Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

А.Сүхбат: Улсын хөгжилд хуулиа хэрэгжүүлдэггүй дунд шатны дарга нар саад болж байна

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 1
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн А.Сүхбаттай ярилцлаа.

-Та Туул голын асуудлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, энэ голыг хамгаалах тусдаа хуультай болгох санаачилга гаргасан байна лээ. Зөвхөн нэг голыг хамгаалах хуультай болгох үндэслэл нь юу вэ. Асуудал нь юундаа байна вэ?

-Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ. Хавар болохоор гол тасарчихдаг. Голын бохирдол маш их байна. Сонгины гүүр орчмоор бүр их бохирдолтой байгаа. Манай тойргийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн сумын иргэдтэй уулзахад, нэн түрүүнд Туул голыг бохирдолгүй болгоход л анхаарахыг надад захидаг юм. Тэд “Үе үеийн нэр дэвшигчид энэ асуудлыг шийдэх талаар амладаг ч огт хийж чадаагүй. Одоо та л энэ асуудлыг шийдэж өг'’ гэдэг.

Тиймээс гишүүнийхээ эрхийн дагуу УИХ-ын даргад ажлын хэсэг байгуулах хүсэлт тавьсан. Үүний дагуу УИХ-ын дарга захирамж гаргаж, нэг жилийн өмнө ажлын хэсэг байгуулсан юм. Энэ хугацаанд Туул голын дээд эх үүсвэрээс Заамар сум хүртэл голдрилын дагуу явж, асуудлыг нь судалсан. Тэгэхэд зөвхөн Сонгины орчмоор ч биш голын дээд эх үүсвэр нь хүртэл бохирдох нөхцөл бий болчихсон юм билээ. Туул, Тэрэлжийн голын голдрил ойр орчимд нь газар авсан айлууд, аж ахуйн нэгжүүд газар ухаж, бие засах газраа хүртэл байгуулчихсан байгаа юм.

Тэнд хөрсийг нэг метр хүрэхгүй ухахад л ус шүүрч эхэлдэг. Энэ нь бие засах газрын бохир шууд гол руу цутгаж байгаа гэсэн үг. Гэтэл энэ голоос манай улсын хүн амын бараг 50 хувь нь ундаалж байгаа. Энэ бол ноцтой аюул. Нөхцөл байдал хүндрэх шалтгаан үүгээр дуусахгүй. Учир нь, нийслэлд байдаг гүний худгуудаас тодорхой хэмжээний нян бохирдол илрээд эхэлсэн. Хэдийгээр нян бохирдолттой хэсгүүдийг хаачихсан байгаач цаашдаа бүр хүнд болно. Тиймээс Туул голыг тусдаа хуультай болгох эсвэл УИХ-ын тогтоол баталж, хамгаалах шаардлагатай байгаа юм.

Хуультай болгоё гэхээр усны талаарх хуулиуд байдаг. 2012 онд баталсан Усны тухай хуулиар голын эргээс 50 метр хүртэлх зайг онцгой хамгаалалтын, 200 метр хүртэлхийг энгийн хамгаалалтын бүс гэж заагаад тэнд газар олгохыг хориглосон байдаг. Гэтэл Гачуурт, Тэрэлж, Налайх зэрэг бүх хэсэгт газар олгочихсон.

-Хамгаалалтын бүсэд газар олгосон бол хууль зөрчсөн гэсэн үг биз дээ?

-Тийм. Тусгай хамгаалалттай бүсэд хүртэл газар олгочихсон байна шүү дээ.

-Яг аль хэсэгт нь олгосон байгаа юм бэ?

-Туул голын голдрилын дагуу тав, арван жилээр газар эзэмшүүлчихсэн байна лээ. Тэр нь Засаг даргын захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эзэмшүүлсэн байдаг. Туул гол руу цутгадаг голуудын голдрилд ч эзэмших эрх олгочихсон байгаа. Тэрэлж голын зүүн талд Эрдэнэ сумаас Баянтуул гэж баг байгуулсан байдаг. Тэр нь Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг учир Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг юм.

