Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сугалах арга буюу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын хэрэг

Б.Энх, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг

ШХАБ-д элсэх, элсэхгүй тухай яриа хэвлэлийн хуудсыг эзэлж байх хойгуур Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу "Монголын төмөр зам" /МТЗ/ компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийн холбогдогчдын нэгнийх нь хэргийг хэрэгсэхгүй болгосныг эх сурвалжууд дурдлаа.

Тодруулбал, өдгөөгөөс гурван жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замтай холбоотой асуудлаар одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх . нарын хүмүүст албан тушаал, эрх мэдлээ ашиглан улсад их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Түүнчлэн Зам тээврийн яамны, төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяаг цагдан хорьж, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанид төслийн хэлтэст хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг, БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарыг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр иргэнийг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ.

Тэгвэл уг хэргийн холбогдогчдод хамаарах хэргийг Сүхбаатар Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт шүүж, төмөр зам тавих зургийг дахин хийж, мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны хэргийг хэрэгсэхгүй болгон, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жон ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Үүнээс өмнө буюу өнгөрсөн  оны есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас танилцуулж байлаа. Үүнээс төд удалгүй Зам, тээврийн сайд асан, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж буй А. Гансүх, ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон билээ. Тэгвэл энэ удаад БНСУ-ын дээрх хоёр иргэний хэргийг шүүх шийдэхийн зэрэгцээ интерполоор эрэн сурвалжилж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг олон улсад эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж дурдлаа.

Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлд тавигдах ёстой асан 267 км төмөр замын хөрөнгийг овоолсон шороо болгон хувиргаж, албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг уг нь АТГ, Эрүүгийн цагдаагийн газар тэргүүтэй хууль, хяналтынхан ихэд нямбайлан шалгаж, хянаж байсан ч ийнхүү эзэн холбогдогчид нь нэг нэгээрээ сугарсаар өдгөө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяа нарын гарын таван хуруунд багтах тооны хүн “үлдэв” бололтой.

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд гэрээс нь баривчилж байсан. Түүнийг “Ухаахудаг-Гашуунсухайт"-ын төмөр замын ажлыг бүрэн зогсоосон хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Б.Батзаяа нарт холбогдох хэрэгт “Либерти партнөрс’’-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ нарыг мөн шалгахаар болсон.

Гэвч “Либерти партнөрс”-ийн захирал Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар гадаадын улс орон руу оргон зайлсан. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн онд “Эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад "Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс" ХХК-г үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол Улсын хилээр гадагш гарсан бөгөөд П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар байхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна" гэж байсан юм.

Зураг