Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Гэртээ хөгжим тоглосноосоо болж хоригдож мэдэх нь

Б.Ууган, iKon.mn
2013 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Испанийн Пигсерда хотод оршин суудаг Лайа Мартин хэмээх төгөлдөр хуурч бүсгүй хөршдөө саад болсон гэдэг шалтгаанаар шоронд хоригдож магадгүй болжээ

Дээд, доод, хажуу айл шөнө оройн цагаар их дуу чимээ гаргах, хэрүүл шуугиан үүсгэх, чангаар хөгжим сонсох зэрэг амгалан тайван байдал алдагдуулсан байдал манайхны хувьд хэдийнэ дасал болж, хүмүүс нь ч тэрүүхэндээ ундууцан сүүлдээ бүр дөжирчихсөн байдаг.

Харин гадны улс орнуудад “дэггүй” хөршийнхөө ааш аягийг зүгээр ч нэг хараад тэсээд суудаггүй бололтой.

Испанийн Пигсерда хотод оршин суудаг Лайа Мартин хэмээх төгөлдөр хуурч бүсгүй хөршдөө саад болсон гэдэг шалтгаанаар шоронд хоригдож магадгүй болжээ.

Түүний хөрш эмэгтэй Мартиныг сэтгэлзүйд нь цочрол үзүүлж, орчин тойрныг дуу чимээгээр хордуулсан хэмээн шүүхэд гомдол мэдүүлсэн байна.

Тэр бүү хэл олон жилийн турш өдөрт найман цагаар бэлтгэл хийдэг хөгжимчин хөршөөсөө болоод хөгжимд огт дургүй болсон, төгөлдөр хуур гэдэг үгийг сонсохоос ч тээршаадаг болсон тул Мартиныг дор хаяж долоон жил шоронд суулгах хэрэгтэй гэж шаарджээ.

Харин буруутан болсон хөгжимчин бүсгүй гэртээ тэр бүр сургуулилт хийдэггүй, ихэвчлэн аялан тоглолтоор явдаг гэж мэдүүлсэн байна. Одоогоор энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа талаар Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ.

Ер нь хөршдөө саад болсон тохиолдолд хуулиар шийдэх заалт олон оронд үйлчилдэг юм. Жишээлэхэд манай хойд хөрш Орост гэхэд шөнийн 23.00 цагаас хойш орон сууцанд хөгжим чанга тавих, засварын ажил хийх гэх мэт дуу чимээ ихтэй үйлдэл гаргахын “дуу чимээ хориглох” тухай хуулинд хориглосон байдаг юм байна. Энэ хуулийн дагуу оршин суугчид хөршдөө гомдол гаргах эрхтэй бөгөөд хууль сахиулах байгууллагынхны зүгээс журам зөрчсөн этгээдэд сануулга өгч, давтан үйлдэл хийвэл торгууль ноогдуулдаг гэнэ.