Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганболор: Хепатит В, Д вирусийг бүрэн устгадаг эмчилгээ дэлхий дахинд байхгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хепатит Д буюу Дельта вирусийн тархалтаар Монгол Улс дэлхийд тэргүүлж байгааг тогтоожээ. Энэ судалгааны үр дүнд Монгол Улсын хепатит В вирусийн халдвартай хүмүүсийн 60 % нь хепатит В, Д вирусийн давхар халдвартай гэдгийг тогтоосон байна.

Тиймээс Дэлхийн хепатитын ѳдрийг тохиолдуулан  ЭЛЭГНИЙ В, Д ВИРУСИЙН ЭСРЭГ НЭГДЭН ТЭМЦЬЕ! нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан талаар бид мэдээллэсэн.

Монгол Улсад элэгний B, D вирусийн халдвартай 140 мянган хүн байдаг бөгөөд тус вирус нь элэгний бусад төрлийн вирусээс хамгийн хүнд хэлбэр нь болдог байна. Тиймээс өвчлөл нас баралтад маш хурдан хүргэдэг, эмчилгээний хувьд ганцхан төрлийн тарианаас өөр эм тариа байдаггүй аж.

Үүнтэй холбоотойгоор Элэгний төвийн эмч Ж.Ганболороос тодрууллаа.

 

-Хэчнээн төрлийн хепатит вирус байдаг вэ? Тэднээс хамгийн хүнд хэлбэрийн вирус нь аль нь юм бэ?

-Элэгний эсийг гэмтээдэг вирусүүдийг хепатит вирус гэдэг. Хепаптит вирус нь дотроо долоон төрөл байдаг бөгөөд эдгээр нь хоёр замаар буюу бохир гар, бохирлогдсон хоол хүнсээр, эсвэл цус, цусан бүтээгдэхүүнээр болон гэмтсэн арьс, салстаар дамжин халдварладаг. Бохирлогдсон зүйлээр дамжин халдварладаг А, Е гэх үндсэн хоёр вирус байдаг бол цус, цусан бүтээгдэхүүнээр В,С,Д вирус дамждаг. Үүнээс хамгийн хүнд хэлбэрт нь В, Д вирус ордог.

 
Учир нь элэгний А,Е вирусээр өвдсөн тохиолдолд хүмүүсийн хэлж заншсанаар шарладаг ч хэсэг хугацааны дараа бүрэн эдгэрдэг. Харин В,С,Д вирусүүдийн хувьд нэгэнт өвчилсөн эсвэл архагшсан бол заавал тухайн вирусийн эсрэг устгах эмчилгээ хийх шаардлагатай байдаг бөгөөд эмчилгээ хийсэн ч зарим тохиолдолд вирус нь бүр идэвхтэй харагдаж, бүрэн арилдаггүй.

-В, Д вирус хамт илрээд байгаагийн учир нь юу вэ?

-Д вирус нь зөвхөн В вирусээ дагаж халдварладаг. Учир нь В вирусийн гадаргуугийн уураг гэж зүйл бий. Энэ нь хамгийн анх В вирус халдварлахад элгийг гэмтээх зууч болж өгдөг бодис юм. Гэтэл яг тэр гадаргуугийн уургаар дамжин Д вирус элгэн дотор орж, элгийг гэмтээдэг. Иймд В, Д вирусийн халдварыг зэрэг авах тохиолдол их байдаг. Харин А, эсвэл С вирусээр өвдсөн тохиолдолд тэр уураг байхгүй учраас зэрэг халдварласан тохиолдол байдаггүй.

Мөн В вирусээр өвдөж, эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 95 хувь нь л бүрэн эдгэрдэг. Харин үлдсэн таван хувь нь эмчилгээ хийлгэсэн ч архагшиж үлдэх магадлалтай байдаг.

Манай улсад 2015 онд хийгдсэн вирусийн тархалтын судалгаагаар 20-оос дээш насны 10 хүн тутмын нэг нь В вирустэй, 10хүн тутмын зургаа нь В, Д вирусын халдвар зэрэг авсан байна гэж гаржээ. Гэтэл бусад улс оронд ийм тохиолдол 10 дахин бага буюу 0.1 хувьтай байдаг.

-Яагаад хепатит В болон Д вирусийг бусдаасаа аюултай гэж онцлоод байгаа юм бэ?

-2013 онд элэгний С вирусийн эсрэг ууж хэрэглэдэг эм гарсан нь С вирусийг бүрэн эдгээх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд хепатит С вирусийг ямар ч асуудалгүй эмчилдэг болчихсон гэсэн үг.

