Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун Хятадаас илгээсэн нисэх онгоцоор Сингапурыг зорьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө эрт Пёньянд буусан Хятадын тусгай нисэх онгоц нэг цаг орчим болсны дараа эргэн хөөрч, Сингапурыг зорьсон болохыг нислэгийн замыг хянадаг Flightradar24 сайтын мэдээлэл баталж байна.

Air China компанид харьяалагддаг, Хятадын төрийн өндөр албан тушаалтнуудыг тээвэрлэдэг Boeing 747-4J6 онгоц өнөөдөр үүрээр Бээжин хотын олон улсын нисэх буудлаас 04:18 цагт хөөрч, 07:20 цагт Хойд Солонгосын нийслэлд газарджээ.

Дараа нь өглөөний 08:30 цагт тус онгоц эргэн хөөрч, Бээжинг чиглэсэн боловч гэнэт замаа өөрчилж Сингапурыг зорьсон байна. Бээжингийн чиглэлд CA61 дугаартай нислэг үйлдэж байсан бол чиглэлээ сольсны дараа CA122 дугаартай болсон гэнэ.

 

Air China компани Пёньяны чиглэлд долоо хоногийн ажлын өдрүүдэд гурван удаа нисдэг. Харин амралтын өдөр нисэх хуваарь байдаггүй ажээ.

Тиймээс уг нисэх онгоцоор Ким Жон Уныг нисэж яваа гэж дүгнэж байна.

Хойд Солонгосын удирдагч Зөвлөлтийн үеийн Ил-62М онгоцтой. Гэхдээ Сингапур хүрэхийн тулд аюулгүй байдлаа бодолцон Хятадын нисэх онгоцыг ашигласан бололтой.

Бямба гарагт Хятадын бас нэг онгоц Пёньянаас Сингапурыг зорьсон тухай Flightradar24 сайтад мэдээлжээ. Энэ онгоцоор албаны бусад хүмүүс зорчсон байж магадгүй.

Дональд Трамп, Ким Жон Ун нар Мягмар гарагт уулзах юм. Трамп өчигдөр Канадаас Сингапурыг зорьсон бөгөөд өнөөдөр орой Сингапур дахь цэргийн бааздаа буух төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Yonhap News