Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эдийн засагчид өрийн удирдлагын талаарх зөвлөмж номоо Ерөнхий сайдад хүргүүлнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын “Өрийн саарал ном”-ыг манай улсын тэргүүлэх эдийн засагчид гаргаснаа өнөөдөр танилцууллаа. Манай улсын гадаад өр 2017 оны эцсийн байдлаар 17 их наяд гаруй төгрөг байсан бол цаашид өсөх нь тодорхой байна. “Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 27.4 тэрбум ам.долларт хүрсэн тухай сонсоод сэтгэл өвдсөн” хэмээн “Өрийн саарал ном”-ыг санаачлагч, Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав ярив. Тиймээс тэрбээр Их өрийн талаар, бусад орны жишигт байдаг ийм зөвлөмж ном бичихээр эдийн засагчидтай уулзаж, санал нэгджээ.

Уг номд эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхимийн багш доктор, профессор Л.Оюун болон А.Ганзориг, Т.Доржханд, Ч.Отгончулуу, Д.Байлыхүү, Б.Лакшми зэрэг эдийн засагчид оролцсон байна.

Өрийн хэмжээ 17 гаруй их наяд төгрөг болсон нь өнөөдрийн Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдалд сэтгэл зовоох түвшин мөн юм байна гэдгийг бид хамтдаа гаргаж ирсэн. Өрийн удирдлагын бодлого, стратеги, хэрэгжилт бол зайлшгүй анхаарах асуудал байна. Өрийн удирдлагыг бид зөвхөн өрийн зардлыг яаж багасгаж, яаж урт хугацаатай болгох вэ, санхүүжилтийг хэрхэн бууруулах вэ гэдгийг л хардаг. Гэтэл нөгөө талд төсвийн орлогыг яаж нэмэгдүүлэх, ирээдүйд өрийн дарамтыг багасгаж, эдийн засгийн бүтцийг яаж өөрчилж, хөрөнгө оруулалтад анхаарах вэ гэдэгт бага анхаардаг нь ажиглагдсан. Үнэхээр санаа зовоох асуудал болоод байна” хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан ярилаа.

“Өрийн саарал ном” нь “Сэтгэл зовоосон их өр”, “Эрсдэл дагуулсан өр зээлийн гадаад харилцаа”, “Баялгаа зөв ашигласан сайхан жишээ”, “Төсвийн зардал, алдагдлаа бууруулахад дэм болох улс төрийн тогтолцооны талаар” гэсэн дөрвөн үндсэн бүлэгтэй. Товчхондоо Их өр үүссэн түүх өдгөө ячмар нөхцөлд хүрснийг судалж бичсэнээс гадна өрнөөс хэрхэн гарах, цаашид богино, дунд, урт хугацаандаа ямар бодлого баримтлах шаардлагатай зөвлөмж болгон хүргүүлжээ. Тухайлбал, Засгийн газар цаашид аливаа төслийн санхүүжилт хийхдээ үр өгөөжийг нь нэгдүгээрт тавих, өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх, экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэх, алдагдалгүй төсөв баталдаг байх зэрэг шаардлагыг хүргүүлж байгаа аж.