Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын ханхүү Израйльчуудыг өөрийн газар нутагтай байх эрхтэй гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү, тус улсын дефакто удирдагч гэгддэг Мохаммед бин Салман өчигдөр Израйль хүмүүсийг өөрийн газар нутагтай байх эрхтэй гэж хэлсэн нь бодлогын том эргэлт байлаа.

Саудын Араб, Израйль улсууд одоог хүртэл дипломат харилцаагүй байдаг. Гэхдээ хоёр орны хэлхээ холбоо сүүлийн жилүүдэд сайжирч байгаа.

Учир нь тэд хоёул Иран гэсэн том дайсантай бол хоёул АНУ-ын холбоотнууд юм. Мөн энэ хоёр улсад Исламын экстремистүүд адилхан аюул учруулсаар байгаа.

Саудын Араб, Израйлийн дунд байдаг харилцааны гол саад нь Палестины асуудал юм. Саудын эрх баригчид Палестины тусгаар тогтнолыг дэмжсээр ирсэн түүхтэй.

Харин саяхан АНУ-д айлчилсан Саудын Арабын ханхүү “The Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа анх удаа Израйл, Палестин хоёрын эрх ашгийг нэг түвшинд тавьсан мэдэгдэл хийжээ.

Сэтгүүлч Жефри Голдберг түүнээс “Жүүд хүмүүс өвөг дээдсийнхээ газар нутаг дээр төр улсаа байгуулах эрхтэй юу?” гэж асуухад “Хүн бүрт өөрийн эх орондоо амар тайван амьдрах эрх бий. Тиймээс Палестин, Израйль хүмүүс өөр өөрийн газар нутагтай байх адилхан эрхтэй гэдэгт би итгэдэг” гэж ханхүү хариулсан байна.

Тэр цааш нь “Гэхдээ бид талуудын тогтвортой байдал, хэвийн харилцааг хангах тохиролцоонд хүрэх ёстой” гэсэн юм.

Өнөөдрийг хүртэл Саудын Арабын ямар ч албаны хүн Израйлийн талаар ийм мэдэгдэл хийж байгаагүй. Иерусалем дахь Исламын ариун газар болох Аль Акша хийдийг зохих ёсоор хамгаалж байгаа тохиолдолд Палестин, Жүүд хүмүүс зэрэгцэн амьдрахад шашны асуудал байх ёсгүй гэж ханхүү хэлсэн байна.

Саудын Араб нь исламын шашны ариун газруудыг хамгаалах үүрэгтэй, шашны хэт хуучинсаг ёс дэгтэй орон тул бусдын шашин шүтлэгийг хүлээн зөвшөөрдөггүйгээрээ алдартай. Харин ханхүү Мохаммед бин Салман энэхүү хуучинсаг ёсыг халж, шинэчлэл хийхээр идэвхтэй ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP