Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгинохайрхан дүүрэг дэх 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажил 38 хувьтай байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралт, бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр боллоо. Нэгдсэн эмнэлгийг ирэх 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нэгдсэн эмнэлгийг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд барьж байгаа юм. Нийт 45.1 сая ам.долларын төсөвтэй. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж 14.5, АХБ-ны хөнгөлөлттэй зээл 25 сая, Монгол Улсын Засгийн газраас 4.5 сая ам.долларын санхүүжилт өгчээ.

Хүн амынхаа тоогоор нийслэлд тэргүүлдэг тус дүүргийн хувьд, 157,000 оршин суугчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх 150-200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл өдгөө 38 хувьтай байна. 

Шинэ эмнэлэг нарийн мэргэшил, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд гээд үндсэн долоон чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийг хүртэл нийслэлийн есөн дүүрэг ийм жишиг эмнэлэггүй байсан. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнглөлттэй зээлийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг жишиг эмнэлэгтэй болох гэж байна. Эмнэлэгийн барилга, угсралтын ажлын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж байна. Энэ эмнэлэг баригдсанаар нийслэлийн хамгийн их хүн амтай СХД-ийн ард иргэдийн эмнэлэгийн тусламж, хүртээмж сайжирна. Энэ эмнэлэг нарийн мэргэшил, мэс засал, эмэгтэйчүүд, хүүхэд гээд үндсэн долоон чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ. 

Шинэ эмнэлэгт ажиллах 180 гаруй хүнийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван жилийн хугацаанд тэтгэлэгтэйгээр, үнэ төлбөргүй сургаж байгаа. Эдгээр 180 хүнээс 150 гаруй нь сувилагч, туслах сувилагч гэдгийг хэлэхэд таатай байна. Хүчин чадлын хувьд жилдээ дунджаар 10,000 хүн хэвтэж эмчлүүлэх, 47,000 хүн амбулаториор үйлчлэх боломж бүрдэнэ” хэмээв.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 10 өрхийн жишиг эмнэлэг, 22 цэцэрлэг, 9 сургууль барихаар болсон

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн хүн амын өсөлттэй холбоотойгоор нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмж тулгамдсан асуудал болоод байгаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эрүүл мэндийн салбарт маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.

Улаанбаатар хотод анхны жишиг нэгдсэн эмнэлэгийн барилга, угсралтын ажлын нээлт өнөөдөр болж байна. Үргэлжлүүлээд Азийн хөнгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлэг барих асуудал яригдаж байгаа.

Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10 өрхийн жишиг эмнэлэг, 22 цэцэрлэг, 9 сургууль барихаар болсон” хэмээлээ.

Жишиг нэгдсэн эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран 17 чиглэлийн 29 эмч, 100 гаруй сувилагчийг төрөлжсөн мэргэшлээр, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтныг сургасан байна. Энэ дагуу өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдлагууд эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд батламжийг нь гардуулж өглөө.

 

Эмнэлэг байгуулах ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын “Симед” ХХК, барилгын зураг төслийг БНСУ-ын “Жунглим” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын “Вамед” ХХК ажиллаж байгаа аж.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс