Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: ШХАБ гэдэг бол эргэж, ухарч гарах боломжгүй нэг урсгалтай зам

М.Наран, Өглөөний сонин
2018 оны 6 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Өглөөний сонин" Монголын анхны олон нийтийн цахим телевиз болох Control TV-ийн "КОММЕНТАТОР" нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг сониндоо буулган уншигч Танд хүргэж байна. Эл дугаарт соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, тус нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой ШХАБ-ын талаар сонирхолтой яриа өрнүүлжээ.

-ШХАБ-д жинхэнэ гишүүнээр Монгол улс элсэх эсэх нь нийгэмд маргаан дэгдээсэн. Энэ асуудлыг анх хөгжөөсөн хүн нь Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга. Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагын уулзалтад биеэрээ оролцож, үг хэлсэн.

Тэгэхдээ Монгол улс ажиглагчаар олон жил ажиллалаа, одоо шат ахиулж өгнө үү гэсэн саналыг дэвшүүлж харагдсан. Яг энэ асуудлаар Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн хараахан санал нэгдээгүй. Түүний хоёр нь дэмжих хандлагаа илэрхийлсэн. Нийгэмд ч гэсэн хуваагдал үүссэн. Харин энэ байр суурийг тууштай дэмжихгүй байгаа хүний нэг бол Та. Та Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан учрыг мэдэх хүний хувьд эсэргүүцэж байна ойлгож байна. Тэгэхээр ШХАБ -д Монгол элс жинхэнэ гишүүнээр элсэхийг Та яагаад дэмжихгүй байгаа нь анхаарал татаж байна.

-Нэгдүгээрт, ерөнхийлөгч Х.Баттулга саяын дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Монгол улсын ажиглагчийн статусыг ахиулж, шинэ шатанд гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавиагүй гэж би ойлгож байгаа. Хэлсэн үгийг нь уншихаар Монголын нийгэмд ийм хэлэлцүүлэг явж байна, асуудлыг судалж байна гэж хэлсэн байсан. Тэр бол ажиглагчийг жинхэнэ гишүүн болгож өгөөч гэсэн хүсэлт биш. Монгол улсын Үндсэн хуулинд гадаад дотоод бодлогын үндсийг УИХ тодорхойлно гэсэн заалт бий. Тиймээс тус байгууллагад элсэх, үл элсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ингэсний дараа ерөнхийлөгч албан хүсэлтээ энэ байгууллагад гаргах эрхтэй.

Ийм дэс дараалалтай. УИХ шийдвэрлэж, ерөнхийлөгч өргөдөл хүсэлтээ гаргасан тохиолдолд үүнийг нь энэ байгууллагын тусгай ажлын хэсэг гарч судална. Үүний дараа дээд хэмжээний түвшинд зөвшилцөнө. Тэгээд дараа дараагийн гэрээ конвенцэд нэгдэх гэх мэт дэгийнхээ дагуу олон асуудал өрнөнө гэсэн үг. Ийм үйл явц одоохондоо өрнөөгүй , зөвхөн л энэ байгууллагад элсэх үү, үгүй юу гэдэг асуудлыг шат шатандаа нухацтай авч хэлэлцэж байна. Миний бодлоор элсэх үү, үгүй юу ? гэдэг асуудлыг нухацтай судлах хэрэгтэй гэсэн байр суурийг би баримталж байгаа. Энэ бол яаран сандран, салхинд туугдсан юм шиг хөөгдөж очоод элсчих асуудал биш.

Наад зах нь энэ байгууллагад элсэхийн тулд нийт 50 улсын гэрээ конвенцтэй нарийвчлан танилцана. Үүний 37-д нь гарын үсэг зурж, олон улсын гэрээгээр үүрэг хүлээх болно. Гэрээнд гарын үсэг зурахын өмнө ямар үүрэг хүлээж байгаагаа мэдмээр байна шүү дээ. Урт хугацааны үр дагавар нь ямар байх ёстой юм бэ гэдгээ тооцох ёстой. 50 жилийн дараахыг ч тооцох шаардлагатай.

