Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Баавгайтай сэлфи хийх гэсэн хүн алгадуулж амиа алдсан хэрэг Энэтхэгт гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Зэрлэг баавгайтай хамт зургаа авхуулах гэж оролдоод уг хүчирхэг амьтанд алгадуулж амиа алдсан хэрэг саяхан Энэтхэгт гарчээ.

Зүүн Энэтхэгийн Одиша мужийн Набарангпур тойрогт хуримнаас буцаж явсан эр замын ойролцоо шархтай баавгай хэвтэж байгааг олж харсан байна.

Автомашинтай зочид морь харахаар түр зогсох үед энэ явдал тохиолджээ. Бусад зорчигчид хориглож байсан ч тэр баавгайтай сэлфи хийхээр дэргэд нь очоод хохирогч болсон байна. Баавгай түүнийг алгадаж, самардсаны улмаас газар дээрээ амиа алджээ.

Энэтхэг улс нэгэн үе сэлфитэй холбоотой үхлийн голомт болоод байв.

2014 оны гуравдугаар сараас 2016 оны есдүгээр сарын хооронд дэлхий даяар сэлфитэй холбоотой 127 үхэл бүртгэгдсэнээс 76 нь Энэтхэгт ноогдож байжээ.

Сэлфи хийх гээд амиа алдсан хамгийн золгүй тохиолдлуудын тоонд 2014 онд Мексикт болсон нэгэн эмгэнэлт явдал тооцогддог.

21 настай Оскар Отеро Агилар найз нартайгаа ууж байгаад толгойдоо буу тулган сэлфи хийхдээ сум алдаж, удалгүй эмнэлэгт амиа алдаж байжээ.

Өнгөрсөн онд нэгэн Америк эмэгтэй Калифорнид гүүрэн дээр сэлфи хийж байгаад 20 метрийн өндрөөс унаж, золоор амьд гарсан юм. Түүний гар олон газраар хугарч хүнд шархдсан байна.

Энэ оны эхээр хүн амины гэмт хэрэг гарсан газарт сэлфи хийсэн цагдаагийн хоёр ажилтны өмнөөс Лондон хотын цагдаагийн газар уучлал гуйж байжээ.

Эх сурвалж: Independent