Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Нэргүй: Түр зуурын усархаг, аадар бороо Улаанбаатар хот ямар эмзэг байдалд байгааг харууллаа

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
 

Хүчтэй аадар бороо орсны улмаас хот, хөдөөгүй үер усны аюулд өртөх нь их байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн мягмар гаригт нийслэл хотод дөрвөн удаагийн давтамжтай, түр зуурын, хүчтэй аадар бороо орсноос үер бууж, айл өрхүүд усанд автаж, хоёр хүн харамсалтайгаар амиа алдсан.

Энэ талаар болон цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно гэж цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Иргэдийг үер уснаас сэрэмжлүүлэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд нийслэлд дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна гэж мэдээлсэн. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байгаа.

Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сарын 10-наас эхлэн “Морьт, Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо Хар усан тохой, Маршалын гүүрнээс Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл завьт эргүүл ажиллаж иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байна. Гол дагуу нутаг дэвсгэртэй Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн урьдчилан сэргийлэх мэргэжилтэнүүд явганаар болон техник хэрэгсэлтэйгээр иргэдэд санамж зөвлөгөө өгч ажиллаж байгаа.

-Өнөөдрийн байдлаар нийслэлд үер усны хэчнээн тохиолдол гараад байна вэ. Хэчнээн хүн усанд осолдсон бэ?

-Одоогоор нийслэлд ганц тохиолдолд бүртгэгдсэн. Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн авто зам, орон сууцны байрны орц болон зоорийн  давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, авто зам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллалаа.

Нийт дуудлагын 73.3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24.9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто зам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байна.

Үерийн улмаас 2 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

-Баяр наадмын амралтаар бас хоёр хүн усанд осолдож амиа алдсан гэсэн үү?

-Тийм ээ. Усны ослын улмаас хоёр иргэн амиа алдсан. Баяр амралтын өдрүүдэд зөвхөн Туул гол дагуу ойролцоогоор 10 мянга гаруй иргэд гардаг гэсэн албан бус тоо байдаг.

Зарим хүмүүс нь гол дээр очоод баярлах нэрийдлээр архидаж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулснаар бага насны хүүхдүүд усанд осолдох тохиолдол ихэссэн. Мөн өөрсдөө архи согтууруулах ундаагаа хэтрүүлэн хэрэглэж, усанд осолддог.

10-15-ны өдрүүдэд усанд живж, амь нас нь эрсдэлд орсон 10 гаруй иргэнийг аварсан.

Тиймээс манай завьт болон морьт эргүүлийнхэн Энэ удаагийн баяр амралтын өдрүүд буюу энэ сарын 10-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж, усанд живж, амь нас нь эрсдэлд орсон 10 гаруй иргэнийг аварсан. Аврагдсан хүмүүсийн ихэнх нь 90 хувийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Мөн баярын өдрүүдэд объектын гал түймрийн 24, аврах ажиллагааны 30 нийт 54 удаагийн дуудлагаар ажиллан нийт 72 иргэнийг авран хамгаалах ажиллагаа зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагын 10.9 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан.

ТУУЛ ГОЛЫН АЛЬ НЭГ ХЭСГИЙГ АЯЛЛЫН БҮС БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Сүүлийн үед иргэд голын усанд осолдож амь насаа алдсан тохиолдол ихэсч байна. Энэ зун усанд осолдож амиа алдсан хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-Улсын хэмжээнд нийт 48 хүн усанд осолдсон. Харин нийслэлийн хувьд он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 11 хүн усанд осолдож амиа насаа алдсан. Үүний гурав нь хүүхэд. Хоёр нь үерийн улмаас амь насаа алдсан. Харин бусад нь тайван цагт амарч зугаалж яваад, анхаарал болгоомжгүй байдлаасаа болж харамсалтайгаар амь насаа алдсан байдаг.

-Монголчууд угаасаа баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэж, нийслэл хотын түгжрэл, чимээ шуугианаас холдож, аялж зугаалахыг илүүд үздэг. Тэгэхээр мянга сэрэмжлүүлээд гол усан дээр очиж, архи дарс ууж, амарч зугаалахаа болихгүй байх. Өөр ямар нэг аргаар энэ эрсдэлийг бага ч болов бууруулах боломж бий юу?