Монгол улсын хоёр хөрштэйгөө харьцдаг шиг асуудал гэж зарим нэг нь өнгөцхөн хандах хандлага ч ажиглагдаж байна. Энэ бол асар өргөн хүрээтэй, олон улсын хэмжээний асуудал. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдөв, цаашид хаашаа, хэрхэн яаж өөрчлөгдөхөөр байна, энэ хөдөлгөөн дотор Монгол улс хаана байх вэ, ямар боломж мөн эрсдэл бидэнд тулгарах вэ? гэдгийг сайтар тооцсоны эцэст эргэлт буцалтгүй нэг л удаа шийдвэр гаргах учиртай. Тэрнээс биш дураа хүрэхээр орчих, таалагдахгүй болохоор орхидог тоглоомын байгууллага ч биш.

-Та нар элсчих. Асуудал байхгүй. Таалагдахгүй бол буцаад гарч болно шүү дээ гэж Монгол Улсад ОХУ-аас сууж бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов хэлсэн тухай дипломат нөхөр маань дурссан.

-Мэдэхгүй, би өөрийнх нь амнаас сонсоогүй болохоор хэлж мэдэхгүй байна. Цаасан дээрх хуулиараа бол орж гарах эрхтэй. Бодит амьдрал дээрээ, бид нар нэгэнт элсчихвэл гарч чадах уу? үгүй юу? гэдгийг хэлж мэдэхгүй. Миний бодлоор чадахгүй л болов уу. Тийм бололцоо ч байхгүй. ШХАБ -ыг зүйрлэж хэлбэл, ерөөсөө нэг урсгалтай зам юм.

-Нэг орчихвол ухрах замгүй, буцах нөхцөлгүй гэсэн үг биз дээ?

-Дүрэм нь зөвхөн л урагшлах. Ийм зам руу орохоос өмнө, эргэж буцах зам байхгүй гэдгээ ч ухамсарлан , сайтар тунгаан бодож шийдээ гаргасан байх хэрэгтэй. Монголын эрх ашигт нийцэж байна уу?, үгүй юу?, стратеги, улс төр, эдийн засгийн, урт дунд хугацааны бүх төрлийн ашигт нийцэж байна уу? үгүй юу гэдгийг нэг бүрчлэн дэнслэх ёстой. Ингэж олон талаас нь эргэцүүлсэн, тунгаасан, нийгэмд өрнүүлсэн дорвитой хэлэлцүүлэг ч алга.

Нийгэмд хэлэлцүүлэг хийхгүйгээр яаруу шийдвэр гаргачихдаг. Тэгтэл үүнийг нь олон нийт дэмжихгүй бол яах вэ. Үүнээс болоод бусад түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрвэл яах вэ гэх мэт хүндрэлтэй асуудал. Монголын эрх ашигт нийцэх үү ?үгүй юу ?гэдгийг ойлгохын тулд энэ өөрөө юу хийдэг, юу хийх гээд байгаа байгууллага юм бэ ?гэдгийг судалж мэдэх хэрэгтэй.

-Өрнөдийн хэвлэлд ШХАБ-ыг Азийн НАТО , мөн Азийн Европын холбоо гэж цоллож, түүнийхээ хүрээнд шүүмжлэлтэй хандаж буй. Үүний хариуд ШХАБ стратегийн баримт бичигтээ "ШХАБ бол цэрэг, улс төрийн байгууллага биш" гэж заасан байсан. Энэ заалт нь зарим улс төрчдийг төөрөгдүүлж байх шиг.

-2015 онд ШХАБ -аас ”2025 он хүртэл ШХАБ-ыг хөгжүүлэх стратегийн баримт бичиг" гаргасан. Түүнд, ШХАБ нь, нэгдүгээрт цэрэг, улс төрийн эвсэл биш, хоёрдугаарт, эдийн засгийн интеграци биш гээд зарласан. Наадах санаа, үзэл баримтлалыг нь бид ойлголоо. Тэгвэл үүний цаана нь ямар санаа нуугдаж байна вэ? Гэхлээр бидэнд бас тодорхой хариулт байхгүй. Яг үнэндээ, ШХАБ-д нэгэнт нэгдээд орчихсон улс орнуудад ч үүнийг олоод, тодорхойлох сонирхол ч байхгүй гэж бодож байна.

