Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭМЧ нар долоодугаар сарын 5-наас орон даяар ажил хаяна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн сард Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмэгдүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн билээ. Тэдний суулт түр хугацаанд завсарлаж, зургаадугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт зохион байгуулсан. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний гэрээг Засгийн газарт бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас тодруулахад "Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид улс орон даяар долоодугаар сарын 5-ны 08:30 цагаас эхлэн ажил хаялт зарлана.

Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Бусад үйлчилгээг үзүүлэхгүй. Ажил хаялтад одоогоор 100 гаруй эрүүл мэндийн байгууллагууд нэгдээд байна. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг хүлээн автал ажил хаяна" гэлээ.

Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12,000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400-500 мянган  төгрөг байдаг. Тиймээс сувилагчдын цалинг ажлын байран дахь бүтээмж нөхцөлтэй нь уялдуулан 7-49 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байсан.  Ингэхийн тулд эрүүл мэндийн салбарт жилд 73 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай ажээ.