Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэл, төв суурин газраас орон нутагт мал маллах хүсэлтэй иргэдийг бодлогоор дэмжинэ

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 7 сарын 26
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнгын тогтмол орлоготой болгох зорилгоор хот суурин газраас хөдөө орон нутагт шилжин суурьшиж, олон малтай малчныд гэрээгээр ажиллах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хэрэгжүүлэх гэж байгаа талаар С.Чинзориг сайд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, нийслэл болон орон нутгийн төв суурин газраас гэр бүлээрээ суманд очиж гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй залуучууд, нөгөө талд хөдөө олон малтай ч ам бүл цөөтэй, гэрээгээр малчин ажиллуулах хүсэлтэй малчдын судалгааг орон нутаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээр дамжуулан наймдугаар сарын 1-нээс хийх гэж байна.

Улмаар ажиллах хүсэлтэй гэр бүлийг ажил олгогч малчидтай холбож, зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжих нь. Дэмжихдээ, өөрийн хүсэлтээр гэр бүлээрээ мал маллахаар орон нутгийг зорих иргэдийн нүүдлийн зардал, гэрээгээр ажиллахдаа нийгмийн даатгал төлбөл түүнийх нь 50 хувийг, ажил олгож буй малчин нийгмийн даатгал төлдөг бол түүний 50 хувийг тус тус Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох юм байна.   

Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгаагаар ажилгүй иргэд:

  • Баруун бүсэд - 21,826
  • Хангайн бүсэд - 29,028
  • Төвийн бүсэд 19,856
  • Улаанбаатар хотод - 46,418 байгаа бол 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар албан бус хөдөлмөр эрхлэгчид 223,200 байгаа бөгөөд үүнээс 75.4 хувь нь хот суурин газарт амьдарч байна.
 
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын хувьд ХАА-н салбар ДНБ-ий 14 орчим хувийг үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамж, үндэсний үйлдвэрийн түүхий эдийн гол тулгуур болдог. Тэр дундаа мал аж ахуйн салбар ХАА-н нийт бүтээгдэхүүний 87, экспортын 10 орчим хувийг бүрдүүлж, улсын нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн энэ салбарын орлогоор амьдарч байна.

Монгол Улсын нийт ажиллагчдын 31 орчим хувь нь ХАА-н салбарт харьяалагдаж байгаа юм.

Энэ бүх тоо болоод наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх дээрх судалгааны дүнд хэрэгжүүлэх “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл”-ийн үр дүнд 400 орчим иргэн байнгын ажлын байр, тогтмол орлоготой болно гэсэн тооцоог ХНХЯ гаргажээ.

Мөн иргэнд амьдралынхаа туршлага, өөрт бий болгосон ур чадвартаа түшиглэн өөрөө өөртөө ажлын байр бий болгох, өргөтгөх, хадгалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр өмнө баталсан хөтөлбөртөө өөрчлөлт оруулж буй аж. Ингэснээр тоног төхөөрөмжийн эргэлтийн хөрөнгийн 3,000,000 төгрөгийн хоёр жилийн хугацаатай олгодог байсныг 5,000,000 төгрөг гурван жилийн хугацаатайгаар олгодог болгож, борлуулалтын болон ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Мөн Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд хамрагдагчийн насыг 15-39 байсныг 18-45 болгон хамрах хүрээг нэмэгдүүлж байгаа аж.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэд, ААН-д жилийн 8.4 хувийн хүүтэй жижиг зээл олгодог. Энэхүү зээлийн эргэн төлөлт 99.5 хувьтай байгаа юм байна. Гэвч эл зээлийг орон нутагт салбаргүй банкуудад байршуулсан нь зээлийн хүртээмжийг сайжруулах нөхцөлийг хааж байсныг мөн олж харсан байна. Тиймээс иргэдэд 10, ААН-д 20 сая төгрөгийг жилийн 8.4 хувийн хүүтэй олгодог тус сангийн зээлийг цаашид сум, орон нутагт хамгийн олон салбартай ХААН, Төрийн банкаар дамжуулах олгодог болох шийдвэрийг ХНХЯ өнөөдөр гаргажээ.