Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Соёлын экспортын давалгаа Монгол Улсад нэвтрээд удаж байна

О.Булган, iKon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Даяаршил болон капитализм улс орнуудад эдийн засаг, худалдааны салбарын хөгжлийг авчирдаг ч жижиг улс орнуудын үнэт зүйлс, соёл, ёс заншил болон ард иргэдийн амьдралын хэв маягт өөрчлөлт дагуулах заналхийлэл авчрах болно” хэмээн Австрийн нэрт эдийн засагч Жозеф Шумпетер 1942 онд өөрийн бүтээлдээ дурдаж байв.

Тиймээс ч энэхүү өгүүллийг хөндөн бичиж байна. Холливүдын кино, Марвелийн цуврал, олон улсад хит болж буй дуу хөгжим, загварын чиг хандлага, Солонгос Улсын олон ангит кино, К-Поп дуу хөгжмийн цаана бүхэл бүтэн улсын бодлого явагдаж байдгийг та бүхэн мэдэх үү?

Олон Улсын харилцааны хэв шинж, онцлог чанар 20-р зуунаас хувьсан өөрчлөгдөж дэлхий дахинд даяаршил улам бүр тэлэх боллоо. Даяаршлын үр дүнд дэлхийн хөгжил нь шинжлэх ухаан технологийн шинэ дэвшлүүдээр тодорхойлогдож байна. Мэдээлэл харилцаа холбооны технологид гарсан хувьсал ч мөн хүний ахуйг бүрэн утгаар нь өөрчилсөн гэж хэлж болно. Цаг хугацаа, орон зай хумигдаж, хил хязгаар нээгдэж, дэлхийн аль ч өнцөгтэй холбоо тогтоох боломжтой болжээ. Өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарын хөгжил ч мөн даяршлын үр дүн мөн. Аливаа шинэ үйл явдал, мэдээ мэдээлэл, дуу хөгжим, кино зөвхөн нэг тодорхой улсад бус нийт дэлхийн ертөнцийн олон нийтийн санаа бодолд хүрэх чадалтай болсныг бид бүхэн харж байна.

Мэдээллийн хувьсгал бие хүмүүсийг дэлхийн иргэд болгож байна.

Хүн төрөлхтөн даяаршиж, худалдаа эдийн засгийн салбарын ололт авчирч, соёл хоорондын харилцаанд орж, бие биенээсээ суралцан хөгжиж буй нь сайшаалтай боловч нөгөө талаар аливаа улсын үндэсний үнэт зүйлс, соёлын өвөрмөц тал болон соёлын дархлааг бүдгэрүүлэх сөрөг үр дагавар болж байна.

Даяаршлын нөлөөнд манай улсад шинээр нэвтрээд удаагүй Америкийн сүлжээ франчайзинг хоолны ресторан, Марвелийн цуврал, Солонгосын олон ангит кино, BBC, CNN олон улсын мэдээ мэдээлэл, сэтгүүл, сонин, K-поп урсгал, шинэ хувцас загварын чиг хандлага гэх мэт эдгээр зүйлсийг бүхэлд нь поп-соёл хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл олны таашаал хүртэхээр бүтээгдэж, нийгмийн масс буюу дийлэнхэд зориулагдан гарч буй соёлын материаллаг болон материаллаг бус үйлдвэрлэлийн цогцыг хэлдэг байна.

Нийгмийн дийлэнхэд зориулагдсан уг соёл 19-р зуунд болсон “Аж үйлдвэрийн хувьсгал”-ын үр дүнд ажилчин анги ихээр бий болсны үр дүнд гарч ирсэн гэж үздэг. Поп-соёлыг улс орнууд дэлхийн дайны үед ч мөн ашиглаж байсан. Тухайн үед уриа, лоозон болон суртал ухуулга агуулсан зурагт хуудас хэрэглэж, эсрэг дайсан улсыг тодорхойлж, өөрийн улсын явуулж буй бодлогыг ард иргэдэд таниулахын тулд ихээр ашигладаг байсан тухай поп-соёлын талаарх судалгаануудад дурдсан байв.Үүний адил зарим улс орон поп-соёлыг өөрийн улс орны ашиг сонирхолд нийцүүлж эерэг болон сөрөг талаар нь ашиглах болсон, 1990 оны өмнөх БНМАУ-ын өөрчлөлт ч үүнтэй холбоотойг та сайн мэдэх байх. Орчин үед улс орнуудаас хамгийн их поп-соёл үйлдвэрлэгч улсаар АНУ болон Өмнөд Солонгосыг нэрлэхэд та бүхэн маргахгүй биз ээ.

Жишээ нь АНУ өөрийн улсыг эелдэг, тэргүүлэгч, хүнд хэцүү нөхцөлд бусад улс оронд үргэлж туслахад бэлэн гэх эерэг дүр төрхийг Холливүд болон Марвелийн цувралаар дамжуулан харуулдаг бөгөөд үүний тод жишээ “Ахмад Америк (Captain America)”  киног та бүхэн бүгд мэдэх байх. Үүгээрээ ч зөөлөн хүчний бодлого явуулж бусад улс оронд нөлөөлөх зорилгоор поп-соёлыг ашигладаг гэж олон улсын судлаачид үздэг байна.

Поп-соёлыг хурдацтай түгээгч БНСУ

 

Солонгос Улс 2000 онд дэлхийн поп-соёлыг түгээгч тэргүүлэх улс болох зорилт гаргасан байдаг. Олон улсад Солонгосын давалгааг “Халлю” гэж нэрлэх болжээ. Халлю гэдэг үг нь Хятад хэлээр солонгосын давалгаа гэсэн утгатай бөгөөд Солонгос Улс соёл урлаг, дуу хөгжим болон олон ангит киногоор дамжуулан өөрийн улсыг суртачилж, түгээхийг тодорхойлж байна.

Анх 1999 оноос Солонгос Улсын “Халлю” давалгаа Хятад болон Япон улсуудад нэвтэрч хожим нь Зүүн Хойд Азийн улсууд руу оржээ. 2000 оноос Солонгосын олон ангит кинонууд ихээр бий болж олон улсад цацагдаснаар Солонгос Улсын энтертайнмэнт салбарын томоохон дэвшил эхэлсэн гэдэг.

Сүүлийн жилүүдэд зөөлөн болон хатуу хүчийг хослуулан ухаалаг хүчний бодлогыг хэрэгжүүлэх нь их гүрний амжилттай гадаад бодлогын арга гэж судлаачид үзэх болсон.

БНСУ болон АНУ өөрийн материаллаг болон материаллаг бус соёлоор дамжуулан зөөлөн хүчний бодлого явуулах болсныг олон улс анзаарах болов.

Өнөөдөр олон улсын харилцаанд “хатуу хүч”(hard power) буюу цэргийн болон эдийн засгийн хүч нь ач холбогдолтой хэвээр байгаа ч хэрэглэх боломж, нөхцөл нь багассаар байна. Дэлхийн харилцан хамаарал өсөн нэмэгдэхийн хэрээр улс орнуудад өмнөхийн адил хүчинд дулдуйдсан гадаад бодлого хэрэжүүлэх бодлого хязгаарлагдаж буй нөхцөлд зөөлөн хүчний бодлого (soft power) ач холдбогдолтой болж байна. Зөөлөн хүчний бодлогыг анх Жозеф Най хэмээх эрдэмтэн олон улсын харилцаанд нэвтрүүлсэн.

Энэ нь “Албадлага, урамшууллаар бус, харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар юм” гэж тодорхойлдог. “Соёл, улс төрийн үнэт зүйлс болон төрөөс хэрэгжүүлж буй бодлогоор бусад улс оронд нөлөөлөн, тэдний сэтгэлийг татаж, дэмжлэгийг авах замаар өөрийн талд оруулан олон улсын хамтын нийгэмлэг дэх итгэл болон нэр хүндийг олох боломж нь зөөлөн хүчний бодлогын гол онцлог юм” хэмээн судлаач Жозеф Най өөрийн “The Means to Success in World Politics” бүтээлдээ тэмдэглэсэн байдаг.

Манай улсад жил бүр БНСУ-ын телевизүүдийн төлөөлөгч ирж контентоо танилцуулдаг арга хэмжээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гуравдах жилдээ зохион байгуулагдаж өнгөрчээ. Солонгосын MBC, KBS, Arirang, EBS зэрэг 16 телевизийн уран бүтээлчид манай улсад ирж байж. Тус арга хэмжээнд Монголын мэдээлэл харилцаа холбоо технологийн газар болон телевизүүдийн уран бүтээлчид тус тус оролцжээ. Арга хэмжээнд оролцож байсан Солонгосын телевизийн зарим төлөөлөгч “Монгол Солонгос хоёр орон соёл урлагийн хувьд ижил төстэй зүйл ихтэй.

БНСУ-ын хувьд хоёр орны харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг үргэлж эрэлхийлэн ажиллаж байна. Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсаас БНСУ руу зорчих иргэдийн тоо өсч байгаа энэ үед энэ харилцаа бүр илүү хөгжих нь гарцаагүй юм.  Тиймээс хоёр улсын иргэд хооронд чанартай контент нэвтрүүлж үзүүлэх соёл урлагийн боловсрол мэдлэг олгохыг зориж байна. Хоёр орны телевизийн салбар цаашид энэ эрчээрээ улам өргөжин тэлэхийг хүсэж байна” хэмээн онцолж байсан тухай TV5 телевиз тухайн үед мэдээлж байв.

Солонгос Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1960-аад онд Африкийн Гана улстай адил байсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд техник технологи, эдийн засаг болон поп-соёлын өсөлтийн үр дүнд Солонгос Улсын эдийн засаг хурдацтай өсч Дэлхийн хамгийн том эдийн засагтай улсуудын 12-т бичигдэж байна.

“Халлю” давалгаа олон улсад нэвтэрснээс хойш Солонгосын эдийн засгийн өсөлтөд маш их хувь нэмэр оруулах болсон. Тухайлбал, анх Солонгосын давалгаа 2004 онд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 0.2 хуваар буюу 1.87 тэрбум гаруй доллараар нэмэгдүүлж одоог хүртэл дотоодын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Солонгосын олон ангит кино солонгос хүмүүсийн  өдөр тутмын амьдралыг харуулж, хоол унд, хувцас, солонгосын брэндүүдийг сурталчилдаг гэж хэлж болно. АНУ өөрийн амьдралын хэв маяг, улсын эерэг дүр төрхийг түгээдэгтэй адил Cолонгос Улс ч мөн ийм бодлого явуулж монгол залуусын амьдралд нөлөө үзүүлж буйг үгүйсгэхгүй юм.

Сүүлийн арван жилийн хугацаанд киноноос гадна “К-ПОП” урсгал олон улсын анхаарлыг татаж, К-ПОП хамтлаг дуучид маш алдартай болсон. Одоогоор Солонгос улсад идэвхтэй уран бүтээл гаргадаг 115 К-ПОП хамтлаг байна. 

2015 оны байдлаар Дэлхийн нийт 86 улсад 35 сая гаруй Халлю-гийн шүтэн бишрэгчид байгаагаас  26 сая нь Азийн бүс нутагт, 7.6 сая АНУ-д мөн 1.6 сая нь Европын бүс нутагт байна. 

2012 онд Солонгосын шинэхэн дуучин PSY “Гангнам стайл” дуугаараа дэлхийг эзэлж байсан. Дууных нь үгийг сайн ойлгож мэдэхгүй ч дэлхий даяар түүний дуу, клип болон хөдөлгөөнд нь татагдсан байсан. Тус дуу 2012 онд  зөвхөн Youtube-ээр дамжуулан олсон орлого нь 8 сая ам.долларт хүрч, үзэгчдийн тоо 1.9 тэрбумд хүрсэн удаатай.

Хүчтэй соёлын бодлогод Солонгос Улсын төр засаг маш сайн дэмжлэг үзүүлсээр ирсэн. Үүний тод жишээ бол бусад улс оронд соёл, шинжлэх ухаан, спортын яам гэж байдаг бол Солонгос Улсад зөвхөн “соёлын” яам гэж байдаг байна. Тус яам дотроо поп-соёлын, хувцас загварын, К-попын газар гэх мэт бусад улс оронд байдаггүй соёлын салбар хэлтсүүдтэй үйл ажиллагаа явуулж байна. Ийнхүү Солонгос болон АНУ-ын явуулж буй поп-соёлын үйлдвэрлэл бусад улс оронд аль хэдийнээ нэвтэрч олны таашаал хүртсээр байна. 

Солонгосын поп-соёл, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалтыг дагаад Солонгос хоолны ресторан болон кофе шопууд манай улсад сүүлийн 10 жилд нэмэгдсэн. Монгол Улсад 2016 оны байдлаар хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт нийт 2,951 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийтийн хоолны салбарын орлого 2017 оны эцэст 298.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны үеийнхээс 67.4 тэрбум төгрөг буюу 29.1 % -аар өссөн үзүүлэлттэй байгааг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Яам мэдээлэв.Үүнд рестораны орлого 26.0 тэрбум төгрөг, кафены орлого 14.9 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн бөгөөд Улаанбаатар хотын кофе шопудын ихэнх тоог Солонгосын франчайзүүд эзлэж буй нь харагдах болсонтой та бүхэн маргахгүй байх.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй солонгос хоолны газрын тоо баримтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсээс тодруулахад 2015 оны байдлаар Улаанбаатар хотод нийт 100 гаруй солонгос хоолны газар үйл ажиллагаа явуулж байсан тоог мэдээллэсэн бөгөөд энэ тоо байнга өөрчлөгдөж байдаг гэв.

