Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Үүрийнтуяа: Хуримын ёслолын захиалга авах үйлчилгээг цахимжуулах боломжгүй

Б.Болор-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гэрлэх ёслолын ордны үйлчилгээний үнэ, цаашдын зорилго, үйл ажиллагааны талаар тус ордны захирал С.Үүрийнтуяагаас тодрууллаа.

-Намрын сарын хуримын захиалгаа аваад эхэлсэн үү. Энэ жил хурим олон болохоор байна уу?

-Хаврын саруудад хурим цөөн болдог ч энэ жил “нөхөрсөг” нохой жил тул хуримын захиалга ихтэй байлаа. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн намрын саруудынхаа захиалгыг авч эхэллээ. Хуримын тоо жил бүр харилцан адилгүй байдаг. Тухайн жилийнхээ өнгө төрхөөс шалтгаалж хосууд хуримаа хийдэг. Хүн амын дунд ямар насныхан давамгайлах, эдийн засгийн өсөлт гэх зэрэг хүчин зүйлээс хамааран хуримын ёслолын тоогоо тооцоолдог Энэ жил 1993 оноос хойш төрсөн залуучууд ихэвчлэн хуримаа хийж байна. Өмнөх жил бичин жил тохиогоод хурим бага болсон гэж хүмүүс ярьдаг. Энэ нь бичин жил учраас хурим бага болсон юм биш.

Тухайн жил 1989-1992 онд төрсөн залуусын хурим хийх жил байсан юм. Гэвч манай улсад 1989-1992 онд төрсөн залуус маш цөөн. Учир нь энэ жилүүд картын бараатай, зах зээлд шилжсэн хатуу үе байсан тул хүмүүс хүүхэд гаргах нь цөөн байсан. Төрөх газрууд хүртэл хаалгаа барьж байсан. Харин улсаас бар жилд гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг өгөхөөр болсон. Тэр үед хуримын ёслол эрс нэмэгдсэн. Ер нь аливаа жилийн эхний хагаст цөөн тооны хос хуримаа хийдэг. Яагаад гэвэл жилийн эхний улирал нь өвлийн сарууд байдагтай холбоотой. Харин зун, намарт энэ тоо эрс ихэсдэг. Энэ жил 120 орчим хос хуримаа хийсэн байна.

Одоогоор 200 хос наймдугаар сард хуримаа хийхээр захиалга өгсөн. Энэ тоо цаашид бүр нэмэгдэнэ. Бид наймдугаар сард хамгийн дээд тал нь 450 гаруй хуримын ёслол хийж байсан. Есдүгээр сард 300 орчим, аравдугаар сард бүр 600 гаруй хос хуримаа хийдэг. Манай Гэрлэх ёслолын ордон 1976 онд байгуулагдсан. Түүнээс хойш өдийг хүртэл 37 мянган хосын хурим хийсэн. Есдүгээр сарын хуримын захиалгаа ирэх сарын 2-ноос авна.

-Улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь 15-34 насныхан байдаг гэсэн статистик бий. Тэгэхээр энэ нь бас нөлөөлөх нь, тийм үү?

-Тийм ээ. 2007 оныг “Алтан" гахай жил гээд олон эмэгтэй хүүхэд төрүүлсэн гэсэн судалгаа гарсан. Тухайн жилд манай улсын хүн ам хамгийн их өссөн байдаг. 2007 онд төрсөн хүүхдүүд одоо хэдэн настай байгаа вэ. Тэд хэдэн жилийн дараа хуримаа хийх вэ гэдгийг тооцож, төлөвлөгөөгөө гаргадаг. Түүнээс гадна жил ирэх бүр залуучуудын сэтгэлгээ өөр болж байна. Дүүрэг дээр очоод гэрлэлтээ батлуулснаас албан ёсоор хуримаа хийсэн нь илүү үнэтэй гэдэг залуус ойлгож, ирээдүйдээ маш хүндэтгэлтэй хандаж байгаа юм.

-Жилд дунджаар хэчнээн хос хуримаа хийдэг юм бэ?

-Хуримласан залуусын тоо жил бүр харилцан адилгүй байдаг. Жилд дунджаар 17 мянга гаруй хос гэрлэлтээ батлуулдаг. Үүнээс таван хувь нь л хуримаа хийдэг. Манай ордноос хуримаа хийхийн ач холбогдол, баяр баяслыг залууст мэдрүүлж түгээх чиглэлд бодлого баримталж байгаа. Залуучуудынхаа хуримын ёслолыг бид видео болгон аваад архивтаа хадгалдаг.

-Танай ордонд монгол залуусаас гадна гаднын хосууд хуримаа хийдэг. Харин хуримын ёслолууд монгол уламжлалаа хадгалсан байдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаараа ярихгүй юу?

-Тийм ээ. Нэгэнт л дэлхий ертөнц глобалчлагдаж байгаа тул бид үндэсний уламжлалаа хадгалахын зэрэгцээ бусад орны соёлыг ч мөн үгүйсгэдэггүй. Хуримаа хийж буй гадаадын хосын өөрсдийнх нь ёс заншил, уламжлалын дагуу хуримын ёслолыг нь хийж өгдөг. Бид хуримлагч хосууддаа шинэ үйлчилгээг цаг үргэлж нэмэхийг хичээж байна. Өнгөрсөн онд бид нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, жуулчдад монгол хуримаа танилцуулж эхэлсэн.

Энэ нь манай ордонд хуримаа хийх гадаадын иргэдийн тоог нэмсэн. Япон, Өвөрмонголчууд манайд их хуримладаг. Ялангуяа өвөрмонголчууд Ар монголд хуримаа хийсэн хүнээ хамгийн зиндаа дээгүүр гэлцдэг. Манай гэрлэх ёслолын ордон Төв Азидаа ганцхан. Дэлхийн бусад оронд Гэрлэх ёслолын ордон байдаггүй. Сүмд эсвэл ресторанд л хуримаа хийдэг. Тиймээс хуримын ордонг сонирхдог юм билээ.

-“Хуримын ордны дараалал их, үнэ өндөр, ёслолын цаг бага” гэж олон нийт шүүмжилдэг. Үйлчилгээгээ цахимжуулж, шинэчлэх шаардлагатай талаар яриа их өрнөдөг. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа шинэчлэх, цахимжуулах төлөвлөгөө бий юү?

-Бид үйлчилгээгээ цахимжуулахаар нэлээд судалгаа хийсэн. Онгоцны тасалбар авдаг шиг хуримын ёслолын захиалгаа авахаар ярьсан. Гэвч хүндрэлтэй юм билээ. Цахимжуулахын тулд бүх банкуудтай гэрээ хийж, данс нээх шаардлагатай гэсэн. Нэг хос хурим хийхэд тохиромжтой өдөр сонгоод баталгаажууллаа. Гэтэл гэнэтийн шалтгаан гараад хуримаа хийж чадахааргүй болов. Тэгэхээр нөгөө хосоо хурим хийгээгүйнх нь төлөө торгууль авах хэцүү.

Онгоцны тасалбарын цахим үйлчилгээ нисээгүйнх нь төлөө торгууль авдаг шүү дээ. Харин бид хосууд гал голомтоо бадраагаад сайхан дурсамж үлдээх гэж байгаад гэнэтийн шалтгааны улмаас хойшлуулсных нь төлөө торгууль авбал зохимжгүй. Үүнээс гадна цахимаар захиалга авахаар сайн өдрүүдийн цагийг шаглах эрсдэл гарах гээд байгаа юм. Ингэхээр шударга өрсөлдөөний зарчим байхгүй болно. Иймээс л бид онлайн үйлчилгээг нэвтрүүлэхгүй байгаа. Харин үнэ тарифын хувьд бид 2013 оноос хойш өөрчлөөгүй. Бид хуримлагч хосууд, ард иргэддээ дарамт үүсгэхгүйн тулд үнээ барихыг хичээж байгаа.

Ажлын өдөр, ажлын цагаар хуримаа хийхэд 759 мянган төгрөг байдаг. Энэ мөнгөндөө бид иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг юм. Ёслол удирдагч, ерөөлч, магтаалч, морин хуурч бэлдэж, хуримын машины бүх чимэглэлийг өгдөг. Гэрлэх ёслолын ордны нэрийн цомогт хосуудын хуримын үеэр авхуулсан 30 зургийг угаагаад хийж өгөхөөс гадна хуримын видеог нь хийгээд дискэнд хуулж өгдөг. Мөн зочдодоо өгөх сүү, ааруулыг манайхаас гаргадаг. Үүнээс гадна гарын бэлэг, бөгжний хайрцгийг нь хүртэл бэлдэж өгдөг. Тийм болохоор бид үйлчилгээгээ үнэтэй гэдэгтэй санал нийлэхгүй.

Зураг