Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

И.Мөнхцэцэг: Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос олгож эхэлнэ

Г.Номин, iKon.mn
2018 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хувь хүний орлогын албан татварын буцаалт авах хүсэлтэй иргэд хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгсөн билээ. Тэгвэл татварын буцаан олголт хэзээ орохыг ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын мэргэжилтэн И.Мөнхцэцэгээс тодрууллаа.

- Нийслэл хот болон зарим хүн ам ихтэй аймгууд ХХОАТ-ын буцаан олголтыг ээлжээр олгодог. Энэ жилийн хувьд эхний ээлжийн татварын буцаан олголт хэзээ орох вэ?

- Иргэдийн материалыг хүлээж авсан татварын байцаагчид бүх материалыг нь шалгаад Төрийн сан руу илгээдэг. Төрийн сан мэдээллээ банк руу илгээж дансны зөрүү байгаа эсэхийг шалгаж тогтоодог. Хэд хэдэн үе шаттай явагддаг учраас нэлээд хугацаа шаарддаг үйл явц. Нийслэлийн нэг дүүрэгт гэхэд 5,000-6,000 иргэн буцаан олголт авахаар ханддаг. Нэг хүний материал хамгийн багадаа 10 гаруй хуудас байдаг. Энэ бүхнийг шалгахад хугацаа шаарддаг юм шүү гэдгийг хэлмээр байна. 

Иргэдийн материалыг өгсөн дарааллаар нь хянадаг учраас буцаан олголт нь ээлжээр ордог. Төрийн сангаас өгсөн чиглэлээр энэ жилийн буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20 гэхэд эхлүүлж, тавдугаар сарын 15 гэхэд өгч дуусгасан байхаар төлөвлөж байгаа юм байна лээ. 

- Энэ жил хэчнээн хүн ХХОАТ-ын буцаан олголт авах вэ?

- 2017 онд улсын хэмжээнд 74 мянган иргэн 44 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан. Энэ жилийн хувьд 69,550 иргэн 41.8 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгөөд байна.