2017 оны байдлаар БНСУ болон манай улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрснээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болж худалдааны нийт эргэлт мөн 1.4 хувиар өссөнг харуулж байна. 1990 оноос хойш өнөөг хүртэл БНСУ манай улсад 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Мөн Солонгос улсын хөрөнгө оруулалттай 2,400 орчим аж ахуйн нэгж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буйг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим мэдээллээ.

Интернет, нийгмийн сүлжээний хөгжлөөр дамжуулан бусад улсын хэв маяг, нийгэм, ард иргэдийн сэтгэхүйд нөлөөлснөөр өөрийн улсаа үгүйсгэж бусдыг шүтэх явдал манай улсад ч мөн харагдах боллоо. Зарим улс орон өөрийн улсын соёл, үнэт зүйлс болон урлагийг хамгаалж хадгалахын тулд төр засгаас нь гадны соёлын үйлдвэрлэл орж ирэхэд тодорхой квот тогтоож дотоодын соёлын үйлдвэрлэлийг илүү дэмжин ажилладаг байна.

Дотоодын кино театруудаар сар бүр Холливүд болон Марвелийн кино нээлтээ хийж, дотоодын телевизийн олон сувгаар Солонгосын олон ангит кино орой бүр гарч харагддаг болоод удаж байна. Энэ тухай монголын телевизийн салбарын төлөөлөл болсон газруудаас үндэсний болон гадаадын контентуудыг хэрхэн тэнцвэржүүлж ажилладаг талаар товч тодруулга авах гэсэн боловч бүтэлгүйтэв.

Дээр дурьдсан гадаадын улс орнуудтай адил манай улс ч мөн гадаадын контентуудад тодорхой зохицуулалт хийх гэж оролдож байв. Тодруулбал, Монгол Улсын соёлын тухай хуульд 2016 онд шинэчлэн найруулга хийсэн бөгөөд хуулийн 15 дугаар зүйлд “Соёлын хүрээнд төрийн болон бусад байгууллага, иргэнээс явуулах үйл ажиллагаанд тавих хязгаарлалт” хэмээх заалт оруулж өгсөн байна. Тус заалтад олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна.

Мөн Олон нийтийн телевизээс бусад Монгол Улсад бүртгэлтэй өргөн нэвтрүүлгийн телевиз, радио, кабелийн сувгаар дамжуулж байгаа уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 50 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна хэмээн тус тус зааж шинэчлэлт оруулжээ.Тухайн хуулийн шинэчилсэн найруулга амьдрал дээр хэр зэрэг оновчтой бууж, хэргэжиж эхэлсэн талаар болон дотоодын телевизийн сувгууд хэрхэн мөрдлөг болгон ажиллаж буй талыг олж мэдэхэд хүндрэлтэй санагдлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тухайн үед тус хуулийн төслийг боловсруулан ажилласан УИХ, Засгийн Газрын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн news.mn мэдээллийн сайтад өгсөн яриагаас “Квотыг тогтооход Европ, Солонгос болон Вьетнам улсын соёлын дархлааг хамгаалах тогтолцоог судлан гаргасан. Энэхүү квотыг биелүүлэхийн тулд соёлын салбар тэр чигтээ хөдлөхөөр хууль болсон. Квот тогтоосон шинэчлэлийг хэрэгжүүлэхэд мөнгө хэрэгтэй, учир нь удаан цаг хугацаа, их хэмжээний хөрөнгө зарцуулж байж хийх шаардлагатай уран бүтээлд бол зайлшгүй төрийн дэмжлэг хэрэгтэй. Дээр нь маш бага зах зээлтэй, мөхөж алга болчих гээд буй ховор соёлоо сэргээн, амилуулахад мөнгө хэрэгтэй байдаг. Энэ мөнгийг бид улсаас гаргаж өгөх нь зүйтэй юм гэдэг утгаар Монгол уран бүтээл гэдэг Засгийн газрын хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөр 2015-2025 оны хооронд хэрэгжих байсан. Харамсалтай нь хөтөлбөр батлагдаж, хэрэгжсэн даруйдаа төсөвт мөнгө суулгаж батлаагүй” гэжээ.