Яагаад гэвэл, энэ байгууллагад бүс нутаг, дэлхийн хэмжээнд стратегийн тоглоом явуулдаг том гүрнүүд орсон. Тиймээс үүсгэсэн энэ том байгууллагаа яг ийм, тийм гээд “лац, тэмдэг" дарчих сонирхол нэгдүгээрт байхгүй гэж бодогдож байна. Бидний хувьд, яг юунд орох гэж байгаагаа мэдэхгүй байна. Нөгөө талаас тэд ч мэдэгдэхгүй байна. Эвсэл биш гэдэг нь ойлгомжтой, ядаж 2025 он хүртэл.

Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-д орсноор цэрэг улс төрийн эвсэл болохгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Эдийн засгийн интеграци биш гэж зарласан. Интеграци биш юм бол манайд ямар ач холбогдолтой байх вэ?гэдгийг бас бодож үзэх учиртай. Ажиглагчийн статусаа бүрэн эрхт гишүүн болгосноор бид юу хожих вэ? Миний ажиглаж буйгаар Монгол улсад яг өнөөдрийн байдлаар давуу тал үүсэхгүй. Нэгэнт ашигтай нөхцөл байдал үүсэхгүй хойно яаруу сандруу элсэх хэрэг байхгүй л болов уу гэж бодож байна.

-Манай хоёр хөрш болох Орос.Хятад зэрэг их гүрэн ШХАБ-ын гол тулгуур. Энэтхэг, Пакистан хоёр өнгөрсөн онд шинээр элссэн. Бусад гишүүдийг нь ажиглахад нь Иран, Афганистан зэрэг ач холбогдол багатай ч, бүс нутгийн хэрэгцээг хангасан улс орон нэгдсэн байна. Өөр өөрийн сонирхол байж таарна.

-Түүхэн хөгжлөөрөө энэ байгууллага байгуулагдсаны дараахан Америк, Япон хоёр элсэх хүсэлт тавьсан байдаг. Танай хоёр улсыг элсүүлэхгүй гэсэн хариу өгсөн. Олон жилийн турш Энэтхэгийг оруулах гэж Оросууд лоббидсон. Энэтхэгийг оруулахгүй гэдэг хоригийг Хятадууд тавьдаг байсан. Харин Хятадууд Пакистаныг оруулъя гэхэд нь Орос, Энэтхэгийн аль аль нь дэмжих сонирхолгүй байсан. Энэ хоёр улсын ШХАБ-д элсэх асуудал олон жил шийдэгдэхгүй байж байгаад сая хоёуланг нь оруулчихлаа. Энэ хоёр улсыг ШХАБ-д элсүүлэх Астанагийн 2017 оны дээд хэмжээний уулзалтад би Гадаад харилцааны сайдын хувиар оролцож байсан.

Энэтхэг, Пакистан хоёрын гадаад хэргийн сайд нартай зоогийн ширээний ард уулзах завшааныг ашиглаад, -Танай хоёр улс яагаад нэгдээд орчхов оо? гэхэд маш ойлгомжтой хариулсан. Энэтхэгийн сонирхол бол нэгдүгээрт худалдаа арилжаа. Тэд төв Азийн орнуудтай дөнгөж 500 сая долларын худалдааны эргэлттэй. Түүнийгээ өсгөх. Дээр нь эрчим хүч буюу нефть, газрын тосны аюулгүй байдлаа хангахын тулд төв Азийн орон, алсдаа Оросоос асар их хэмжээний нефть, газрын хий авах сонирхолтой. Энэ нь Энэтхэгийн хувьд амин чухал асуудал бөгөөд тус улс нийт нефтийнхээ 70 хувийг Арабын улсаас буюу баруун Азийн улсаас авч байгаа хамаарлаа багасгах.

Тэгэхээр Энэтхэгийн хувьд бол ач холбогдолтой, улс төр, эдийн засгийн том өрөг тавигдаж байна. Дээр нь Энэтхэг улс өөрөө Ираны Чабахор гэж далайн том боомтыг хөгжүүлж байгаа. 2003 онд Энэтхэг, Иран хоёр стратегийн гэрээ байгуулсан.

Энэтхэг 22-30 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүний эцсийн зорилго нь Афганистанаар дайраад төв Азийн орнууд руу гарц гаргах, тэрхүү боомтоор дамжуулан Оросоос нефть, газны хийг авах, эргээд тэр боомтоороо төв Азийн, Алс дорнодын зах зээл рүү гарах асар том худалдааны сонирхлыг агуулж байдаг. Манайд Энэтхэг улсынх шиг зорьсон, харсан худалдааны ашиг сонирхол байна уу ? гэвэл яг нарийндаа үгүй.

