Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

ХУУРАМЧ МЭДЭЭЛЛЭЭС үүдэж 20 орчим сурагч ЭЕШ-аасаа хоцорсон байж болзошгүй хэрэг гарав

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Яармагийн гүүрэн дээр гарсан ослын улмаас элсэлтийн ерөнхий шалгалтаасаа хоцорсон сурагчдын асуудал шийдэгдээгүй байж байтал өчигдөр мөн л зарим зохион байгуулалтын доголдлоос болж олон сурагч химийн шалгалтаасаа хоцроод байна.

Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалт тав хоног үргэлжилж орос хэл, химийн хичээлийн шалгалтаар өчигдөр өндөрлөсөн. Химийн хичээлийн шалгалтын хувьд улсын хэмжээнд 8,000 орчим хүүхэд өгөхөөр бүртгүүлж ихэнх хүүхэд цагийн хуваарийн дагуу хамрагджээ.

Шалгалтандаа ирээгүй 100 орчим хүүхдээс хуваарийн зөрүүнээс болж хоцорсон гэх шалтгаантай 17 орчим хүүхдийн асуудал байгааг Боловсролын Үнэлгээний Төвийн (БҮТ) хэлтсийн дарга Л.Ганбат хэллээ. 

Шалгалтын хуваарь зөрсөн мэдээллээс болж химийн элсэлтийн шалгалтаас хоцорсон нэрээ нууцалсан сурагч Г "БҮТ дээр ЭЕШ авах хуваарь тавьсаныг тавдугаар сарын 25-ний өдөр 09:00 цагийн үед  утсан дээрээ татаад хадгалж авсан. Уг хуваарь дээр химийн шалгалт 13:00 цагаас, харин орос хэлний шалгалт өглөө 09.00 цагаас байсан. Бусад хичээлийн шалгалтын хуваарь яг адилхан байсан учраас зөрүүтэй гэж огт бодоогүй. Цахим хуудас руу нь бүртгэлийн дугаараараа нэвтрэн орж харахад шалгалтын цагийн хуваарь байхгүй байсан.

Шалгалтаа өгөх гээд очоод  шалгалтын цаг зөрсөнийг мэдсэн. 33-р сургуулийн зүгээс бидэнд Монгол хэлний шалгалтын өглөө л хими, орос хэлний шалгалт өөрчлөгдсөнийг засаж хэлсэн гэж хэлсэн боловч БҮТ-ийн зүгээс үүнийг үгүйсгэсэн. Тэгээд үнэлгээний төв дээр ирэхэд хуваариа шалгаад үз гэсэн дахиад шалгахад гэнэт 09.00-10.40 гэсэн цагийн хуваарь бий болсон байсан.

Цагийн хуваарь огт гарч ирэхгүй байснаа асуудал гарсаны дараа гэнэт бүртгүүлсэн цаг, цагийн хуваарь гарч ирсэн байсан.  

Манай сургууль дээр ямар ч зарын хуудас, сонин ирээгүй. Шалгалтын хуваарийг ангийн багштайгаа хамт харсан болохоор мэдэж байгаа. БҮТ-ийн хувьд 100% сурагч бидний буруу гэж хэлсэн. 

Манай сургуулиас хоёр хүүхэд хуваарь зөрсөн учраас шалгалтаа өгч чадаагүй. 12 жил сурсан зүйлээ шалгуулж чадалгүй нэг жил хүлээнэ гэдэг маш харамсалтай байна.

Хүн хэчнээн сайн бэлдсэн ч бүтэн нэг жил хүлээхэд түүнийгээ мартана, муудна шүү дээ" гэж байлаа. 

Гэрэл зургийг Mpa.mn

Харин Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон Улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат энэ тухай  “ЭЕШ энэ сарын 16-20-ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг нэг цаг хугацаанд зохион байгуулагдаж дууслаа. Шалгалтын хуваарийг анх дөрөвдүгээр сарын 11-ний өдөр өөрийн албан ёсны цахим хаягаараа  олон нийтэд мэдээллэсэн. Үүнээс хойш нэг ч засвар ороогүй” гэв. 

Мөн “Элсэгчдэд зориулсан сонин болон жижиг тараах материалыг сургуулиар дамжуулан тараасан. Шалгалтаас хоцорсон 17 орчим хүүхдийн асуудлыг элсэлтийн ерөнхий шалгалтыг жилдээ нэг удаа авна  гэсэн дүрмийн дагуу шийдвэрлэнэ.  

Манайхаас албан ёсны мэдээлэл гарсанаас хойш огт засагдаагүй, хүүхдүүд ийм зөрүүтэй мэдээллийг хаанаас харсаныг одоо тодруулахаар бид  ажиллаж байна. Химийн хичээлд бүртгүүлсэн хүүхдүүдийн 99 хувь нь шалгалтандаа орсон. Үлдсэн  нэг хувь нь шалгалтандаа ирээгүй. Үүнээс хоцорсон гэх 17 орчим хүүхдийн өргөдөл манайд ирсэн. Аливаа ЭЕШ-тай холбоотой мэдээлэлийг албан ёсны хаягнаас авах хэрэгтэй" гэж байлаа. 
 
Мөн тэрбээр манай үнэлгээний төвийн цахим хуудсыг яг адилхан дуурайлгаж иргэдийг төөрөгдүүлэн худал мэдээлэл тараах оролдлого хийдэг бүлэг хүн ажиллаж байгааг кибер гэмт хэргийн цагдаагийн албатай хамтран арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж байв. 

Боловсролын Үнэлгээний Төвийн үүдэнд олон эцэг, эх, сурагчид цуглан энэхүү зөрүүтэй мэдээлэлд гомдолтой байгаагаа илэрхийлж байлаа. Асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байна.