Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Эрдэнэбилэг: “Яллагч” кинонд цус нөж, хүчирхийллийг үзүүлэхээс зугтаахыг хичээсэн

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жүжигчин Г.Эрдэнэбилэг өөрийн бие даасан гурав дахь бүтээл болох “Яллагч" хэмээх шинэхэн киноныхоо нээлтийн товыг зарлав. Түүний хувьд “Академи Авардс-2015” наадмын шилдгийн шилдэг уран бүтээлээр шалгарсан “Аав”, “Үргээлэг-2” уран сайхны киног найруулж байсан юм. Харин тэр энэ удаа бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн “Яллагч” киноны ерөнхий продюсераар ажиллаж, гол дүр Галын дүрийг бүтээжээ. "Яллагч" кино тавдугаар сарын 2-ноос бүх кинотеатруудаар гарч эхэлнэ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Энэ удаагийн киногоороо юуг голчлон харуулахыг зорив? 

- ОХУ-д 2016 онд Андрей Каравайкин гэдэг Афганд байлдаж явсан эрд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн кино. Шүүхийн танхимд биедээ хутга нууж ороод 14 настай охиныг нь хүчирхийлсэн этгээдийг хөнөөсөн ийм хэрэг гарсан. Хүчирхийлэгч нь танил талтай, мөнгөтэй нөхөр байсан.

Андрей Каравайкин Оросын шүүх, прокуророор хөөцөлдөж давж залдах хүртлээ яваад шүүх, мөнгө, эрх мэдлийн өмнө цөхөрнө. Энэ хооронд охин нь амиа хорлохыг оролдоно. Их хэмжээний эм эм ууснаас болж сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж эхэлнэ. Охин нь үхлийн ирмэг дээр тулж ирэхэд цөхөрсөн аав эрх мэдэл, мөнгө, хэл хахуулийн эсрэг юу ч хийж чадахгүй юм байна гэдгээ ойлгож аргагүйн эрхэнд хүчирхийлэгч этгээдийн аминд хүрч өөрийнхөө шийтгэлийг оноодог. Дараа нь хийсэн хэргээ хүлээхээр шоронд орно. Энэ үйл явдал Оросын нийгэмд тэр аяараа цочрол өгсөн. Баримтат кино, нэвтрүүлэг хүртэл гарч байсан. Би өнгөрсөн жил ОХУ-д очих үеэр энэ хэргийн талаар бага зэрэг тодруулсан л даа. Андрей Каравайкиныг шоронд маш хүндэтгэлтэйгээр хүлээж авч, тэр битгий хэл жирийн ард иргэд, шүүх, хуулийнхан хүртэл түүний үйлдэл зөв юм байна гэдгийг ойлгосон гэж ярьцгааж байсан. Сүүлд сонсоход Ерөнхийлөгч Путины өршөөлөөр суллагдах шийдвэр гарч магадгүй гэж дуулдаж байсан. 

Энэ үйл явдал надад ирсэн гол мессэж. Хүчирхийллийн гэмт хэрэг өмнө нь байсан, одоо ч гарч байна, дэлхийн аль ч оронд гарч л байдаг. Огт байдаггүй гэнэт гарч  ирсэн гэмт хэрэг биш. Гэхдээ сүүлийн үед ой найман сартай эрэгтэй хүүхдийг хүртэл хүчирхийлсэн гээд хэрээс хэтэрсэн хэрэг хүртэл гарлаа. Жирийн хүн сонсоод элэг эмтэрмээр жигшүүрт муухай хэргүүд сонсогдох боллоо.

Бага насны хүүхдийг хүчирхийлнэ гэдэг бол тэвчиж болзошгүй зүйл. Тэгээд энэхүү сэдвийг хөндсөн кино хийвэл их зүгээр юм байна гэсэн бодол орж ирсэн. Ингэхдээ аль болох хүмүүст зөв мессеж, эерэг зүйлийг ойлгуулахыг хичээсэн юм. Тэрнээс биш энэ кино Монголд болсон үйл явдалтай ямар ч хамаагүй гэсэн үг.

-Таны хувьд найруулагч, ерөнхий продюсераас гадна гол дүрд тоглосон. Гол дүрийн онцлог юу байв?