-Бизнесийн чиглэлийн гурван төсөл л яригдаад байгаа шүү дээ. Манай газар нутгаар дамжин өнгөрөх нефть, газны хоолой, хөрш хөршийг холбох Олон улсын хурдны авто замыг олон жил ярилаа?

-Манай нутаг дэвсгэр дээгүүр дамжиж өнгөрч магадгүй хоёр том хөршийн эдийн засгийн коридорын л төслүүд шүү дээ. Нөгөө талаас манайхыг ШХАБ-т элсэхгүй бол коридоруудыг танай нутаг дээгүүр явуулахгүй шүү гэж хэлээгүй.

-Элслээ гээд бас манай нутаг дэвсгэрээр дамжуулна гэсэн баталгаа бас байхгүй.

-Байхгүй. Ер нь коридор тавигдвал хэрэгтэй л дээ. Гэхдээ бидэнд бас өөрсдөө гэрээ засаад, бодлогоо нэгтгээд энэ хоёр их гүрэн нэгдээд ороод ирвэл өөдөөс нь юу сөргүүлж тавих вэ? ямар үр дагавартай байх вэ ? гэдгийг нарийвчлан тооцчихсон, бодлого нь ойлгомжтой гарчихсан тийм дүр зураг хэрэгтэй байгаа юм. Манайд тэр нь байхгүй. Жишээ нь Монголын нутаг дэвсгэр дээгүүр л энэ хийн хоолойг явуулчихвал л Монгол суга хөгжинө гээд л яриад байгаа юм. Би бол тэгж бодохгүй байгаа. Яагаад гэвэл тэр хийн хоолойг бид дундаас нь цоолоод хий авч чадахгүй. Манай хэрэглээ тун өчүүхэн, Оросоос төмөр замаар зөөчих хэмжээний л хэрэглээтэй байхгүй юу.

Хийн хоолой бол манай дотоод хэрэгцээнд нэмэр болохгүй. Үүнийг дагуулаад цэрэг, улстөр урт хугацааны ямар эмзэг байдал үүсэж болох вэ? гэдгийг эргэцүүлэн тунгаах ёстой. Украйн бол бодит жишээ. Украйн улс бол Европ руу хийн хоолой дамжуулдаг хамгийн том улс. Тэгэхээр, энэ чинь өөрөө асар их үр дагавар дагуулж байгаагийн илрэл. Монголын үе үеийн засгийн газраас асар их сахилга бат, бодлого тэвчээр, гаргасан бодлогоо тууштай хэрэгжүүлэх чадвар гээд дээд зэргийн сахилга батыг нэхнэ. Энэ бүгдийг тооцож , бодож хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусдаар бол Энэтхэг орчихлоо бид оръё гэдэг асуудал биш. Энэтхэг хэн билээ, бид хэн билээ.

Сүүлийн үед хараад байхад ШХАБ-т элсэж байж бид Орос, Хятад хоёртой харилцаагаа хөгжүүлнэ гэж яриад байгаа юм. Заавал тэгнэ гэсэн юм бас байхгүй шүү дээ. Хоёр харилцаагаа хөгжүүлье гээд Засгийн газрууд хоорондоо ажиллаж байгаа. Хамгийн том асуудал нь " бидэнд өөрсдөд байна " гэж би хардаг. Бид Оросуудтай ч тохирсон юмаа хийдэггүй, Хятад, Япончуудтай ч тохирсон юмаа хийдэггүй.

Байж байгаад л Засгийн газраа унагаж, Сангийн сайд, бодлогоо давхар өөрчилчихдөг. Зөвхөн 2004 оноос хойш л гэхэд зургаа долоон ерөнхий сайд солигдлоо. Энэ бүгдэд бодлого өөрчлөгдөөд, ажил орхигдсон байдаг. Асуудал бидэнд л байгаа болохоос ШХАБ-т элсээгүйгээс болоод хоёр хөрш Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй, дэмжихгүй асуудал байгаа юм биш.

-ШХАБ-д элсэхээр Монгол Улс юу хожиж, юу алдахаар байна?

