Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Харилцаанд туслах “Шувуу” аппликэшнийг танилцууллаа

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Аутизмтай хүүхдүүдийг харилцаанд ороход туслах зорилгоор “Шувуу хөгжүүлэгчид” ТББ-аас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн харилцаанд туслах “Шувуу 1.0” тусгай зориулалтын аппликэшнийг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Дэлхий дахинд ийм төрлийн 4,000 гаруй аппликэшн байдаг байна.

Эхэндээ дан ганц аутизмтай хүмүүст зориулж бүтээх санаа байсан ч аппликэшн хөгжүүлэлтийн явцад харилцааны бэрхшээл тулгарсан харвалттай, саажилттай, сонсголын бэрхшээлтэй олон хүн хэрэглэж болохыг анзаарчээ. Тэд үүнийг хэрэглэж өөрийгөө илэрхийлснээр нийгэмтэй холбогдох, бусадтай найзалж нөхөрлөх, мэдээлэл солилцох боломж бүрдэх юм байна. 

Энэхүү аппликэшн “Монголын Аутизмын Холбоо” ТББ, “Аутизм Монгол-Анд” ТББ, “Монголын Дауны Холбоо” тэргүүтэй  олон байгууллага, хамт олон болон хувь хүний өргөсөн хандиваар бүтсэн гэдгийг “Шувуу хөгжүүлэгчид” ТББ-ын гишүүн Б.Алтангэрэл дурьдсан юм. 

“Шувуу” нийт 230 гаруй үгсийн сантай бөгөөд ашиглахад хялбар, ойлгомжтой байхаар бүтээгджээ. Мөн үгсийн сандаа өөрийн түгээмэл хэрэглэгддэг үгийг нэмэх боломжтой бөгөөд андройд болон iOS үйлдлийн систем дэмждэг бүх төхөөрөмж дээр татаж аван, хэрэглэх боломжтой. Давхар тухайн үгийг аудио хэлбэрээр сонсож болно. Ингэснээр сонсох, харах хоёр мэдрэхүй давхар ажиллаж, үг хэлж сурах, тухайн үгийг танин мэдэх боломж бүрдэнэ гэсэн үг. 

“Бид монгол хэлний түгээмэл 500 үгийг аппликэшндээ оруулах төлөвлөгөөтэй байсан ч одоогийн хэрэглэж болох 230 үг энгийн харилцаанд хангалттай гэж харж байна. Өнөөдөр 00 орохоо илэрхийлж чадахгүй байгаа хүнд тусалж байгаа нь хамгийн гол нь” гэж Б.Алтангэрэл хэллээ. 

“Шувуу”-г бүтээхэд хамгийн хэцүү нь үгийг зураг болгох үйл явц байжээ. Үгийг оновчтой илэрхийлэх, ашиглаж болох анимэйшн зураг интернетэд байхгүй байсан тул зургийг нэг бүрчлэн “Dual Z” студи зурж өгсөн байна. Мөн зургандаа монгол ахуйг шингээх гэж хичээсэн гэдгээ илэрхийлж байсан юм. Харин аудионы хувьд эрэгтэй, эмэгтэй хоолойны сонголттой байгаа.

Нээлтийн үеэр оюуны бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хөгжүүлж, тэдний нуугдмал чадварыг хөгжүүлэн эрүүл бие бялдартай, өөртөө итгэлтэй, аз жаргалтай амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг “Монголын Тусгай Олимпийн Хороо”-ны тэргүүн С.Оюун шувуу хөгжүүлэгчдэд баяр хүргээд нийгэмд өөрчлөлт авч ирэх ажлыг биелэл болгож байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм. 

Энэхүү аппликэшний талаар нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй бол shuvuu.mn сайтад зочлоорой.

ВИДЕО: