Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэ Ресурс” Торонтогийн хөрөнгийн бирж болон МХБ-д хувьцаагаа давхар арилжих анхны компани боллоо

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа давхар арилжих эрхтэй анхны компани боллоо.

Тус компани өөрийн хувьцааг хоёр хөрөнгийн биржид давхар бүртгүүлэн, арилжаа хийх зөвшөөрлийг МХБ болон Санхүүгийн зохицуулах хорооноос авчээ.

Энэхүү давхар бүртгэлээр "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компани  4,000,000 ширхэг хувьцааг нэгж бүрийг 640 төгрөг (0.34 кан.доллар)-өөр арилжаалж, нийт 2.56 тэрбум төгрөг (1.36 сая кан.дол) -ийн хөрөнгийг МХБ-ээс татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн Канад улсын хөрөнгийн зах зээлээс хаалттай хүрээнд 8,000,000 хүртэл Энгийн Хувьцааг нэгж бүрийг 0.38 кан.доллараар үнэлэн, 3.04 сая кан.доллар хүртэл хөрөнгө босгох үйл ажиллагааг МХБ дэх давхар бүртгэлтэй ижил хугацаанд зохион байгуулж байгаа юм байна. Монгол Улсад арилжаалах хувьцааны үнэ нь Канад улсад босгох хаалттай санхүүжилтийн үнээс 10%-ийн хөнгөлөлттэй үнээр тогтоогджээ.

Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэн хувьцаагаа арилжаалахтай холбогдуулан өнөөдөр 10:00 цагт МХБ дээр цан цохих ёслолын арга хэмжээ болсон юм.

 

Уг арга хэмжээг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Монголын ард иргэд Эрдэнэ “Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн хувьцааг худалдан авах боломжийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн талуудад талархал илэрхийлье. 

Төр хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсад ус агаар шиг хэрэгтэй байгаа. Бид бүхний хамтын ажиллагааны үр дүнд эдийн засаг тогтворжиж, макро эдийн засгийн түвшин сайжран, төгрөгийн ханш чангарах эерэг өөрчлөлтүүд гарна хэмээн найдаж байна. 

Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийлгэсэн анхны компани болсон “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн хамт олонд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон компани манай хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа арилжиж, ард иргэдэд баялгийнхаа хишгийг хүртэх боломжоор хангаасай гэж хүсч байна" хэмээн хэлэв.

Уул уурхайн салбар давамгайлсан монголын эдийн засгийн хувьд иргэд энэ салбарын хувьцааг эзэмшиж, үйл ажиллагаанд нь оролцох боломжийг олгож байна.

 

Давхар бүртгэлийн талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн "Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд өнөөдөр шинэ бүлэг нээгдэж байна. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани Монгол Улсын хөрөнгийн зах зээл дээр албан ёсоор хувьцаагаа олны өмнө санал болголоо. 

Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд СЗХ-ны хувьд иргэдийнхээ хөрөнгийн зах зээл дээрх идэвхийг нэмэгдүүлэх, сонирхлыг нь татах бараа бүтээгдэхүүнийг танилцуулах чиглэлээр ажиллаж байгаа. Цаашид ч үргэлжлүүлэн идэвх чармайлт гарган ажиллах болно" гэлээ.

Эрдэнэ Ресурс МХБ дээрээс татан төвлөрүүлэх хөрөнгө болон хаалттай хүрээнд хийж буй санхүүжилт нь 2019 он хүртэл Баян Хөндий болон Алтан Нар төслүүд, бүс нутгийн хайгуул, судалгааны ажлууд бусад үйл ажиллагааны зардлуудад зарцуулагдах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

Энэ талаар "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" компанийн ерөнхийлөгч Петер Акерли "Хувьцаагаа давхар бүртгүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр урт хугацаанд тууштай ажиллалаа. Уг ажилд биднийг дэмжиж, нягт хамтран ажилласан Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны хамт олон талархлаа илэрхийлмээр байна. 

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин орсноос хойш тодорхой хугацаа өнгөрсөн. Өнөөдөр монголчууд анх удаа олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуулын компанийн хувьцааг МХБ-ээр дамжуулан худалдан авах боломжоор хангагдаж байна. Ингэснээр ард түмэн өөрийн улс орны эрдэс баялгаас ашиг хүртэх боломжийг бий болголоо.

Манай компанийн хувьд 14 жилийн хугацаанд 50 сая гаруй ам.долларын хайгуулын ажилд зарцуулж, одоо үр шимийг нь хүртэх болж байна. Баянхонгор аймагт илрүүлсэн ордыг удахгүй ашиглалтад оруулахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаа. Хувьцаагаа МХБ дээр гаргах хүртэл энэ хугацаанд нягт хамтран ажилласан түншүүд болон Баянхонгор аймагт ажиллаж байгаа нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.

Бид уул уурхайн төсөл хөгжүүлэх ажлын хүрээнд бүх оролцогч талуудад үр ашгийг хүртээх, талуудын оролцоог хангахад онцгой анхаарч, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан, бодлого хэрэгжүүлдэг. Манай компанийн нийгэм, хүрээлэн буй орчныг хөгжүүлэх бодлогын дагуу орон нутгийн усны хүртээмжийг сайжруулах, иргэдийн боловсролыг дэмжих сургалтууд, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах, орон нутгийн ажилгүйдлийг бууруулах төслүүд хэрэгжиж байгаа энэ цаг үед ийнхүү хувьцаагаа Монгол Улсад давхар бүртгүүлж байгаадаа их баяртай байна” гэв.

 

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" компанийн хувьцааны захиалга 2018 оны тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 14-н хүртэл хийгдэх бөгөөд захиалгатай холбоотой асуултыг давхар бүртгэл хариуцаж буй тэргүүлэх андеррайтер БиДиСек ҮЦК ХК болон хамтрагч андеррайтер Голомт Капитал ҮЦК-аас тус тус холбогдон авна уу.