-Мэдэхгүй, өнөөдөр бол би хожих юм олж харахгүй байгаа. Магадгүй нээлттэй хэлэлцүүлэг яваад, Засгийн газар миний мэдэхгүй үндэслэл, шаардлагыг олон нийт УИХ дээр танилцуулбал би байр сууриа өөрчлөхөд бэлэн байгаа. Тийм хэлэлцүүлэг явахгүй л байна. Хэд хоногийн өмнө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар "нууцаар энэ байгууллагад элсэх асуудлыг зөвшилцье " гэх асуудлыг хэлэлцүүлье гэж орж ирсэн.

Гэхдээ асуудлыг хурлын хэлэлцэх асуудлын бусад гэсэн заалтад хамруулсан байсан. Би бол үүнийг аюулын харанга дэлдэж байна гэж үзэж байна. Энэ бол зөвшилцөх асуудал биш бодлогын асуудал. Их хурал шийдвэр гаргах ёстой. Зөвшилцөнө гэдэг чинь энэ гэрээг Азийн хөгжлийн банктай байгуулж зарчмын хувьд болох юм байна. Гэхдээ жилийн гурван хувийн хүү нь өндөр байна. Үүнийг 1.8 хувь болгон  бууруулаад хэлэлцээд ир гээд Засгийн газар чиглэл өгөөд явуулж байгаа үйл явц шүү дээ, энгийнээр хэлбэл. Хоёрдугаарт, энэ нууцаар яригдах асуудал огт биш, энэ чинь нээлттэй бүх мэдээлэл нь цаХимд байдаг байгууллага.

Олон нийт ШХАБ-ын асуудлаар мэдээлэл аваад, өөрсдийн санал бодлыг бүрдүүлэх ёстой. Тэгж байж гарсан шийдвэрийг ард түмнээрээ дэмжиж зөв шийдвэр гэж хүлээн зөвшөөрнө үү гэхээс гэнэтхэн Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаад, тэдний олонх болох зургаан гишүүний саналаар ийм том, улс төрийн шийдвэр гаргаж огт болохгүй. Аз түшихэд, байнгын хорооны дарга энэ асуудлыг хойшлуулж байж илэн далангүй тухтай ярилцах зав зай гарсан. Тэгж чадаагүй бол шууруулчих сонирхол байсан.

-Та гадаад харилцааны салбарыг удирдаж явсан хүн. Сүүлийн 28 жилийн турш Монгол Улс бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн гэж мэргэжлийн дипломатчид олзуурхан ярьдаг. ШХАБ-д элсчихвэл бусад орны шийдвэрийг дагадаг, өмнөх хуучин тогтолцоо руу орох нь гэх гутрал байгаа.

-Тийм болгоомжлол байж болно. Гэхдээ шууд дагаад орчихно гэсэн үг бас биш л дээ. Бид юунд ороод ямар үр дагавар амсах вэ?гэдгээ мэдэхгүй учраас болгоомжлох нь аргагүй. Тийм болгоомжлол байвал түүнийг тарааж, тайлбарлаж итгэл төрүүлж байж энэ байгууллагад элсэх эсэхийг ярих ёстой юм байгаа юм. Энд элслээ гэхэд гуравдагч хөршийн бодлогод ямар нэг өөрчлөлт орох уу гэвэл орно. Оруулахгүй байя гэж бодсон ч гуравдагч хөршүүд энэ байдалд өөрсдөө үнэлэлт дүгнэлт өгчихнө.

Нэг зүйлийг онцлоход, Монголын 20 дугаар зууны түүх бол ердөө гуравдагч хөрштэй болох гэж л 100 гаруй жил тэмүүлсэн түүх. Да лам Хиагтын хэлэлцээрийн өмнө Японд очиж Монгол гэж ийм улс байна, бидэнтэй харилцаач ээ гээд Манжаар дамжаад явж байхад нь Оросын консул нийслэл хүрээ лүү буцааж байсан. Чин ван Ханддорж, Намнансүрэн сайд нар тус тус хоёр удаа Орост айлчлахдаа Америк, Франц гээд л бүх элчин сайдтай уулзах гээд шөнө орой гүйгээд байдаг байсан түүхэн эх сурвалж байна шүү дээ. Ингэж ингэж бид 1990 онд, зүйрлэвэл, үүлэн чөлөөний нартай учирсан. Тэгж байж сая бид гуравдагч хөрштэй болох бололцоотой боллоо.