-Мэдээж иргэдийн оролцоо маш чухал. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ төлөө гол усны түвшин нэмэгдсэн үед гол ус бараадан амарч зугаалахгүй байх хэрэгтэй. Гэхдээ амарч зугаалахаар очдог хүмүүсээс гадна Туул гол дагуу амьдардаг айлын хүүхдүүд усанд осолдох тохиолдол бас их байдаг. Учир нь тэр хүүхдүүдийн гэрээсээ гараад тоглох орчин нь Туул гол л байдаг. Тэгэхээр Туул голыг задгай аялал зугаалгын талбар биш, аль нэг хэсгийг нь аяллын бүс болгох хэрэгтэй. Одоо бол Хар усан тохойгоос Маршалын гүүр хүртэлх голын эрэг дагуу амралтын өдрүүдэд 10 мянган хүн гардаг. Гарсан хүмүүс бараг бүгдээрээ усанд орж, тал хувь нь машинаа угааж байгаа. Онцгой байдлынхан болон цагдаагийнхан үүнд хяналт тавьж хүч хүрэхгүй байна. Гэтэл туул гол бол бидний ундны усны эх ундарга, амин сүнс, судас. Тиймээс дээр хэлсэнчлэн аялал зугаалгын тодорхой бүстэй болгож, Туул голоо хайрлаж хамгаалах нэн шаардлагатай байна. Ингэснээр усанд осолдох эрсдэл ч буурна.

УЛААНБААТАР ХОТ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОН ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ ХОТ

-Бороо орохоор нийслэл хот “усан далай” болж гишгэх газаргүй болоод байна гээд цахим сүлжээгээр иргэд их шүүмжлэлтэй ханддаг. Яагаад ийм асуудал үүсээд байна вэ. Хот дотор борооны ус зайлуулах шугам, сүлжээ хангалтгүй байна уу?

-Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороо орж байгаа ч ихэвчлэн бага зэргийн шиврээ бороо болохоор аюулын түвшин харьцангуй бага байлаа. Харин хамгийн сүүлд буюу энэ сарын 17-нд дөрвөн удаагийн давтамжтайгаар орсон түр зуурын, хүчтэй, бороо Улаанбаатар хот ямар эмзэг байдалд байгааг харууллаа. Тодруулбал, нийслэлд хүчтэй бороо удаан хугацаагаар орвол нийслэл хот ямар эрсдэлд хүрэхийг харуулсан.

Улаанбаатар хот газар хөдлөлт болон үерийн эрсдэлтэй хот.

Ер нь Улаанбаатар хот газар хөдлөлт болон үерийн эрсдэлтэй хот. Тиймээс нэн түрүүнд үерийн далан шуудууг сэргээн засварлах шаардлагатай байна. Жилийн жилд энэ асуудал яригддаг ч өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй байна.

-Улаанбаатар хот газар хөдлөлт болон үерийн эрсдэлтэй хот гэлээ. Хэрэв их хэмжээний бороо ороод эрсдэлтэй нөхцөл байдал үүсч, иргэд аюулд орвол Нийслэлийн онцгой байдлын газар аврах ажиллагаанд бэлэн үү. Хүн хүч, техник тоног төхөөрөмж хангалттай байж чадах уу?

-НОБГ есөн дүүрэгт онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах 15 анги, аврах 105 дугаар анги, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Нийт 900 орчим албан хаагч ажилладаг.

Харин нийслэл хот маань 1.4 сая хүн амтай. Үүнийг НОБГ-ын хүчин чадалтай харьцуулбал хангалттай гэж хэлэхэд хэцүү. Дээрх эрсдэлд бэлэн байхын тулд гал түймэр унтраах аврах ангиудыг нэмж байгуулах, нийслэлийн Аврах аврах анги 105-ыг өргөжүүлэх шаардлагатай. Гэхдээ гамшгийн нөхцөл байдал үүсвэл, дүүргүүдэд байгаа гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудыг татан оролцуулах боломжтой.

Өөрөөр хэлбэл, шаардлагатай тохиолдолд иргэдийг оролцоог авч гамшигтай тэмцэнэ гэсэн үг. Дээрээс нь нийслэл хотод нийслэлээс давсан нөхцөл байдал үүсвэл, ОБЕГ-ын харьяа, Хурандаа генерал Равдангийн нэрэмжит Үндэсний аврах бригад байгаа. Энэ аврах бригад төрөл бүрийн аврах ажиллагаанд бэлтгэгдсэн 400 гаруй аврагчтай. Мөн гамшгийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд хилийн цэрэг зэвсэгт хүчнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дайчлан ажиллуулах хуультай.

-Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс бороо үргэлжлэн орно гэдгийг мэдээлж байна. Иргэдэд хандаж юу гэж сэрэмжлүүлмээр байна вэ?

- Усны түвшин нэмэгдсэн үед гол ус бараадан амарч зугаалахгүй байх. Бага насны хүүхдийг гол, усны эрэг дагуу тоглуулахгүй байх, тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байх тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

 

Эх сурвалж: НОБГ