Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

О.Алтансүх: "Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" үндэсний аян энэ сарын 30-наас эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье” үндэсний аяны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх "Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сантай хамтран "Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье" үндэсний аяныг энэ сарын 30-наас эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Аян "Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохын төлөө Дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан нээлтээ хийж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 1-н хүртэл хэрэгжих юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Оролцогч талуудын зүгээс аянаар дамжуулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулна. 

Хүүхдийн эрхийг таван орчинд хамгаалах ёстойг хуульд зааж өгсөн байдаг. Эдгээрээс гэр бүлийн орчинд хүүхдийг хэрхэн хамгаалах вэ, эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж буй хэлбэр нь зөв үү, буруу гэх асуудал нэлээд анхаарал татаж байгаа. Бид Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хүүхэд хүмүүжлийн эерэг аргын тухай "Хүүхэд бүрт" нэртэй аппликэйшн гаргаж, Мобикомын бүх хэрэглэгчдэд зурвасаар хүргэхэд ердөө 16 мянган хүн татаж авсан. Тиймээс хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээллийг нийгэмд нэлээд далайцтайгаар хүргэх шаардлагатай гэж үзээд үндэсний хэмжээний аяныг өрнүүлэх гэж байна.

Аяны хүрээнд 25 мянган өрхийн гэрээр очиж, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар мэдээлэл олгоно" гэв.

Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас "Хүүхэд хамгаалал, өрхийн амжиргаа ба даван туулах чадварыг сайжруулах хөтөлбөрийн суурь судалдгаа"-нд 7,000 орчим өсвөр насны хүүхэд, тэдний эцэг эх асран хамгаалагчдыг хамруулжээ. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд бие махбодийн шийтгэлд өртсөн, мөн 30 орчим хувь нь "гэртээ байхдаа хэн нэгнээс айдаг, аюулгүй гэж мэдэрдэггүй" гэж хариулсан байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын хөтөлбөхийн менежер С.Цэцэгээ "Хүмүүжлийн эерэг аргын талаар эцэг эх, цэцэрлэг сургуулийн багш нарт мэдээлэл сургалт хэрэгцээтэй байгааг харж болох нэг тоон мэдээг танилцуулъя. "Хүүхэд хамгаалал, өрхийн амжиргаа ба даван туулах чадварыг сайжруулах хөтөлбөрийн суурь судалдгаа"-нд хамрагдсан эцэг эхчүүдийн 45 хувь нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандах ёстойг мэдэхгүй байгаагаа хэлсэн байсан.

Мөн 108 утсанд хандсан хүүхдүүдийн 40 хувь нь гэр бүл, эцэг эхийн харилцаа, хүмүүжлийн аргын тухай болон буруу хэрэг хийж, алдаа гаргасныхаа төлөө бие махбодийн шийтгэл амссанаа яриад, зөвлөгөө тусламж хүссэн байна" хэмээн ярилаа.