Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Катар улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Солтан Бин Саад Ал-Мурайхиг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Ноён Солтан Бин Саад Ал-Мурайхиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүлээн авч уулзаж буйд нь талархаад өөрийн улсын эзэн хаан Шейх Тамим бин Хамад Ал Танигийн халуун дотно мэндчилгээг дамжуулан хүргэв. Мөн ноён Солтан Бин Саад Ал-Мурайхиг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 1992 оноос хойш маш их өөрчлөгдөж, өргөжин тэлсэн нь хөгжлөөрөө Катарын Доха хоттой харьцуулахуйц байгааг дурдаад Монголд ирсэндээ сэтгэл хангалуун байгаа гэлээ.
Мөн Катар улсын бизнесийн салбарынхан түлхүү Монголын аялал, жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг байна.
Харин энэхүү салбарт хөрөнгө оруулах өргөн боломж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дурдаж, агаарын тээврийн асуудлаар яриа хэлэлцээр хийх боломжтой гэсэн юм. Мөн хоёр улсын эдийн засаг, нийгэм, соёлын харилцааг өргөжүүлэхэд байнгын хамтын ажиллагааны механизмтай байх ёстойг хэлж, улс төр, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэх асуудалд анхаарч ажиллахаа хэлэв.
Уулзалтын төгсгөлд, ноён Солтан Бин Саад Ал-Мурайхиг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Катар улсад хүрэлцэн ирэхийг урив.