Жинхэнэ бодит утгаараа бие даасан гадаад бодлого явуулах ч боломжийг эдэлсэн. Монголчуудын хувь тавиланг түүхэн зургаар нь харахад их тавилантай улс. 1911 онд Хятадад иргэний дайн болоод 1912 оны нэгдүгээр сарын 1-нд Бүгд найрамдах улс тунхаглаад Чинманж улсын бүх эрхийг Хятад улс өвлөж авлаа гээд Монголыг өөрийн автономит улс гээд яг зарлах гэж байхад нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо өрсөн тунхаглаж амжсан. Тухайн үед Хятад руу илгээж байсан албан бичиг, түүхийг сөхөж уншихад, зүгээр ч нэг бид тусгаар тогтнолоо гэж хэлээгүй, сөргүүлсэн байгаа нь сонирхол татсан.

"Та нар ч гэсэн Манж, Чин улсын дарангуйлалд байсан. Манж Чин улс устсанаар Та нар ч, бид ч тусгаар боллоо гэсэн олон улсын эрх зүйн үндэс, үр дагавартай албан тоотыг Хятад улсад илгээсэн байдаг. Дараа нь 1945 оноос хойш, хүйтэн дайны уур амьсгал эхэлчихсэн байхад Америк, баруун европ гэсэн улс төрийн том тоглолтын дунд Оросын тэргүүн Сталин Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлдсэн байдаг. Энэ бол нөгөө л үүлэн чөлөөний нар юм. Тэмцэж олж авсан улсынхаа бие даасан байдал, тусгаар тогтнол, эрх чөлөөндөө тийм хялбар, гоомой хандаж болохгүй. Тавиад туучихна гэж байхгүй ч, маш нухацтай хандах хэрэгтэй.

-Элсэх тухай яриа төрийн өндөр түвшинд өрнөсөн. Маргаан ч их дэгдэх шинжтэй.

-Манай нийгэм эрүүл байгаагийн л шинж. Бид эрүүл саруул ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас ийм байгаа юм.

-2017 онд Уфагийн уулзалтаар Монголыг ШХАБ-т элсэхийг шахсан гэх мэдээлэл сонсогддог. Тэр хэн үнэнд нийцэх вэ?

-Мэдэхгүй, хоёр хөрш бол яагаад танайх элсдэггүй юм бэ, элсвэл танай эрх ашигт нийцэх юм бишүү? гэж байнга асуудаг. Байгуулагдсанаас нь хойш манай үе үеийн тэргүүнүүд нэг л байр суурьтай байсан. 2004 онд ажиглагчаар анх элссэнээс хойш бүх үйл ажиллагаанд нь оролцоод л явж байгаа. Мэдээлэл авч байна, сонирхсон чиглэлийнхээ хамтын ажиллагаанд оролцож байна. Бидэнд энэ л хангалттай.

-Хоёр их гүрний мэдэлд бүрэн орно гэсэн хардлага бий. Бодлогын хувьд дэндүү эрсдэлтэй гэсэн болгоомжлол байгаа.

-Манай улсыг ШХАБ-д элсчихвэл л манай гуравдагч хөршүүд шууд нүүр буруулна гэсэн үг биш. Манайх элсэх үү? үгүй юу?гэж хэн нэгнээс асуух нь ч бодлогын хувьд өрөөсгөл. Гагцхүү бүх зүйлээ тооцож үзэх хэрэгтэй. Америкаас асуусан чинь болно гэсэн гээд л орох юм уу, Японоос асуусан чинь болохгүй гэсэн гээд орохгүй байх юм уу ? энэ чинь манай дотоод асуудал. Тэр өнцгөөс хандах нь буруу. Өөрсдийнхөө бодлоор , итгэл үнэмшлээр л шийдэх ёстой. Сэтгэл зовоож байгаа асуудлын нэг нь энэ байгууллагад орохыгоо ямар нэг байдлаар наймаалчихъя гэх хандлага ажиглагдаж байна.

Сонин хэвлэлээр хүртэл яриад байна. "Бид оръё, та нар баталгаа өг гэдэг ч юм уу." Энэ бол маш буруу жишиг, барьцаалагдаж байгаа шинж. Ийм хандлага ч байж болохгүй, хэдэн төгрөгөөр заръя л гэж байгаа хэрэг шүү дээ, үнэн хэрэг дээрээ. Гэтэл яг өнөөдөр миний бодсоноор бол Монголд мөнгө дутагдсандаа ядуурлыг арилгаж чадахгүй байгаа юм биш. Байгаагаа зохистой, зарцуулж чадахгүй, баялгаа зөв ашиглаж чадахгүй байна. Бодлогоо зөв гаргахгүй, гаргасан бодлогоо байнга өөрчилж байна. Энд л асуудал байна. 5 , цаашлаад 10 тэрбум доллар хэн нэгэн өгье гэж саная. Манай эдийн засаг үүнийг шингээх чадваргүй.

Их мөнгө ийм тохиолдолд лай л болно уу гэхээс тус болохгүй. Хоёрдугаарт энэ асуудлыг шийдэхдээ Монголын эрх ашигт нийцэж байвал ямар нэг наймаа, хэлцэлгүйгээр тус байгууллагад элсэн орох хэрэгтэй. Нийцэхгүй байгаа бол ямар нэг наймаа хийх хэрэггүй. Бидэнд тэнд орох хэрэг ч байхгүй. Зарчмын хувьд ийм. Төслөөр, мөнгөөр наймаалцаж болохгүй байхгүй юу.

-МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн гишүүний хувьд ШХАБ-д элсэхийг нэлээд дэмжсэн байр суурьтай байгаа гэж харсан. Ерөнхий сайдад эдийн засгаа л хөдөлгөх мөнгө л чухал байх нь ойлгомжтой. Тиймээс дэмжих байр суурь илэрхийлсэн юм болов уу? гэж хардах юм.

-Ерөнхий сайд энэ талаар ямар байр суурьтай байгааг би сонсоогүй байна. Энэ асуудлыг УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэх юм бол түүнээс байр суурийг нь албан ёсоор асууна. Одоохондоо сонсогдсон зүйл алга. Хамгийн гол асуудал бол дунд, урт хугацааны үр дагавар нь юу юм бэ гэдгийг л олон талаас нь бодсон, тооцсон шийдвэр гаргах хэрэгтэй. Геостратеги гэдэг чинь өөрийнх нь онцлог байна шүү. Гео гэдэг нь газар зүйн, стратеги гэдэг нь урт хугацааны илэрхийлэл.

Тэгэхээр улс орнуудын энэ геостратеги нэг их өөрчлөгдөх ёсгүй. Монголынх ч бас ялгаагүй. Манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол хоёр их хөрштэйгөө тэнцвэртэй харилцаа хөгжүүлнэ гээд гадаад бодлогынхоо үзэл баримтлалд тодорхой заачихсан. Энэ зарчмаараа бодлогоо хөгжүүлээд явж байгаа. Худалдааны тал дээр зөрүү гарсан нь ойлгомжтой. Энэ бол гадаад бодлогоос хамааралгүй зүйл. Монголын улстөрийн систем, худалдааны систем чинь өөр өөр.

Монголчуудын арилжих бараа хаана борлогдох вэ? Дээр бидэнд хэрэгтэй зүйлсийг хаанаас авч болох вэ? Гэдэг асуудлыг дагаад Хятадтай харьцаа их дээшилсэн. Бараа бүтээгдэхүүний балансыг үзэхээр өмнөд хөрштэйгөө нийт гадаад худалдааны 70 хувь, экспортын 60 хувь нь байхаас гарцаагүй л байгаа байхгүй юу. Энэ бол асуудал. Тэрнээс бусдаар харилцаагаа хоёр чиглэлээр хөгжүүлж байгаа юу гэвэл хөгжүүлж байгаа.

-ШХАБ гэхээр Япон , Солонгос зэрэг тивдээ өндөр хөгжилтэйд тооцогдох Ази тивийн орнууд өдий болтол элсээгүй хэвээр?

-Нэгдүгээрт орохгүй байна, хоёрдугаарт оруулах ч үгүй байх. Японы байр суурийг харахаар ШХАБ-ыг Япон, Америкийн сонирхлыг төв Ази, өмнөд Азиас аажмаар шахаж гаргах зорилготой байгууллага гэсэн байр суурьтай, тэрийгээ ч ил тод илэрхийлдэг. Жинхэнэ тийм байгууллага юм уу мэдэхгүй. Америк ч ялгаагүй ийм байр суурьтай байгаа.

