“Сант” сургуулийн 12в ангийн сурагч Бахдалын Мандуул 2018 оны ЭЕШ-ын гурван хичээл дээр 800 оноо авч, сургуульдаа төдийгүй улсын хэмжээнд бахархам амжилт гаргажээ. Ингээд ЭЕШ өгсөн 40 гаруй мянган хүүхдээс онцгой амжилт үзүүлсэн Б.Мандуултай ярилцсанаа хүргэж байна.
- Юуны өмнө шалгалтаа амжилттай өгсөнд баяр хүргэе!
- Баярлалаа.
- Ямар хичээлүүдээр ЭЕШ өгсөн бэ?
- Математик, физик, хими, газар зүй гэсэн дөрвөн хичээл сонгон ЭЕШ өгсөн. Химээс бусад хичээл дээр 800 оноо авсан. Аав, ээж минь маш их баяртай байгаа. Шалгалтуудаа сайн өгөхөд тусалж, бэлдүүлсэн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна.
- Гурвын гурван шалгалтыг бүтэн оноо авах хэмжээнд гүйцэтгэсэн амжилтад юу хамгийн их түлхэц болсон гэж бодож байна вэ?
- Мэдээж өөрийн хичээл зүтгэл байгаа. Ер нь миний амжилтад хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл бол манай сургууль. Багш нар маань зохион байгуулж, биднийг ЭЕШ-д бэлтгэсэн.
- ЭЕШ-д өндөр оноо авсан эдгээр хичээлээрээ өмнө нь олимпиадад оролцож амжилт гаргаж байв уу?
- Би сонирхлоороо газар зүйн олимпиадад оролцож байсан. Улсын газар зүйн олимпиадаас мөнгөн медаль авч байсан. Харин математик, физикийн олимпиадад оролцож байгаагүй ээ.
Харин энэ жил анх удаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар зохион байгуулсан байгалийн ухааны нэгдмэл агуулгатай “Ирээдүйн эзэд” анхдугаар олимпиадад оролцож, алтан медаль хүртсэн.
- Олимпиадад ингэж амжилттай оролцсон нь чамд ямар давуу тал авчирсан бэ?
- МУИС-ийн ШУИС-д суралцах урилга авсан. Улсын олимпиадад амжилт гаргасан болохоор эхний жилдээ 75 хувийн тэтгэлэгтэй суралцах эрхтэй байгаа.
- Гадаадад суралцах боломж нээлттэй биз дээ. Энэ талаар бодсон зүйл бий юү?
- Ямар ч байсан эхний жилдээ Монголдоо сураад цаашид гадаадад онолын физикийн чиглэлээр бакалавр хамгаалах бодолтой байна.
- "Сант"-д орсноос чиний хамгийн том олж авсан зүйл юу вэ?
- Хамгийн том ололт маань суралцах чадвартай болсон гэж боддог. Ирээдүйд математик болон шинжлэх ухаанд суурилсан ур чадварууд маш их эрэлттэй болж байна. Үүнд манай сургууль намайг сайн бэлтгэсэнд баяртай байгаа.
- Чиний хувьд сургуулийнхаа хичээлийн хөтөлбөрөөс юуг онцлох вэ?
- 11, 12 дугаар ангийнханд АР(Advanced Placement) хөтөлбөр гэж ордог. Энэ хөтөлбөр нь надад маш их таалагддаг. Хөтөлбөрийн хүрээнд гадаадад докторын зэрэг хамгаалсан багш нар Америкийн их, дээд сургуулийн I курсийн түвшний хичээлийг төгсөх ангид заадаг. АР хөтөлбөр намайг математик, физикийн хичээлд сонирхолтой болгоход маш их нөлөөлсөн.
- Танай сургуульд чамтай адилхан ЭЕШ-д 800 оноо авсан хүүхэд бий юу?
- Миний мэдэж байгаагаар 14 хүүхэд 800 оноо авсан байсан. Өнгөрсөн жил нэг ангиас гэхэд л 10 гаруй хүүхэд 800 оноо авч байсан. Мөн өнгөрсөн жилийн ЭЕШ-аар "Сант" сургуулийг төгссөн Билгүүн Монгол Улсад ганцаараа гурван хичээл дээр 800 оноо авч байсан юм билээ.
- Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.
- Баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!