Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭЛХИЙН БАНК: Эдийн засаг энэ эрчээрээ сэргэвэл 2019, 2020 онд 6 хувийн өсөлтөө давна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын тайланг өнөөдөр танилцууллаа. Энэ удаагийн тайланг хийхдээ Тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бодлого ба улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах чиглэлээр тухайлан судалгаа явуулжээ.

Эдийн засгийн өсөлт бүх салбарт жигд ажиглагджээ 

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг байгааг Дэлхийн банк онцоллоо. 2016 онд 1.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2017 онд 5.1 хувь болсон бол 2018 оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрч огцом сэргэсэн нь уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний үйлдвэрлэл, түүхий эдийн үнийн өсөлт хэвээр байгаа болон гадаадын шууд хөрөнгө оруулалтай холбоотой гэв.
 
Тухайлбал, Монголбанкны мэдээллээр 2017 онд 1.4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж иржээ. Энэ мэт хүчин зүйлийн нөлөөгөөр 2017 онд төсвийн орлого нэмэгдэж, Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөртэйгөөр холбоотой зардал буурснаар Засгийн газрын өрийн хэмжээ багасах нөхцөлийг бүрдүүлсэн. Хэдий уул уурхайгаас хамааралтай ч эдийн засаг бүх салбарт жигд өсөллтэй байсныг онцоллоо.   
 
Уул уурхайн салбарт чиглэсэн гадаадын их хэмжээний шууд хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа тул эдийн засгийн өсөлт цаашид нэмэгдэж, 2019, 2020 онд зургаан хувиас давахаар байгаа хэмээн дүгнэжээ. 

Төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй байна

Гэрэл зургийг mpa.mn

Гэвч энэхүү өсөлт нь бүтээмжийн өсөлт биш, гаднын хүчин зүйлээс хамааралтай буюу гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүхий эдийн зах зээлийн нөлөөтэй байгааг анхаарах шаардлагатайг Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч доктор Жон-Паскаль Нгану сануулав. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн зөв өсөлтийг бий болгохын тулд бүтээмж буюу хөдөлмөр, капитал, технологийн дэвшлийг бий болгож, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Харин үүний тулд төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах ёстой гэв. 

Бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтыг харьцуулаад үзвэл нэлээд дээгүүрт орж байгааг дараах хоёр графикаас харж болохоор байна.
 
График 1. Хувийн болон улсын нийт хөрөнгө оруулалтын ДНБ-нд эзлэх хувь. 2017 он
 
График 2. Нийт хөрөнгө оруулалт бүс нутгийн хэмжээнд (ДНБ-нд харьцуулснаар)
 
ДНБ-ий 31.2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг манай Засгийн газар хийж байгаагаараа БНХАУ-ын дараа бичигджээ. Харамсалтай нь, энэ их хэмжээний хөрөнгө оруулалтын үр ашиг маш хангалтгүй буюу 123 орны дараа орж буйг дараах график харуулж байна.
 
График 3. Монгол дахь улсын хөрөнгө оруулалтын үр ашгийг бүс нутгийн орнуудтай харьцуулсан байдал.
 
Хөрөнгө оруулалт үр дүнгүй байгаагийн гол шалтгаан нь 
  • Бодлогын оновчгүй байдал (богино хугацаанд хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр хурдтай өсгөсөн. Ингэхдээ улс төрийн дэмжлэг өндөртэй байсан)
  • Шийдвэр гаргалт нэгдмэл бус, уялдаа муутай
  • Төслийн сонгон шалгаруулалт хийх нарийн удирдамж, зохицуулалт сул (Төслийн шалгаруулалт сул, хэрэгжилтийн хугацаа хоцордог, зардал их нэмэгддэг, засвар арчилгаа сул, дууссан хөрөнгө оруулалтын чанар хурдан мууддаг) хэмээн Дэлхийн банк дүгнэжээ.
Энэ байдлыг сайжруулахын тулд богино болон дунд хугацаандаа хэрхвэл зохистойг ч мөн тодорхойлсон байна. 
 
Богино хугацаанд:
  1. Нэгдсэн, уялдаатай, бусад баримт бичигтэй нийцтэй хөрөнгө оруулалтын бодлого
  2. Хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын багцыг сайтар эрэмбэлж, ангилах
  3. “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах 
  4. Засвар, арчилгааны төсвийг зохистой түвшинд хүртэл нэмэгдүүлэх (хөрөнгө оруулалтаар шинэ төслүүдээ нэмээд байдаг боловч засвар арчилгаанд хөрөнгө оруулдаггүй бөгөөд одоо хэрэгжиж байгаа төслүүддээ анхаарал тавьдаггүй)
Дунд хугацаанд:
  1. Үүрэг, хариуцлагыг нарийн тодорхой, ойлгомжтой болгох 
  2. Хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээллийн систем боловсруулах
  3. Төр, хувийн хэвшлийн (Барих-Ашиглах-Шилжүүлэх) түншлэлийн хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах (Энэхүү концессын гэрээ төр, хувийн хэвшлийн түншлэлд хамаардаггүй бөгөөд Засгийн газрын өр, санхүүгийн ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй) хэмээн үзжээ. 
Дэлхийн банк 2015 он хүртэл эрчимтэй нэмэгдэж, төсвийн алдагдал, улсын төсвийн өр ихээхэн нэмэгдэхэд нөлөөлсөн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн сүүлийн таван жилийн хэрэгжилтийг нарийвчлан авч үзсэний үндсэн дээр дээрх шалтгаан нөхцөлийг тодорхойлжээ. Богино болон, дунд хугацааны дээрх арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд төслийн сонгох, эрэмбэлэх тодорхой шалгууруудтай байх, хөрөнгийн зохистой ашиглалт, их засвар, арчилгаанд анхаарал тавих хэрэгтэй тэмдэглэсэн байна. 
 
Хүндээ хөрөнгө оруулах, институцийг бэхжүүлэх болон нэн чухал дэд бүтцэд найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам
Дэлхийн банкнаас гаргасан энэхүү тайланд эдийн засгийн цаашдын төлөв байдлыг мөн харгалзсан байна. Энэ оны эхний байдлаар хүртэл өсөлттэй байгаа эдийн засгийн үзүүлэлт бүх салбарт жигд байгааг онцлох хэрэгтэй. Хөдөө аж, ахуй, үйлчилгээ, уул уурхайн бусад салбарт жигд өсөлттэй байгаа юм.
 
 
Гэрэл зургийг MPA.mn

Гэвч эдийн засгийн цаашдын өсөлтөд улс төр, бүс нутгийн тогтворгүй байдал, цаг уурын гэнэтийн өөрчлөлт, байгалийн гамшиг зэрэг эрсдэл нөлөөлж болзошгүй байна. Тиймээс “Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг сайжруулахад Засгийн газар, хөгжлийн түншүүд уул уурхайн салбарын мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн төрөлжилтийн бодлогод тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой.

Хүндээ хөрөнгө оруулах, институцийг бэхжүүлэх болон нэн чухал дэд бүтцэд найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам” хэмээн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэлсэн юм.