Гэтэл В, Д вирусийн хувьд аль алийг нь бүрэн устгадаг стандарт, эмчилгээ одоогоор дэлхий дахинд байхгүй. В вирусийн хувьд тоог нь бууруулдаг, өрөвслийг нь дарангуйлдаг эмнүүд байдаг боловч таван жилийн турш тасралтгүй тэр эмээ уусан ч вирус нь арилах магадлал нь нэгээс хоёрхон хувьтай л байдаг. Өөрөөр хэлбэл, 100 хүнд таван жилийн турш В вирусийн эсрэг эм уулгахад түүний хоёрынх нь л В вирус арилах боломжтой гэсэн үг.

Цаашлаад В, Д вирус хавсарсан тохиолдолд дангаараа илэрсэн В вирусээс ч илүү аюултай. Дан В вирустэй тохиолдолд вирусийн эсрэг эмээ хэрэглэхэд тухайн хүний элэгний үйл ажиллагаа хэвийн явагддаг. Хавсарсан тохиолдолд Интерферон гэх тарианаас өөр эмчилгээ байхгүй. Мөн интерферон гэх тариаг хийсэн ч вирусүүд арилах тохиолдол нь 30-хан хувь л байдаг.

Түүнчлэн Монгол Улсад долоо хоногт нэг удаа тариулахад 600 орчим мянган төгрөг болдог.  Гэвч тухайн хүн 48 долоо хоногийн турш тариулах ёстой гэхээр 30 гаруй сая төгрөгний зардала гарах бөгөөд эмчилгээний явцад гаж нөлөө ч илэрдэг.

Нэг ч биш, бүр хоёр төрлийн вирусээр өвдөхөөр элэг хоёр дахин ачааллана. Түүнийхээ хэрээр элэг хурдацтай өрөвсдөг. Манай улсад гадны оронтой харьцуулахад Д вирусийн тархалт хамаагүй өндөр байдаг бөгөөд энэ төрлийн вирусээс шалтгаалан элэгний хавдар, хатуурал үүсдэг. Мөн вирусийн идэвхжилт өндөр байгаа тохиолдолд эхээс хүүхдэд халдах магадлал өндөр байдаг.

Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад өвчний явц нь өөр өөр байдаг ч В, Д вирусийн хавсарсан халдвартай үед олон улсад эмчлэх тухай заавар удирдамж байхгүй.
 

-Тэгвэл С вирусийн хувьд эмчлүүлсний дараа дахин шинжилгээнд хамрагдахад арилаагүй мэт эерэг хариу гардаг нь ямар учиртай юм бэ?

-Элэгний С вирус нь тогтворгүй учир дархлаажилт удаан явагддаггүй. Гэсэн хэдий ч эмчлүүлсний дараа шинээр дахин халдвар авахгүй л бол бүрэн эдгэрэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Хепатит С вирусээр өвдсөний дараа "+" тэмдэг гарч ирлээ, эдгээгүй байна гэж иргэд буруу ойлгодог. Тэр "+" тэмдэг нь зөвхөн өмнө нь С вирусийн халдвар авч байсныг л илэрхийлдэг. Вирус тоолоход байхгүй байна гэдэг нь эдгэрсэн гэдгийг харуулж байгаа юм.

- Тэгвэл урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Элэгний хепатитын В вирусийн хувьд 1991 оноос хойш төрсөн бүх хүүхдүүдэд төрсний дараа гурван удаагийн тунгаар бүрэн дархлаа тогтдог. Хэрвээ нэг удаа вакцин хийлгээд дархлаа тогтсон бол 10-20 жил хамгаалдаг. Харин В вирусээс хамгаалах тогтолцоо нь 20 жилийн дараа арилсан байх магадлалтай гэж үздэг учраас дахин вакцинжуулалт хийлгэх шаардлагатай. В вирусийг Д нь дагаж халдварладаг учир хэрвээ вакцин хийлгэж В вирусээс бүрэн хамгаалагдсан тохиолдолд Д вирусийн болоод хоёр вирусийн халдвар давхар авахгүй гэсэн үг.

Мөн нэгэнт В, Д вирусээр өвчилсөн тохиолдолд заавал эмчийн хяналтанд орох шаардлагатай. Дараа нь эмчийнхээ заасан хугацаанд үзүүлж байх хэрэгтэй. В, Д вирусийн гол уршиг нь ямар ч байдлаар хавдар үүсгэж, элэгний хатуурал болох эрсдэлийг дагуулдаг. Вирусийн халдвартай тохиолдолд вирусийн эсрэг эм уусан ч хавдар хэзээ ч илрэх магадлалтай байдаг.

Вирусийн эсрэг эм таван жил уухад хавдар болох магадлалыг зөвхөн 61 хувь хүртэл бууруулдаг. Өөрөөр хэлбэл, вирусийн эсрэг эмчилгээ таван жил хийлгэхэд гурван жилийн өмнө үүсэх байсан хавдрыг дахиад гурван жилийн дараа үүсгэх гэх мэтээр хугацааг нь л уртасгаж өгч байгаа юм.