Яг үнэндээ бол хүйтэн дайн чинь эхэлчхээд байна шүү дээ. Жишээ нь Орос -Хятадын хооронд явж байгаа өргөн дэлгэр худалдаа, цэрэг улс төрийн хамтын ажиллагаа, ЕХ-ны байр суурь гээд бүгдийг харахаар хүйтэн дайн эрчээ авч байгаа. Минийхээр бол энэ дайн 5-10 жил болоод дуусахгүй. Ийм нөхцөлд энэ дайн ямар ямар байдлаар илрэх вэ, манайх шиг жижиг улсад яаж нөлөөлөх вэ. Ийм зүйлийг бид бодолцох ёстой.

-Худалдааны дайн гэж бас яриад байгаа шүү дээ, бас л нэг илрэл нь байх. Нэг талаараа эзлэн түрэмгийлэх хандлага. Эдийн засаг өөрөө улстөрийн тулах суурь нь болдог. 

-Том гүрнүүдийн урт хугацааны ашиг сонирхлын асуудал байна. Энэтхэг Хятад хоёр ямар ч харилцаатай байсан өөр өөрийн стратегийн сонирхолтой улс. Тэр нь тэр бүр хоорондоо нийцэхгүй. Энэтхэг, Пакистан, Орос, Хятад ч ялгаагүй бүгд тийм. Эдний харилцааг бид анзаарч байх ёстой.

Энэ байгууллагад яваад орчихъё, гэтэл Энэтхэг, Пакистаны харилцаа муудвал яах вэ. Жижиг улсын хувьд аль нэгийнх нь талд орж байх хэрэггүй л юм. Улс төр судлаачид Орос Хятадын харилцаа ч дандаа ийм байхгүй гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Тэр үед манайх яах вэ. Тэгэхээр өнөөдрөөрөө биш холыг харах ёстой байгаа биз.

-Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг шиг манай улсад бодох, тунгаах зүйл их байна.

-Магадгүй хоёр том гүрний хөрш байгаа нь маш том давуу тал, бас сул тал байх. Давуу талаа яаж ашиглах вэ, сул талаа яаж багасгах вэ. Энэ бол улстөрийн гадаад бодлогын урлаг байхгүй юу. Тэдэн төгрөг өгвөл тэгнэ, ингэнэ гэх мэт механик, яаруу сандруу судалгаагүй байж болохгүй. Ер нь Монголын ард түмэн, тусгаар тогтнолд өөрийн гэсэн совинтой, эмзэг ард түмэн. Ер нь энд элсэхийн тулд сайн муу талаа маш сайн бодох, тунгаах хэрэгтэй л гэж хэлэх гээд байна.

Гадаад , дотоод бодлогын үр дагавар нь харилцан өөр. Дотоод бодлогын үр дүн богино хугацаанд гардаг. Тэр тусмаа манайх шиг жижиг улсад дүнг нь дөрвөн жил тутамд сонгуулиар ард иргэд нь тавьчихдаг. Харин гадаад бодлогын үр дагаврыг засах боломжгүй. Ур дагавар нь олон арван жилийн дараа гарна. Магадгүй бид элсье гээд элсчихдэг, үр дагаврыг нь манай хүүхдүүд л үүрнэ. Энэ байгууллагад орлоо гээд ороод гарлаа гээд гараад явчихлаа гэж саная. Аль ч тохиолдолд сайн муу маш олон үр дагавар үүснэ. Хаана юу болох вэ гэдгээ сайтар цэгнэж, жигнэж үзэх хэрэгтэй.

-Үнэхээр явдал байна. Энэ хүрээд Та бидний нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Хуульч, олон улсын эрх зүйч, гадаад харилцааны сайд, төрийн түшээгийн хувьд ШХАБ-ын асуудлаар дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Иргэд бас зохих зөв ойлголтыг авсан гэж найдаж байна. Уг асуудал дээрээ таныг тууштай зогсоно гэж итгэж байна.

-Баярлалаа, энэ асуудалд сэтгүүлч нар их нухацтай ярьж, анхаарал хандуулж байгаад баяртай байна.

-Таны ажилд амжилт хүсье.

Зураг