээд, явах боломжгүй болсон тул нүүрсний тээврийг бүрэн зогсоогоод байна” гэсэн юм. 

 

Тиймээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын 122-132 дахь буюу 10 км газарт нэмэлт шороон зам хийх ажлыг эхлүүлжээ. Нэмэлт замыг 36 цагийн дотор дуусгаж, маргаашнаас нээхээр төлөвлөсөн байна. Мөн нүүрс тээвэрлэдэг энэхүү гол замын дөрвөн хэсгийг сэтэлж, ус зайлуулах хоолой хийж байгаа аж. 

Зам зорчих аргагүй болсноос хилээр гарахаар нүүрс ачсан 200, хилээс буцаж байсан мөн 200 гаруй машин замын хажууд зогсоосон байдалтай байгааг Ц.Болд ярилаа. 

Тус аймагт энэ сарын 14-15-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн тус авто замын далан нурж, 127 хэсгийн хөвөө сэтэрсэн билээ. Гэтэл угс эвдрэлийг засаж амжаагүй байтал дахин үер буусан нь ийнхүү замын хөдөлгөөнийг хаахад хүргэжээ. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км автозамаар нийт 104 аж ахуйн нэгжийн 8,700 гаруй автомашин нүүрсний тээвэр хийж буй. Монгол-Хятадын хилийн автозамын Гашуунсухайт боомтын хяналт шалгалт, нэвтрүүлэх хурдаас хамаарч өдөрт 85-95 тонн жинтэй 400-1,100 автомашин хилээр нэвтэрдэг байна.