Гэтэл Эрдэнэ сумын Засаг дарга 1,000 гаруй хүнд газар өмчлүүлчихсэн байна лээ. Одоо Туул голын орчимд хэн нь ямар захирамжаар газар олгосныг мэргэжлийн байгууллагуудаас тодруулах шаардлагатай. Тэр асуудал бүгд эзэнтэй учраас Захиргааны хэргийн шүүхэд өгөх нь зүйтэй гэдгийг Өргөдлийн байнгын хорооныхон ярьж байна. Энэ нь ч зөв.

Тэгэхээр улс орны хөгжилд хэн тушаа болж байна вэ гэвэл иргэд, аж ахуйн нэгж биш. Албан тушаалтнууд, тэр дундаа бага, дунд шатны албан тушаалтнууд хуулиа хэрэгжүүлэхгүй байгаа юм. Үндсэндээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, үе үеийн Засаг дарга нар хуулиа хэрэгжүүлж, ажлаа сайн хийхгүй байсантай холбоотой.

-Та чуулганы хуралдааны үеэр 10 жилийн цэвэр усны нөөцтэй гэж хэлж байсан. Үнэхээр ийм судалгаа гарсан юм уу?

-Нийслэлчүүд өдөрт 190 сая литр хүртэл ус хэрэглэдэг юм байна. Зөвхөн Ус сувгийн удирдах газраас инженерийн шугамаар олгож буй усны хэмжээ нь энэ. Орон сууц нэмэгдэж, өдөрт 250 сая литр ус хэрэглэдэг болбол цэвэр усны нөөц дахиж нөхөгдөхгүйгээр шавхагдаж дуусна гэдгийг хамтарч ажилладаг эрдэмтэд тогтоосон байна. Үндсэндээ Улаанбаатар хот хуурай хот болох аюул нүүрлээд байна. Усны хэрэглээ ийм байдлаар өсвөл таван жилийн дараа Туул голын сав газраас хотыг усаар хангах боломжгүй болно.

Тэгэхээр орон сууцны халаалт, 00-ын ус, цэвэр усны хангамжийн асуудал хүндэрч бүр их үнэ цэнэтэй болно гэсэн үг. Магадгүй усаа өгөхийн тулд машины дугаарын хязгаарлалт гэдэг шиг байшингаар нь хязгаарладаг болж магадгүй. Хүмүүс одоо ийм байдалд орчхоод байгаагаа мэдэхгүй байна.

-Цэвэр усны нөөц, хангамжийг сайжруулахын тулд юу хийх ёстой юм бэ. Энэ талаар мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн байх?

-Салбарын мэргэжилтнүүдийг оролцуулсан "Ус ба хууль” зөвлөгөөн зохион байгуулсан. Нэгдүгээрт, Туул голын Гацуурт болон түүнээс дээшээ далан барих хэрэгтэй. Одоо дэлхийн том хотууд цэвэр усны хангамжаа далан барьж нөөцөлдөг болсон. Өөрөөр хэлбэл, усан сан юм. Ийм усан сан бий болгохоор тодорхой шүүрэл бий болж, газрын гүний ус тэжээгддэг юм байна. Хоёрдугаарт, усыг үнэ цэнэтэй болгох асуудал зайлшгүй яригдаж байгаа. Иргэд усыг дэндүү замбараагүй хэрэглэж байна.

Гүний цэвэр усаар машин угааж, 00-ын усаа татдаг. Гүний цэвэр усыг хүнсний бус үйлдвэрүүд ашиглаж байна. Дэлхий дээр гүний цэвэр усыг байгалийн нөөц гэж үздэг учраас гүний ус ашиглахад их үнэ төлдөг. Энгийнээр хэлбэл, одоо бид 1,000 литр ус авахдаа 500 төгрөгөөр авч байгаа. Харин бид дэлгүүр ороод 500 грамм Хужирт цэвэр усыг 1,000 төгрөгөөр авч байгаа шүү дээ. Гэхдээ нэг литрийг 1000 төгрөг болгож өсгөх нь хаашаа юм. Тодорхой хэмжээгээр усны үнэ цэнийг өсгөх ёстой.

Тэгж байж цэвэр усны зохистой хэрэглээ бий болно. Үүнийг ард түмэнд ойлгуулах хэрэгтэй. Эдийн засгийн аргаар асуудлыг шийддэг дэлхий нийтийн жишиг байна. Энэ бол улс төрийн асуудал биш, АН, МАН-ын ч зүйл биш. Монгол Улсын тэр дундаа нийслэлчүүдийн асуудал. Мөн гүний худаг гаргасан айлуудыг бүртгэлжүүлж, тоолуур тавьж, хэрэглэж байгаа усны үнийг нэмэх ёстой. Ингэхгүй бол хэн нэгэн гүний худагтаа санаатай болон санамсаргүй байдлаар хорт бодис алдчихвал гүний ус аюулд орно.

Нөгөө талдаа иргэд гүний худгаас усаа авч, алт угааж, арьс шир боловсруулж байна. Үүнээс хүнд металлууд, химийн бодис ялгарч цэвэрлэх байгууламжийн биологийн бохирдлыг иддэг бактериуд нь үхэж байгаа гэсэн. Ийм аюулууд байгаа учраас би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан тоот хүргүүлсэн. Үүнд цэвэр усны нөөц, Туул голын бохирдол, голыг эзэнжүүлэх, төлөвлөлтгүй олгосон газар олголт, усны үнэ цэнэ, иргэд, мал амьтныг Туул голын бохирдолттой хэсгээс ундаалахыг хориглох гэсэн асуудлаар хуралдаж, зөвлөмж чиглэл гаргахыг хүссэн.

Үүний дараа манай ажлын хэсгийнхэн Туул голыг улсын нөөцийн ангиллаар тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн. Түүний Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн.

-Устай холбоотой хуулиудын хэрэгжилт муу байгаагаас энэ асуудал үүсэж байгаа. Өмнөх хуулиудаа сайн хэрэгжүүлэхгүй байж, дахин хууль, тогтоол гаргах нь хэр зохимжтой юм бэ?

-Яг үнэн. Хууль байгаа ч хэрэгжихгүй байна. Тиймээс тогтоолын төслийг хэрэгжүүлэх ёстой байгууллагаас нь санал авч байгаа юм. Засгийн газраас үүнийг хэрэгжүүлж чадна, чадахгүй гэсэн санал ирнэ. Дээр нь өмнө нь батлагдсан хуулиудаар зохицуулагдахгүй, шинээр үүссэн харилцаанууд олон байна. Тиймээс эдгээрийг нэг мөр цэгцлэх зорилготойгоор тогтоолын төсөл боловсрууллаа.

-Ажлын хэсгээс боловсруулж буй тогтоолын төслийн гол заалтууд нь юу байна вэ?

-Туул голыг голдрилоор нь улсын нөөцийн тусгай хамгаалалт авч, тэмдэгжүүлэх, Туул усан сан байгуулах, цэвэр усны нөөц ашигласны төлбөр, татвар, ундны усны үнийг шат дараатай нэмэгдүүлж, зах зээлийн ханшид нийцүүлж, мөнгөн хөрөнгийн сан байгуулах, төсөвт тусгах зэрэг тодорхой саналууд бий. Мөн Туул голын онцгой, энгийн хамгаалалтын бүс, галын голдрилд ашигт малтмал хайх, ашиглах, газар эзэмших, өмчлүүлэхийг хатуу хориглож, эзэмших эрхийг сунгахгүй байх, байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийхийг заасан. Мөн иргэд, малчид, ТББ-аар голыг хамгаалуулахаас гадна ойр орчимд уламжлалт ариун цэврийн байгууламж байхгүй байхаар тогтоолын төсөлд тусгасан.

Одоо манайхаас бусад оронд модон ариун цэврийн байгууламж ашиглахаа болиод тусдаа хөрсөнд нэвчдэггүй танктай ариун цэврийн байгууламжтай болсон байна. Бохироо танкандаа хуримтлуулж, исэлдүүлээд газ гарган төвлөрсөн шугамдаа холбож, цахилгаан үйлдвэрлэдэг технологитой болсон байна. Ийм технологиор Хятад Улс ариун цэврийн байгууламжийн хувьсгал хийсэн. Н.Учрал гишүүнтэй хамт Сонгинохайрхан дүүргийн 100 айлын дунд ийм технологитой ариун цэврийн байгууламж байгуулах төслийг одоо хэрэгжүүлж байгаа.

-Малчдаар хэрхэн гол хамгаалуулах юм бэ. Тэд чинь жилийн дөрвөн улиралд амрах ч завгүй байдаг хүмүүс шүү дээ. Тэгээд ч голын голдрилд айл буулгахыг хориглоно гэсэн биз дээ?

-Иргэд, малчид, төрийн бус байгууллагаар эргүүл хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлж, мөнгөн хөрөнгийн сангаас урамшуулах саналтай байгаа юм. Энгийнээр хэлбэл, урамшуулалт эргүүл хийнэ. Тэгэхээр хүн чинь хүссэн, хүсээгүй малаа хариулж явахдаа л тэнд юу болж байгааг нь анхаардаг болно. Дээш нь мэдээлдэг болно.

-Голдрилоор нь хамгаална гэхээр одоо үйлчилж байгаа хуульд заасан голын эргээс 200 метр хүртэлх зайнаас том талбай хамаарна гэсэн үг үү?

-Голдрил гэхээр тухайн голын эргээс уулын хяр хүртэлх зайг хамааруулна гэж хуульд заасан байдаг. Тэгэхээр зарим газраа энгийн хамгаалалтын бүс буюу 200 метрийн зайнаас ч их газар хамаарна.

-Голын голдрилд иргэд, аж ахуйн нэгжүүд газар эзэмшиж, барилга барьчихсан шүү дээ. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн хэрэгжилтээр тэнд байшин барьчихсан хүнээс төлбөр авч эхэлнэ. Энгийн газар хүн төлбөр төлөхгүй. Харин тусгай хамгаалалттай учраас тодорхой хэмжээний төлбөр төлөх нь зүйтэй. Дээр нь ариун цэврийн байгууламж, цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийддэг байхаар зохицуулалт оруулж өгсөн.

-Зөвхөн Туул голыг хамгаалах зорилгоор сан байгуулна гэсэн үг үү. Сангийн мөнгийг хэрхэн бүрдүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Тийм. Зөвхөн Туул голд мөнгө нь зарцуулагдах сан байгуулах юм. Иргэдийн хэрэглэж байгаа болон аж ахуйн нэгжүүдийн ашиглаж, бохирдуулж байгаа усны төлбөрийн Туул голтой холбоотой хэсгийг нь санд төвлөрүүлэх боломжтой. Тодорхой хугацааны дараа их мөнгө төвлөрөхөөр нь Туул голын усан сан байгуулах, хамгаалалт, камержуулалт, цэвэрлэх байгууламж зэрэгт зарцуулахаар төлөвлөж байгаа. Өдөрт нийслэлчүүд 190 сая литр ус хэрэглэдэг.

Литрийг нь нэг төгрөгөөр тооцвол 190 сая төгрөг өдөрт хуримтлагдана. Үүнийг жилээр тооцоход 69 тэрбум 360 сая төгрөг болж байгаа юм. Энэ бол зөвхөн цэвэр ус хэрэглэсний төлбөр. Үүн дээр нэмээд аж ахуйн нэгжийн ус ашигласны, бохирдуулсны төлбөр нэмэгдэнэ. Тэгэхээр Туул голыг хамгаалах, усан сан байгуулах хангалттай хөрөнгө хуримтлал бий болно. Одоо нийслэлчүүд байшин хороололд амьдарч байгаа хэсгээс нэг литр усанд 50 мөнгө авч байгаа. Крантаа эргүүлээд нэг тонн ус аваад 500 төгрөг төлдөг юм.

Улаанбаатар хотын доогуур цэвэр усны 500 орчим километр шугам байдаг. Гэтэл үүний 90 хувь нь элэгдэл, хорогдолд орж, өнөө маргаашгүй хагарахад бэлэн болсон. Үүнийг одоо авч байгаа 50 мөнгөөр засаж, сайжруулах ямар ч боломж байхгүй. Үндсэндээ Ус сувгийн удирдах газрынхан хуримтлал үүсгэх боломжгүй байгаа. Ус сувгийн удирдах газраас гаргасан судалгаагаар нэг хүн өдөрт ойролцоогоор 100 литр ус хэрэглэдэг гэнэ.

Таван ам бүлтэй айл өдөрт 500 литр ус хэрэглэж байна гэсэн үг. Хэрвээ цэвэр усны үнийг нэг төгрөг гэж тооцвол сард таван ам бүлтэй айлын төлбөр нь 15 мянган төгрөг болж өснө. Иргэд өндөр үнэтэй байна гэж асуудалд хандах байх. Гэхдээ нэг cap rap утас бариад 50,000 төгрөгөөс доошгүй төлбөр төлж байгаа шүү дээ.

-Цэвэр усны төлбөрийг нэмбэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах биш үү?

-Энэ бол үе үеийн Засгийн газар, УИХ-ын өмнө тулгарч байсан асуудал байгаа юм. Энэ асуудлыг шийдчихье гэхээр дараагийн сонгуулиар сонгогдохоо больчихно гэсэн айдастай байдаг учраас энэ асуудлыг шийдэхгүй явсаар өдийг хүрчээ. Шийдлээ хийхийн тулд л УИХ-ын гишүүн болсон биз дээ. Тиймээс одоо л энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

-Усны төлбөрийг нэмэх талаас нь ярьж байна. Харин эсрэгээрээ ус бохирдуулсны төлбөрийг 50 хувь бууруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Энэ хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Харин төлбөрөө ингэж зохицуулж байгаа нь буруу. Энэ хуулийн төсөлд хэд хэдэн зүйл нэмж тусгах шаардлагатай. Үндсэндээ ус хэрэглэх, ашиглах, бохирдуулах төлбөрийн талаар цогцоор нь оруулж ирж хэлэлцүүлэх саналтай байгаа. Одоогийн хуулийн төслөөр бол бохирдуулсан усны хэмжээг заагаагүй, ашигласан бодисын хэмжээнээс хамаарч төлбөр тооцохоор тусгасан байна.

Ус бохирдуулсны төлбөрийг бохирдуулсан усны хэмжээгээр мөн бохирдуулсан бодисын хоруу чанараас хамаарч жагсаалт баталж төлбөр тооцох ёстой гэсэн санаа надад байна. Дэлхий нийтэд ч ийм жишиг бий. Байгаль орчинд их хортой бодис хэрэглэж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байвал ус бохирдуулсны төлбөр их төлнө. Мөн иргэд, аж ахуйн нэгж өөрөө санаачилгаараа үерийн уснаас бүрдсэн усан сан байгуулж түүнээсээ ус ашиглаж хэрэглэвэл төлбөр, татварыг тэглэж ч болох зохицуулалт хийх нь зүйтэй.

-Монголын үндэсний бөхийн холбооны төлөөх маргаанд та нэлээд оролцож байгаа юм билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга бөхчүүдийг маргаанаа эцэслэхийг сануулсан. Үүний дараа бөхчүүд “Их эе”-ээ дахин хуралдуулна гэж байсан. Одоо бөхчүүдийг хуваагдаж, бутрахгүй гэж ойлгож болох уу?

-Монгол төрийн тэргүүн зарлиг буулгаж, бөхийн цол олгодог тийм болохоор энэ үүсээд байгаа асуудал, алдаа завхралыг Монгол төрийн оролцоотойгоор шийдэх хэрэгтэй байх. Иргэд цэвэр усны асуудалд анхаарлаа хандуулах цаг нь болсон гэдгээр энэ яриагаа дуусгаж болох юм. Ер нь устай холбоотой ярих зүйл их байгаа шүү.

Зураг