Мөн тэрбээр “Засаг энэ мөнгийг буруугаар ашиглачихна. Тусгуулсан нам нь телевиз, радиог худалдаад авчихна гэсэн хардлага маш их байсан учраас энэ мөнгийг төсөвт суулгалгүйгээр унагасан. Манайхан хэвлэл мэдээллийн хуучны үзэл суртлын хэрэгсэл болгож ашигладаг гэсэн хуучин ойлголттойгоо байгаа учраас уран бүтээлд мөнгө өгнө гэдэг нь сонгуулийн “пи-ар”-д мөнгө өгч байгаа гэж ойлгодог учраас бие биенээ хардаад энэ төсвийг баталж өгөөгүй” гэж ярилцлага өгч байжээ.
Тэгэхээр энэхүү хуулийн төсөл засгаас хөрөнгө мөнгөний дэмжлэг аваагүй тул одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй зогсонги байдалтай байгаа бололтой.

Улаанбаатар хотын үзэгч өдөрт 292 минутыг телевиз үзэхэд зарцуулж байгаа нь өмнөх онтой харьцуулахад 4 минутаар өссөн тухай Максима Медиа компанийн бэлтгэсэн 2017 оны телевиз үзэлтийн судалгааны тайланд дурдсан байна. Үүнээс Монгол сувгуудыг шууд үзэхэд 66 хувь зарцуулагдаж, үлдсэн 34 хувь гадаад сувгуудын үзэлт бүрдүүлж байна. Эфирт хамгийн их хувь эзэлж буй хөтөлбөрт олон ангит кино, уран сайхны кино, дуу хөгжмийн хөтөлбөр байна. 2016 онд хамгийн их нийлүүлэлттэй байсан ТОП5 төрөл 2017 онд хэвээр хадгалагджээ.

Мөн уран сайхны киноны нийлүүлэлт 51% нь Монгол кино байсан нь гол өөрчлөлт байв. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 33.5 хувьтай байжээ. Нийт эфирийн цагийн 12 хувийг олон ангит кино бүрдүүлж байна. Монголд үйлдвэрлэсэн олон ангит кино нийлүүлэлтийн 4.9 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оноос 2.7 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. 

2017 оны дөрвөн улиралд хамгийн өндөр рейтингтэй олон ангит киноны эхний гуравдугаар байранд Солонгосын олон ангит кино тэргүүлсэн байна. Эхний улиралд “Тэ Жан Гым”, “Сүүдэрт ургасан цэцэг”, “Нисдэг зургаан луу”. Хоёрдугаар улиралд “Эхнэрийн урхи”, “ Ким Ду Хан”, “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн” тус тус орж. Гуравдугаар улиралд мөн “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сүн”, Хятадын олон ангит кино “Ухаарч амьдрах хорвоо”, “Ким Ду Хан” эзлэж. Дөрөвдүгээр улиралд “Нэрээ нууцалсан бүсгүй” болон “Ханаас урвагч Хон Гил Дон” нэг болон гуравдугаар байранд тус тус орсон бол Монголын олон ангит “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” кино дөрөвдүгээр улирлын хоёрдугаарт орсон байна.

Монголын телевизийн сувгуудаас хамгийн их үзэлттэй 15 сувгаас энэ сарын 24-25-ны өдрүүдийн байдлаар нийт таван суваг Солонгосын олон ангит киног өдөрт 1-3 ангийг давталттайгаар үзэгчдэд хүргэж байна.  

News.mn мэдээллийн сайт хүүхдэд зориулсан телевизийн хөтөлбөрийн тоо баримтын талаар судалгаа энэ сард гаргасан байна. Үүнд телевизүүд сард дунджаар 18 цагийн хүүхдийн нэвтрүүлэг, 21 цагийн хүүхэлдэйн кино гаргадаг бөгөөд хүүхэлдэйн киноны 96 хувь нь гадаадынх байдаг үр дүн гарсан байна.

Энэ бүхнээс харахад Монгол Улсад Америк болон Солонгос Улсын поп-соёлын нөлөө хүчтэйгээр нэвтэрч, монгол үзэгчдийн сонирхлыг үндэсний кино, нэвтрүүлгээс илүү татах болсон байна. Хөгжиж буй манайх шиг цөөхөн хүн амтай улс даяаршиж, дэлхийтэй хөл нийлүүлж алхах нь нэг талаараа сайн ч нөгөө талаар соёлын нөлөөгөөр амьдралын хэв маягт нэгэнт орж, үндэсний үнэт зүйлс, бахархлыг үгүй хийх хүчтэйг үгүйсгэхгүй тул бид үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх цаг болсныг хэлж байж болзошгүй юм.