-Киног Оросод болж байгаа үйл явдлаас сэдэвлэсэн боловч Монгол хөрсөн дээр буулгах зайлшгүй шаардлагатай болсон. Монгол айл өрх гэвэл хэн нэгэн нь Солонгост ажиллаж байсан жишээний. Гэр бүлээ тэжээж, амьдралаа дээш нь татахаар бусдын жишгээр 12 жил ажиллахаар Солонгосыг зорьсон аав.  Эр хүн гэр бүлээ тэжээх ёстой гэж тэмцэж явж байгаа боловч нөгөө талаараа гэр бүл, охиныхоо хүмүүжлээс хөндийрч хамгийн үнэтэй зүйлээ алдаж байгаа аавын талаар дуугарахыг хичээсэн. Бид хүүхдээ хайхрахаа больжээ. Бүгд сайхан амьрахын төлөө мөнгө олох гэж зүтгэж байгаа боловч хамгийн чухал зүйл болох хүүхэддээ анхаарал хандуулахаа больсон юм биш үү гэдэг гол санааг бид кинондоо тусгахыг зорьсон.

Одоо үед нэг мэдээг баруун чихээрээ сонсов уу үгүй юу үнэн, худал, баримттай, баримтгүй мэдээ байна уу гэдэгт эргэлзэхгүйгээр хэн дуртай нь коммент бичиж тухайн хүнийг байхгүй болгож байна. Үүнээс болж хүний амь нас хохирч,  амиа хорлолт хүртэл гарч байж жишээний.

Монголын өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа бүх зүйлийг шүүмжилж киногоороо хөндөж гаргахыг хичээсэн. Гэхдээ бас айхтар хар бараан талаас хүмүүс битгий ойлгоосой гэж хүсэж байна. Хэдийгээр ОХУ-д болсон үйл явдал боловч бид аль болох цус нөж, хүчирхийллийг дэлгэцэн дээр үзүүлэхээс зугтаахыг хичээсэн. Уран сайхны аргаар харуулсан.

-Киног бүтээхэд хэр их хугацаа зарцуулав?

-Зохиолч О.Эрдэнэд киноны ерөнхий агуулга, санааг гаргаж өгч зохиолыг өнгөрөгч оны 11-12 дугаар сард бичиж дуусгасан. Кино бүрэлдэхүүнээрээ 1, 2 дугаар сард зураг авалтаа хийж дуусгасан. 3, 4 дүгээр сард монтаж, дуу хөгжим, өнгө оруулах гээд техникийн ажиллагаанд дээр ажиллаж шинэхэн уран бүтээлээ маргаашнаас өлгийдөж авах гэж байна.

-Киноны нэрний талаар ярихгүй юу. Яагаад “Яллагч” гэдэг нэрийг өгөх болов?

-Кино анх “Зүрхэнд мандсан нар” гэсэн зохиогчийн өгсөн нэрээр явж байсан. Киног надтай хамтарч найруулсан Б.Баатар найруулагч кинондоо “Яллагч” гэж нэр өгвөл ямар вэ гэсэн санааг гаргасан. Хэд хэдэн нэрнээс Баатар найруулагчийнх зөв юм байна гэдэг шийдэлд хүрсэн. Эцэг хүн хувийн зүгээс гэмт хэрэгтэнг яллаж байна. Постероос шийдлийг нь харж болно. Ял, лагч гэж тасарч байгаа биз. Яллагч бас ялагч. Товчхондоо охины аав шударга бус бүхний төлөө ялах гэж зүтгэж эцэст нь ялагч болно гэсэн санаагаар “Яллагч” гэсэн нэр өгсөн.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Зураг авалтын үеэр ямар хүндрэл бэрхшээл гарав?

-Кино болгоны ард жүжигчдийн тоглолтоос авахуулаад болохоосоо болохгүй зүйл их. Жишээ нь гол дүрийн охины сэтгэл гутрал, цөхрөлийг яаж илэрхийлэх үү гэх мэтчилэнгээр охины дүр дээр ажиллахад багагүй хугацаа зарцуулсан. Өвлийн ид хүйтэнд зуслан дээр зураг авалт хийгдсэн. Айлын паарыг хөлдөөнгөө алдсан. Жүжигчдийн сэтгэл хөдлөлийг гаргах нь хамгаас чухал учраас дүр болгоныг яаж гаргах вэ гэдэг дээр бид нухацтай ажилласан. Уран бүтээлээ л туурвиж яваа учраас бидний даарч хөөрөх, өлсөж цангах нь байх л ёстой зүйл. 

Шүүхийн зураг авалтан дээр багагүй хугацаа зарцуулсан. Баатар найруулагч их гоё санаа гаргасан. Жишээ нь онгоцны буудлын зорчигдыг угтаж авах хэсэгт гэхэд кино болгон дээр гардаг уламжлалт хэсгийг эвдэж аль болохоор өөр өнцгөөс харуулахыг хичээсэн. Зуслан дээр нэг ч гэрэл тавиагүй. Зөвхөн лаа камер хоёрыг ашиглаж зураг авна гэдэг бас ярвигтай юм байна лээ. Өнгө гэрлийн хувьд гадны кинон дээр түлхүү ашигладаг эффектүүдийг оруулсан. Гэрэл сүүдэр, зураг авалтын хувьд өндөр түвшний кино болсон гэж үзэж байна. 

-Төрөл жанрын хувьд? 

- Драмын жанрын кино. Маш их  ширүүн тэмцэл өрнөнө. 

-Тэгвэл дүр сонголтын талаар юу гэмээр байна та? 

- Киноны гол дүр Галтын эхнэрийн дүрд жүжигчин Д.Мөнхзул, охины дүрд өсөж яваа залуу жүжигчин УДБЭТ-ын гоцлол бүжигчин, балетчин Г.Маргад-Эрдэнэ тоглосон. Өмнө нь “Дурлах санал” уран сайхны кинонд тоглож байсан. Энэ удаа ч мундаг сайн тоглосон. Сэтгэл зүйн драмыг гаргана гэдэг бол бэрхшээлтэй зүйл. Галтын өмгөөлөгчийн  дүрд кинонд дуу оруулагч жүжигчин О.Оюун, мөн Галтын эсрэг дүрд УДЭТ-ын жүжигчин СТА С.Болд-Эрдэнэ нар мундаг сайн тоглосон.

Эсрэг дүрийн өмгөөлөгчийн дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэл, охины уран гулгалтын дугуйлангийн багшийн дүрд жүжигчин Ц.Алдармаа,  жүжигчин Ш.Доржсүрсэн буюу Доёо ах маань шинжээч Төмөрийн дүрд, МУГЖ Г.Равдан шүүгчийн дүрд тоглосон. Дүртэйгээ нийцэх жүжигчдийг сонгосон гэж бодож байгаа. Яг л нүдээ олсон баг юм уу даа. Жишээ нь жүжигчин Д.Мөнхзул, залуу жүжигчин Г.Маргад-Эрдэнэ хоёр амьдрал дээр ч мөн адил ээж охин хоёр шиг харагддаг. 

-Жүжигчин С.Болд-Эрдэний хувьд өмнө нь ихэвчлэн эерэг дүрд тоглодог байсан шүү дээ. Энэ удаа эсрэг дүрд сонгож авсан байсан?

-Зохиол гарсны дараа энэ зохиол дээр хэн хэн тохирох уу гэж маш их олон зүйлийг харьцуулж, бодож тохирох хүмүүсээ судалсан. Боогий маань дандаа эерэг дүрд тоглож байсан. Эсрэг дүр тухайн жүжигчнээс илүү их ур чадвар, жүжиглэлтийг шаарддаг. Бид хоёрын хувьд тайзан дээр ч дэлгэцийн уран бүтээл дээр ч амьдрал дээр ч олон жил хамтарч ажиллалаа. Ойлголцоход амар байдаг. Киноны маань эсрэг дүр нилээд ньюанстай учраас энэ бүхнийг илэрхийлэх  ур чадвар, жүжиглэлт яалтчгүй Боогийд л байсан л даа.

-Киноны постерийн зургийн талаар асууя гэж бодлоо л доо.  Жүжигчин С.Болд-Эрдэнэ та хоёр бие бие рүүгээ нилээд ширүүн харцгаасан байна. Энэхүү ширүүн харц юуг өгүүлнэ вэ?

-Энэ бол яалт ч үгүй хоёр нийгмийн төлөөлөл. Бидний нийгэмд байгаа бодит дүр төрх. Жүжиглэлтэнд дүр хувиргалт маш их нөлөөлдөг учраас кинонд дүр хувиргалт хийх гэж оролдсон.  Эсрэг дүрийн характерт аль болох дөхүүлэх үүднээс үсийг нь илүү хойш нь чиглүүлж хусаж их халзалсан ч гэх юм уу буурал сор тавьж зассан. Яах уу постерийг өшөө сайн тайлбарлая гэвэл киногоо бүхэлдээ ярих хэрэгтэй болчихоод байна л даа. /Инээв/ Ерөнхийдөө энэ хоёр хүний халз тулаан кинон дээр өрнөнө гэсэн үг.  

-Энэхүү киног үзсэн хүмүүс юуг ойлгоосой гэж хүсэж байна?

-Кино үзээд эцэг эхчүүд охин руугаа хамгийн түрүүнд залгадаг ч юмуу охин руугаа гүйгээсэй гэж бодож байна. Тийм мэдрэмжийг манай кино өгч чадах болов уу гэсэн хүлээлт ч байна.